Египетийн Синайн хойгт дараалсан террорист халдлагууд болж олон арван хүн амиа алдсан тухай “BBC” мэдээллээ. Синайн хойгт болсон халдлагуудаар 14 хүн амиа алдсан байна.
Ням гарагт Эл-Ариш хотын цагдаагийн газарт бөмбөг дэлбэлснээр найман хүн амиа алдаж, 45 хүн гэмтэж бэртсэн байна. Гурван давхар цагдаагийн байр ихээр нурсан тул амиа алдагсдын тоо нурангид дарагдсан хүмүүсээр нэмэгдэж болохыг анхааруулжээ.
Үүний араас Египетийн хойд хэсгийн Шейх Зувейд тосгоны ойролцоо хуягт тээврийн хэрэгсэлтэй террористууд халдсанаар зургаан цэрэг амиа алдаж, 2 нь хүнд гэмтсэн байна.
Олон хүнийг хөнөөсөн алан хядах ажиллагааг хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн дайчид үйлдсэн хэмээн өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна. Гэвч халдлагад гар биеэр оролцогсод нь хэт даврагсад гэхээсээ илүү Мохамед Морсиг дэмжигчид байсан хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак 2011 онд засгаас хөөгдсөнөөс хойш Синайн хойгт эмх замбараагүй байдал газар авсан билээ. Хосни Мубаракийг залгамжлагч Мохаммед Морси 2013 онд шахан зайлуулагдсаны дараа босогчид тус бүс нутагт дайралтаа эрчимжүүлэх болсон юм.
Эрх баригчид Мохаммед Морсиг дэмжигчид террорист бүлэглэлд нэгдсэн хэмээн мэдээлж байгаа нь ч үнэний ортой. Тухайлбал, өнгөрсөн 11 дүгээр сард Синайн хойгийн Ансар Бэйт Ал-Макдис бүлэг Исламын улстай нэгдэж буйгаа зарласан юм. Гэвч энэ хооронд цэргийн эрх баригчид Морсиг дэмжигч “Исламын ахан дүүс” намын тэргүүн болон идэвхитэн тэмцэгчдэд цаазаар авах ял оноогоод байгаа юм.
Г.Үжин