Нээлтээ хийхдээ асар их ашиг олно хэмээн хүлээгдэж байсан Жон Картер кино уолт Диснейд түүхэнд байгаагүй хохирол учруулсан тухай тус компанийн зүгээс мэдээллээ. Ангараг гаригт очсон цэргийн ахмадын тухай кино нийтдээ 200 сая ам.долларын алдагдал авчирна хэмээн хүлээгдэж байгаа аж.
Тодруулбал, Жон Картер кино 250 сая ам.долларын өртгөөр бүтээгдсэн бөгөөд маркетингийн ажилд 100 сая нийлээд 350 сая ам.доллар зарцуулсан байна. Харин кино компани дэлхийн кино театруудад цацсан орлого нь ердөө 184 сая ам.доллар аж. Тиймээс Уолт Дисней 166 сая доллар буюу түүхэнд байгаагүй хохирол амслаа хэмээн мэдээлсэн байна.
Энэхүү мэдээллийн өмнөхөн дэлхийд тэргүүлэгч кино компанийн хувьцаа нэг хувиар унасан аж.
Шүүмжлэгчид Жон Картер киног ойлгоход төвөгтэйгөөс гадна 2 цаг 30 минут хугацаанд үргэлжилсэн хэт уйтгартай түүх хэмээн сөргөөр үнэлж байсан юм.
Киног “Пиксарс” студийн “Немогийн эрэлд”, “Wall E” зэрэг алдарт бүтээлүүдийн найруулагч Эндрью Стэнтон найруулсан билээ.
Уолт Дисней тавдугаар сард нээлтээ хийх The Avengers болон зургаадугаар сард гарах Brave кинонуудаас ихээхэн ашиг олж шархаа нөхнө хэмээн хүлээж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)