УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх төрийн албаны томилгоо үргэлжилсээр байна. АН засгаас гарсны дараа шадар сайд Н.Алтанхуягийн эрхлэх ажлын харьяанд байсан УБЕГ Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд шилжсэн

УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх төрийн албаны томилгоо үргэлжилсээр байна. АН засгаас гарсны дараа шадар сайд Н.Алтанхуягийн эрхлэх ажлын харьяанд байсан УБЕГ Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд шилжсэн. Ингэснээр сонгуулийг шударга явуулахад гол найдлага тавьж ирсэн иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил Ц.Нямдорж сайдын харьяанд ирсэн юм. Энэ үйл явдлын дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Мөнхбаатар ажлаа өгч түүний оронд Л.Амарсанааг томилсон. УБЕГ-ын дарга Л.Амарсанаа ажлаа авсан даруйдаа Иргэний бүртгэлийн газар, Хууль зүйн бүртгэлийн газар, Эд хөрөнгийн бүртгэлийн газрыг татан буулгасан. Өмнө нь УБЕГ-ын дэд даргын албыг хашиж явсан түүний орыг залгах хүнийг саяхан Төрийн албаны зөвлөл Засгийн газарт нэр дэвшүүлжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Тус албан тушаалд УБЕГ-ын Бүртгэлийн хяналтын газрын дарга Ц.Ганзориг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гадаад хамтын ажиллагаан хэлтсийн дарга Г.Билгүүн нарын нэрийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн саналаар оруулж ирсэн. Ийм учраас сонгон шалгаруулалт явуулалгүй Г.Билгүүнийг нөөцөөс нөхөн томилохоор санал болгосон” гэлээ.