
Ингээд зогсохгүй тэмцлийн хэлбэрт шилжиж, нөхөрөө батлан даалтанд гаргахын тулд бүхий л арга замыг сонгож байна. Сүүлийн үед болж байгаа Н.Энхбаярыг суллуулах гэсэн тэмцлийн олон хэлбэрийг санаачилагч, зохион байгуулагч нь О.Цолмонг гэж хүмүүс таамаглаж байна. Хэрийн эмэгтэйгээс ийм томоохон акц, санаачилга гарахгүй. Эндээс л түүнийг хэн болохыг ойлгож болно. Тэрбээр нөхрийнхөө тухай “Надад эцсийн эцэст хань минь л хэрэгтэй. Би нөхрийгөө бие нь яах бол гэж өрөвдөж байгаа. Би Н.Энхбаяр гэдэг хүний эхнэр болсноороо, цайг нь чанаж явснаараа бахархаж байна. Түүнтэй амьдарснаар миний амьдрал хэд дахин баялаг болсон” хэмээн хэлсэн юм. Үнэхээр түүнд хань нь л хэрэгтэй учраас олон түмний өмнө тодорхой мэдэгдлүүд хийж, бусдыг уриалж, төрийн өндөрлөгүүдэд захидал илгээж, хууль шүүхийн байгууллагыг шүүмжилж, заримдаа хууль зөрчсөн үйлдлүүд хийж явна. Эхнэрийн хувьд эцсээ хүртэл хичээл зүтгэж гаргаж байгаа энэ санаачилгуудыг нь буруутгах ямар ч үндэсгүй. Хууль зөрчсөн гэх зарим үйлдүүдийг нь ч ойлгож болох юм.
О.Цолмонгийн хэлсэн өөр нэгэн зүйл ихээхэн анхаарал татна. Нөхөртэй нь найзалж нөхөрлөж, удирдлагад нь явсан хүмүүсийн харилцаа хандлага түүнд маш том гайхал төрүүлж байгаа гэсэн. Энэ тухай “Манай хүний “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэж номоо нэрлэсэн нь яг л үнэн гэж бодож байна. Албан тушаалтнууд ер нь дайжиж байгаа. Тухайн үед манай нөхөртэй биш албан тушаалтай нь найзалж байсан юм байна л даа. Энгийн ард түмэн бол сэтгэлээа барь гээд өдөр шөнөгүй ярьж байгаа. Ард түмний дулаан, бүлээн сэтгэл л надад хүч өгч байна” хэмээн учирласан юм. Аргаа барсан, гайхаж эргэлзсэн, өнөөгийн хүмүүсийн тэр дундаа албан тушаалтнуудын мөн чанарыг таньсан хүний л үг. Манай дарга нар хүнийг мандаж явахад Н.Энхбаярын хэлдэгээр “бөгс долоогоод”, асуудалд орохоор нь хаяж зугтдаг гэдгийг өнгөрсөн хэд хоногийн үйл явдал нотолж байна. Н.Энхбаярыг дарга нар биш жирийн ард иргэд л өмгөөлж хамгаалж байна. Н.Энхбаярын төлөө түүний дэмжлэгээр улс төрд орж, томоохон албан тушаалд томилогдсон хүмүүс биш энгийн ардууд л өлсөглөн зарлаж хэвтэнэ.
Ийнхүү Н.Энхбаяраас албан тушаалтнууд дайжиж байна. Харин салсан сарнисан гэх эхнэр нь олны өмнө гарч нөхрөө сулуулахын төлөө уйгагүй тэмцэл хийж буй нь олон хүнд эерэг, халуун дулаан сэтгэгдэл төрүүлж байна.
Ч.Сайхнаа
Сэтгэгдэл (3)