Америкийн сансар судлалын байгууллага НАСА харь гаригийнхны амьдралын ул мөрийг илрүүлэхэд нэлээд ойртсон хэмээн мэдэгдсэн тухай “Guаrdian” агентлаг мэдээллээ.
НАСА-гийн ахлах эрдэмтэн Эллен Штофан хэвлэлийнхэнд ярихдаа “Мэдээж хэрэг “Оддын дайн” кинонд гардаг шиг харь гаригийнхныг бид олохгүй байж болно. Гэхдээ л харийн амьдралын ул мөрийг илрүүлэхэд ойртсон. Бид жижигхэн ногоон хүн дүрстнүүдийн талаар яриагүй юм шүү, харин бичил биет нянг ярьж байна. Бид 10 хүрэхгүй жилийн дотор буюу цаад тал нь 2025 он гэхэд дэлхийгээс цааших амьдралын ул мөрийг илрүүлнэ гэж би бодож байна” гэжээ.
Харин 2025 оноос хойш 20, 30 жилийн дараа олсон нээлтээ баталж чадна гэдгийг онцолжээ. Тэрээр “Бид хаана хайх ёстой, яаж хайх ёстой гэдгийг мэднэ. Учир нь бид технологийг нь хөгжүүлчихсэн бөгөөд зөв зам дээр яваа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
НАСА-гийн шинжээчид Церера, Бархасбадийн дагуул Европа зэрэг гариг дээрээс усны ул мөр олсон аж. 1990 оноос хойш ашиглаж байгаа Хаббл сансрын дуран авай энэ мэт нээлтийг хийхэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Хатагтай Штофан хэлэхдээ “Бид Хаббл дуран авайг ашиглан Бархасбадийн дагуул Ганимед дээр давстай ус, гадарга доор далай зэрэг байгаа илрүүлсэн учраас дараагийн нээлтийн цаг хугацааг ийм итгэлтэй нарийвчлан хэлж байна” гэв.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)