Долоо хоногийн өмнө болсон газар хөдлөлт Балба улсад хэмжээлшгүй их хор хохирол авчирч байна. Балбын Үндэсний Онцгой байдлын ажиллагааны төвийн мэдээлснээр гамшигт амиа алдагсдын тоо өчигдөр 7000 давжээ. Тодруулбал өнөөдрийн байдлаар нийт 7040 хүн газар хөдлөлтөөр амиа алдсан болохыг бүртгээд байгаа юм.
7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд амиа алдагсдаас гадна нийт 14 мянган хүн бэртэж гэмтжээ.
Хэдий гамшиг ард хоцорсон ч балбачуудын зовлон үргэлжилсээр байна. Хайртай дотны хүмүүсээ алдсан тэд орох оронгүй, идэх хоол, уух усгүй зовж байна. НҮБ-ын мэдээлснээр 3000 хүнд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй бол 130 мянган хүн гадаа хонож байна. Тэдэнтэй адил ердөө 24 мянган хүн түр кэмпэд хоргодож байгаа аж. Энэ олон тооны хүн уух усны төлөө олон шөнө оочерлож байна.
Хор хохирлын хэмжээгээрээ Японы цунами, Баруун Африкын Эбола халдварт өвчний дараа тооцогдох дэлхийн хэмжээний аймшигт сүйрлийг сурважлахаар олон улсын томоохон агентлагууд бүгд л сэтгүүлч, гэрэл зурагчдаа Балбад явуулжээ.
Энэхүү байдлыг зарим хэвлэлүүд Балба улс нуранги, цогцос, зовлонгоос гадна гэрэл зурагчид, сэтгүүлчдийн хөлд дарагджээ хэмээн дүрсэлжээ.
Гамшгийн байдал хэр гэдгийг газар дээр нь ажилласан гэрэл зурагчдын фотонуудаар хүргэе.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)