Ялалтын баярын үеэр Европын холбооны хоёрхон улс ОХУ-д айлчилсны нэг нь Чех юм. Оросын Эх орны дайны Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоос татгалзсан ч Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Москвад айлчилж, Владимир Путинтай уулзсан.
Энэхүү уулзалтын дараа тэрээр хэвлэлд ярилцлага өгчээ. Ерөнхийлөгч Милош Земан сэтгүүлчидтэй ярилцахдаа ОХУ ирээдүйд ямар шийдвэр гаргах тухай санал бодлоо хуваалцсан байна. Милош Земан Оросыг 20 жилийн дараа Европын холбооны гишүүн болчихсон байна хэмээн харж байгаа гэнэ.
Тэрээр “Бидний эдийн засаг биенээ нөхөж байдаг шүү дээ. Орос орчин үеийн технологиор гачигдаж, Европын холбоо эрчим хүчний нөөцөөр дутагдаж байна. Орост чөлөөт сонгууль явуулж, сөрөг хүчин оршин байж, бүс нутгуудад нь төвлөрөл задарч, өөрийгөө удирдах зарчим хэрэгжиж байна. Түүнчлэн Украины байдал тогтворжих хандлагатай байгаа тул Европын холбоо Орост тавьсан хоригоо энэ оны эцэс гэхэд хоригоо бүрэн цуцалж магадгүй” хэмээн ярьжээ.
Мөн Милош Земан Герман, Франц зэрэг НАТО-гийн тэргүүлэх орнууд Украиныг энэ эвсэлд оруулахыг хүсэхгүй байгааг онцолжээ.
Г.Үжин