Өмнөд Африкт цагаагчдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргээр 300 гаруй хүнийг баривчлан байцааж байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр тэдгээр хүмүүс Африкын бусад орнуудаас ирсэн иргэдийг хэт үзэн ядах болж амь насанд нь заналхийлж эхэлсэн аж.
Дотоод хэргийн саяд Малуси Гибагагийн ярьснаар өнгөрсөн хоёр долоо хоногт л гэхэд зургаан цагаач иргэн орон нутгийн “анчид”-ын гарт амиа алджээ. Тиймээс энэ хэрэгт буруутай этгээдүүдэд заавал хуулийн хариуцлага ногдуулна хэмээн мэдээлж байна.
Цагаачид ажлын цалин голдоггүй тул ажил олгогчид тэднийг хөлслөхийг илүүд үзэх болжээ. Ингэснээр ажлын байраа алдсан орон нутгийнханд гадны иргэд ажлыг нь булаасан хэмээн буруутгах үзэл бий болсон байна. Тиймээс цагаачдын олноор ажилладаг дэлгүүр, үйлчилгээний газруудад зэвсэгт халдлага үйлдэх явдал газар авчээ.
Зумагийн жийрхэл
Ерөнхийлөгч Якоб Зума өнгөрсөн бямба гарагт цагаачдын хүчирхийллийн эсрэг олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Тэрээр “Өмнөд Африкын үнэ цэнийг алдагдуулж буй энэ хүчирхийлэлд цэг тавих болно” хэмээн хэлжээ.
Гэвч Зумаг илтгэл тавих үед цугларсан олны зарим хэсэг Ерөнхийлөгчийг хүчирхийллийн эсрэг арга хэмжээг хэтэрхий удаа зохион байгуулж байна хэмээн буруутгасан нь түүнийг жийрхэхэд хүргэсэн байна.
1994 онд Өмнөд Африкт цагаан арьст цөөнхийн ёсыг халснаас хойш Африк, Азийн орнуудын иргэд цагаачлан ирэх болжээ. Ингэснээр цагаачид ажилд ихээр орох урсгал нэмэгдсээр Өмнөд Африкт үндэстний хувьд ажилгүйдлийн түвшин 24 хувьд хүрчээ.
Албан ёсны судалгаагаар тус улсад хоёр сая орчим гадаад үндэстэн амьдарч байгаа аж. Энэ нь Өмнөд Африкийн хүн амны дөрвөн хувийг эзэлж байгаа юм. Гэвч албан бус эх сурвалжууд цагаачдын тоо хэдийнэ таван сая хүрсэн хэмээн мэдээлдэг байна.
Зимбабве, Малави, Мозамбик зэрэг хил залгаа орны иргэд Өмнөд Африкт олноор цагаачилдэг байна.
Г.Үжин