Кубын Ерөнхийлөгч Раул Кастрогийн охин Мариэла Кастро ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал зохион байгуулсан талаар “BBC” мэдээлжээ.
Нийслэл Хаванагийн төв гудамжинд болсон жагсаалд гей, лесби, бисексуэл, трансжендер мянга гаруй хүн оролцож, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг шаардсан байна.
Кубын нөхөн үржихүйн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, хатагтай Кастро энэ үеэр “Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Аргентин, Уругвай, Мексикт хэдийнэ хуульчилсан. Бид ч бас тэдэнтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Энд зөвхөн бусдаас түрүүлэх, анхдагч байх асуудал яриагүй. Хүний эрхийг дээдлэх талаар ярьж байна” гэжээ.
Хэдийгээр Кубад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөггүй ч жагсаалын үеэр олон арван хос эсэргүүцлээ илэрхийлэн бэлгэдлийн чанартайгаар хуримлаж, сүмийн хамба лам нараас адис хүртжээ. Фидель Кастро төрийн эрхийг дүүдээ шилжүүлснээс хойш Кубад бүхий л талбарт олон зүйл өөрчлөгдөж буйн дунд хоёр жилийн өмнө Кубын хуулиар ажлын байран дээр хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон билээ.
Г.Үжин