МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр АТГ-аас баривчлан, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Түүнийг авилгалын хэргээр буюу Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж, цагдан хорьсон. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд АТГ-аас газраас яллагдагчаар татах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлснээр түүнийг яллагдагчаар татаж, хоёр сар цагдан хорих болсон билээ.
Гэвч тэрээр уг шийдвэрийг эсэргүүцэж, энэ сарын 4-ны өдөр хуурай өлсгөлөн зарласан. Харин маргааш нь буюу тавдугаар сарын 5-ны өдөр бие нь муудсан учраас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Хэдийгээр цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтүүлсэн ч биеийн байдал нь эрс муудсан учир өнгөрсөн 9-ний өдөр Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт хүргэгдсэн ч тэрээр өлсгөлөнгөө зогсоогүй учир түүний бие улам муудсаар байгаа юм. Энэ хугацаанд түүний талаар УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагууд, ар гэрийнхэн нь юу хэлснийг 24tsag.mn сайт түүвэрлэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Сайхансамбуу: Н.Энхбаяр, Ю.Тимошинко хоёр ижил нөхцөлд байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Н.Энхбаярын амь нас хутганы ирэн дээр байна. Н.Энхбаяраар удирдуулж, цуг сууж байсан хүмүүс харсаар байж ингэж амь насыг нь бүрэлгэчих юм уу?
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг: Н.Энхбаярын асуудлыг иргэн гэхээсээ Монгол Улсын ерөнхийлөгч асан, нийт сонгогчдын 50 шахам саналыг гурван жилийн өмнө авсан хүн гэдгээр хандах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Энхбат: Н.Энхбаярын араас эрх баригчдаас хоёр бус, хорин хэдэн хүн шалгагдах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Арвин: МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан манай намын бүлэг хуралдсан. Хуралдаанаас түүнийг батлан даалтад гаргах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Түүний эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Түүний батлан даалтад гаргаад биеийн байдал нь сайжрахаар шалгаж, асууж болно шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Очирбат: Эмч хүний хувьд энэ хүний ам нас, эрүүл мэндийг чухалчилж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Өлсгөлөн зарлаад ес хоночихлоо. Одоо юуны түрүүн тэр хүний биеийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах хэрэгтэй. Хүний ам нас гэдэг хамгийн нэгдүгээр тавигдах ёстой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Т.Батболд: Н.Энхбаяр цагдан хорих байрнаас гарахдаа гутлаа өмсөхгүй, өмсүүлсэн гутлыг нь тайлж хаях зэргээр авирласан нь манай байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Иймд түүнийг өргөж гаргахаас өөр аргагүй байдалд орсон. Харин Клиникийн хоёрдугаар эмнэлэг рүү өөрөө ямар ч албадлагагүйгээр, хэний ч туслалцаагүйгээр алхаж орсон.
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Н.Энхбаяр өөрийнхөө хүсэлтээр өлсгөлөн зарласан. Н.Энхбаяр илүү эрхтэй гэсэн заалт хуулинд байхгүй. Ер нь өлсгөлөнг хүн өөрөө эхэлж санаачлан зарладаг. Өөрийнх нь л зогсоох шаардлагатай асуудал. Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өлсөж байгаа. Түүнийг ямар нэгэн төрийн байгууллага, хэн нэгэн хүн өлсөхийг шаардаагүй. Тэгэхээр амь насанд нь ийм эрсдэл учирч байгаа үед би эмчилгээ хийлгэх ёстой гэж бодож байна.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: Хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна.
УИХ-ын гишүүн Н.Гүндалай: Н.Энхбаяр бүхнийг урьдчилан тооцсон байсан.
УИХ-ы гишүүн Х.Тэмүүжин: Н.Энхбаяр маш том аалзны торны сүлжээг задлах гэрч болж байгаа. Тиймээс хорлогдох вий гэж айж байна. Хуулийнхаа дагуу шийдэх асуудал. Эрүүл мэндийнх нь байдал муу байгаа бол суллах л хэрэгтэй. Хуулиндаа энэ талаар заасан байгаа шүү дээ.
АТГ-ын МША-ны дарга Э.Амарбат: Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн, завшсан Н.Энхбаярыг үргэлжлүүлэн шалгана.
Английн парламентийн дээд танхимын гишүүн Лорд Смит: Н.Энхбаярыг буруутгасан хэргийн үндэслэл материалтай бүрэн танилцаагүй байгаа. Гэвч түүнийг байцаахгүй хориод байгаад гайхаж байна. Аль ч улс оронд сэжигтнээр хорьсон хүнийг удаан хугацаагаар хорьдоггүй.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Н.Энхбаярыг би гэм буруутай гэж үзэхгүй байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа. Өөрийг нь гэм буруутай мэт яриад яваа байгаа хүмүүсийг Н.Энхбаяр шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэхээр заргалдахгйү байгаад би гайхаж байна. Гэхдээ Н.Энхбаяр төрийн албанд байхдаа "Хуулиа баримтал, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, Үндсэн хуулийг ягштал биелүүл. Хуулийг биелүүлэхгүй байх явдлыг би хэрхэвч тэвчихгүй" гэдэг үгийг амны уншлага болгож байлаа. Н.Энхбаярын үед байсан хуулиуд одоо ч хэвээрээ байна. Тэгсэн мань хүн одоо өөрөө хуулийг нулимж байна.
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир: Н.Энхбаяр үхэх гээд байгаа юм бол хоол идэхэд л болоо биз дээ.
/24tsag.mn/