Казахстаны Байконур дахь сансрын хөлөг хөөргөх төвөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Оросын “Прогресс М-27М” хөлгийг амжилттай хөөргөсөн. Гэвч уг хөлөг зорьсон газраа хүрч чадалгүй замдаа шатаж эхэлсэн талаар манай сайт мэдээлж байсан билээ. Түүний сэг хаана унаж болох талаар мэргэжилтнүүд янз бүрийн таамаг дэвшүүлээд байсны дунд Монголын нутагт ч багтаж байсан юм.
Харин Оросын хэвлэлийн мэдээлснээр тавдугаар сарын 8-нд Москвагийн цагаар өглөөний таван цагт хөлгийн сэг болох хэсгүүд Чилийн өмнөд эргээс баруун зүгт 800 км-ийн зайд Номхон далайд унажээ.
Хөлөг жагсаалтаас гарсан хохирлын хэмжээ таван тэрбум рублиэр хэмжигдэх аж. НАСА-гийн мэдээлж байснаар сансрын хөлөгт хоол хүнс, шатахуун, хүчилтөрөгч, сэлбэг хэрэгсэл, шинжлэх ухааны туршилт хийх тоног төхөөрөмж зэрэг гурван тонн гаруй ачаа тээн явж байжээ.