Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна. Уг балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа нь Монголын ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул юм. Ариун хаврын тахилга балетыг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаад Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм. Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найрлыг удирдан тоглуулна.