Буутай этгээд Италийн хойд хэсэгт орших Милан хотын шүүх танхимд гал нээж ажилтнуудыг хөнөөсөн ноцтой хэргийн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Халдагч этгээд шүүх хурлын үеэр гурван хүнийг буудан хөнөөсөн байна.
Гэмт хэрэгтэн Клаудио Жиардиелло хэргийн газраас мотоциклиор зугтаасан байна. Цагдаа нар түүний араас хөөсний эцэст хотын захаас баривчилжээ.
Тэрээр хэрэг үйлдэх үед банк дампууруулсан хэргээр шүүгдэж байсан байна. Клаудио Жиардиеллог өөрийнх нь хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч, хам хэрэгтэн болон хэргийг нь шүүсэн шүүгч гурвыг буудан хөнөөсөн хэмээн үзэж байгаа юм.
Италийн “La Repubblica” сонины бичсэнээр Барилгын гуравдугаар танхимд шүүгдэж байсан Клаудио Жиардиелло буугаа гаргаж ирээд өмгөөлөгч Лорензо Алебрто Кларис Аппиани болон хамт хэрэгтэн Жиоржия Эрба нарыг буудсан хэмээн нүдэн гэрчүүд ярьсан гэжээ. Үүнийхээ дараа тэрээр шүүгчдийн өрөөнд очиж Фернандо Киампи нэрт шүүгчийг бууджээ. Хохирогч шүүгч мөн түүний хэрэг дээр ажиллаж байсан байна.
Хэрэгтэнг Милан хотоос зүүн хойд зүгт 25 км-т орших Моза тосгоны ойролцоо баривчилжээ.
Милан хотын оршин суугчид хэрэгтэн өндөр хамгаалалттай шүүхийн байшинд хэрхэн зэвсэгтэй нэвтрэв, яаж зугтааж чадав гэсэн асуултыг холбогдох албаныханд тавьж байна. Учир нь шүүхийн танхимд нэвтрэхдээ хүмүүс металл илрүүлэгчээр шалгуулдаг аж.
Италийн Ерөнхий сайд Маттео Рензи болон Дотоод хэргийн сайд нар хохирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Г.Үжин