Өмнөд Солонгосын тэмцэгчид Ким Чен Ун төдийгүй Хойд Солонгосыг ёжилсон “Ярилцлага” киног тус улсын хилээр давууллаа. “Sоny pictures” компанийн бүтээлийг олон мянган хувиар хэвлэж хилээр амжилттай түгээлээ хэмээн “Koreatimes.com” мэдээлжээ.
Пхеньяныг эсэргүүцэгч өмнөдүүд “Ярилцага” киноны 100 мянган хуулбараас гадна олон боодол америк доллар, Ким Чен Уны дэглэмийг шүүмжилсэн нэг сая ухуулга хуудсыг агаарын бөмбөлөгт хийгээд хил давуулан хөөргөсөн байна.
Тэмцэгчдийн ахлагч Ли Мин Бокын ярьснаар тэд өнөөдрийнх шиг олон тооны сурталчилгааны материалыг хилээр давуулахаас өмнө нэгдүгээр сард амжилттай болох эсэхийг нь шалгасан гэжээ.
Хилийн баруун хэсгээр давуулсан ухуулга сурталчилгааны материалууд Хойд Солонгосын сонин хэвлэл бага тараагддаг алслагдсан нутгуудад хүрсэн хэмээн ярьлаа. Мөн дэлхийгээс “тасарсан” тэдгээр хүмүүс киног лавтай үзсэн хэмээн найдаж байгаа гэлээ.
Тэмцэгчид өнгөрсөн сарын эхээр “Хойд Солонгосыг ёжилсон киног тус улсын хилээр заавал оруулж ард түмэнд нь үзүүлнэ” хэмээн амлаж байсан юм. Тухайн үед Пхеньян хэрвээ кино бичлэг болон ухуулах хуудсуудыг хилээр тараах юм бол хариуг нь цусаар авах болно хэмээн анхааруулж байсан билээ.
Хойд Солонгос болон удирдагчийг нь доромжилсон инээдмийн жанрын “Ярилцлага” киног “Sony pictures” компани бүтээсэн юм. Уг киног нээхээс өмнө компани хакерын халдлагад өртсөн бөгөөд үүндээ Хойд Солонгосыг буруутгасан.
Г.Үжин