Саудын Арабын ван Салман Бен Абдель Азиз АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас уучлал гуйжээ. Тэрээр энэ долоо хоногт Вашингтонд хийх гэж байсан айлчлалаа цуцалсандаа хүлцэл өчсөн байна.
Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог улсуудын тэргүүн нартай АНУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр уулзах юм. Энэ уулзалтад Саудын Арабын ван оролцож чадахгүй аж.
Үүнийг АНУ хийгээд Ойрхи Дорнодын энэ Вант улсын хооронд ноцтой санал зөрөлдөөн байгаагийн илрэл гэж олонх ажиглагчид үзэж байна. Йеменд босогч хоудичуудын эсрэг явуулж буй Саудын Арабын цэргийн ажиллагааг АНУ дэмжиж байгаа ч, бүс нутагтаа нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө Ирантай өрсөлдөж байгааг нь огт зөвшөөрөхгүй байгаа юм.
Түүнээс гадна Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хөөрөөн дээр АНУ-ын баримталж буй чиг шугамд Саудын Арабын эрх баригчид сэтгэл дундуур байгаа аж Ван Салман өөрөө очиж чадахгүй ч үе залгамжлах ханхүү Мохаммед Бен Найефийг орлогч Мохаммед Бен Салманы нь хамт Вашингтон руу явуулах юм байна.
Г.Үжин