Энэ сарын 25-нд Балбад асар хүчтэй буюу 7.8 магнитуд хүчтэй газар хөдөлснөөс Эверест уулын өндөр 2.54 см-ээр багассан тухай “Guardian” агетлаг мэдээллээ.
Газар хөдөлснөөс хойш дөрөв хоногийн дараа дэлхийн хамгийн өндөр цэг Жомолунгма уулан дээгүүр өнгөрсөн Европын “Страж-1” хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн эрдэмтэд энэхүү дүгнэлтийг гаргасан байна.
Харин Кэмбрижийн их сургуулийн Профессор Рожер Билхам уулын оргилыг 1-2 мм намссан гэж үзэж байгаа аж. Түүнийхээр мөн Гималайд байх Аннапурн хэмээх уулын тогтоц харин 20 см-ээр “өссөн” бололтой.
Германы агаар-сансар судлалын төв Катманду хотын газрын хөрс 91 орчим см-ээр өндөрссөн гэсэн дүгнэлт гаргажээ.
Байгалийн аймшигт үзэгдлээр 7000 гаруй хүн амиа алдсанд бүртгэгдэж, 15 мянган хүн гэмтэж бэртсэн билээ. 600 мянга гаруй байшин барилга нурсан бөгөөд нуранги дороос цогцос илэрсээр байгаа тул амиа алдагсдын тоо өснө хэмээн таамаглаж байна. Балбын Ерөнхий сайдын мэдээлснээр ойролцоогоор 10 мянга орчим хүн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хэмээн барагцаалж байна.
Г.Үжин