Египетийн шүүх үймээн самуун, бослого өдөөсөн хэрэгт буруутгаж олон зуун хүнд цаазаар авах болон бүх насаар хорих ял оноосон тухай “CNN” мэдээлжээ.
Тус улсын Дээд шүүх “Исламын ахан дүүс” намын өнөөгийн удирдагч Мохаммед Бади болон бусад 13 гишүүнд цаазын ял оноосон байна. Мөн уг нэгдэлтэй холбоотой гэх 51 хүнд бүх насаар нь хорих ял оноожээ.
Хоёр жилийн өмнө Египетийн цэргийнхэн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Мохаммед Морсийг суудлаас нь буулгаж, түүний “Исламын ахан дүүс” хөдөлгөөнийг засгийн эрхээс зайлуулсан юм. Үүний эсрэг “Исламын ахан дүүс” намын дэмжигчид бослого тэмцэл өрнүүлснээр Египетийн засгийн газар тэднийг террорист бүлэглэл хэмээн зарлажээ. Мохаммед Бади өнгөрсөн оны наймдугаар сард цэргийнхэнд баригдсан юм.
Г.Үжин