Олон улсын хэмжээний шатрын томоохон тэмцээний үеэр Гүржийн алдартай шатарчин буруу замаар будаа тээх гэж байгаад баригджээ.
Гүржийн их мастер Гайоз Нигалидзе Арменийн тоглогчтой тоглох үедээ ариун цэврийн өрөө орохыг хүссэн байна. Тэрээр ариун цэврийн өрөөнд биеэ засахын оронд iPhone-оо гаргаж ирээд тоглолтын дараагийн нүүдлийг хэлж өгөхийг ухаалаг гар утаснаасаа “гуйсан” нь илэрч, олон улсын шившиг болоход хүрчээ.
Дубайн нээлттэй тэмцээнд тэрээр Арменийн тоглолгч Тигран Петросиантай тоглож байжээ.
Хэрвээ Гайоз Нигалидзе буруутай нь тогтоогдвол түүний олон улсын тэмцээнд оролцох эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хасна хэмээн хүлээгдэж байна.
Арменийн шатарчин Тигран Петросиан өрсөлдөгчөө тодорхой хугацааны дараа байн байн ариун цэврийн өрөө орж байна хэмээн гомдол гаргасны дараа зохион байгуулагчид Гайоз Нигалидзег анхааралдаа авсан аж. Албаныхан түүнийг шалгахад ариун цэврийн өрөөний нойлын цаас таслагч дотор ухаалаг утсаа цаасанд боож нуусныг илрүүлжээ.
Гүржийн шатарчин утсыг өөрийнх нь биш хэмээн няцааж байгаа аж. Харин утсан дээр нээлттэй байсан шатрын программ түүний нүүдлийг зааж өгч байсан тул буруутгахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Дубайн нээлттэй тэмцээний аварга 12 мянган ам.доллараар шагнуулах юм.
Олон улсын шатрын холбооноос Булхайцлын эсрэг хороог өнгөрсөн жил үүсгэн байгуулсан юм. Түүнээс хойш энэ нь их мастер цолтой шатарчин булхайцахыг завдсан анхны хэрэг хэмээн бүртгэгджээ.
2008 онд Дубайн нээлттэй тэмцээнээс Ираны тоглогч ухаалаг утсаа тоглолтод ашигласан хэргээр буруутгагдаж байв.
Г.Үжин