Ө

Тэд энэ сарын 3-нд тус аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газарт гарсан ой, хээрийн түймрийг унтрааж байгаад амь насаа алдсан гурван алба хаагчийн гэрт очиж, биечлэн уулзаж, эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эмгэнэлийн бичгийг ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн байна.
Түүнчлэн Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас таван жилийн цалин, тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгө өгснийг хүлээлгэн өгчээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч, 38 настай Ч.Намжилдаш албандаа 16 жил зүтгэхдээ аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажилласан байна. Түүний эхнэр, гурван хүүхэд нь үлдэж байгаа бөгөөд өндөр настай аав ээж, ах дүүс нь гашуудалт мэдээг дуулангуутаа Улаанбаатар хотоос Чойбалсан хотноо ирээд байжээ. Ч.Намжилдашийн ар гэрт Засгийн газрын нөөц сангаас олгосон 79,4 сая төгрөгийг хүлээлгэн өглөө.



Мөн талийгаачийн ар гэрийнхэн хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэж яваад амь насаа алдсан гурван гал сөнөөгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөт цогцолборыг орон нутагтаа барьж өгөхийг Шадар сайдаас хүсчээ. Харин ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын салбарын албан хаагчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөөт цогцолбор Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд жил бүрийн тодорхой өдөр салбарынхан нь уг хөшөөнд хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтсон. Гэхдээ та бүхний саналыг хүндэтгэн үзэж, асуудлыг судлан шийдвэрлэхээ амлаж байна” гэлээ.
Б.Чимэг