Украины Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөх эрхтэй байгууллага болох Өөрчлөлтийн олон улсын зөвлөлийг Гүржийн Ерөнхийлөгч асан Михайл Саакашвили тэргүүлэх болжээ.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд Америкийн Сенатч Жон Маккейн, Европарламентын гишүүн Яцек Сариуш-Вольский болон Европын холбооны улсуудад сайдын алба хашиж байсан улстөрчид багтсан байна. Уг шийдвэрт Ерөнхийлөгч Петр Порошенко энэ сарын 13-нд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон аж. “Олон улсын шилдэг туршлага дээр түшиглэн Украинд өөрчлөлт шинэчлэлт хийх заавар боловсруулах” нь Зөвлөлийн гол үүрэг байх юм.
Украины Ерөнхий сайдын орлогчоор ажиллуулах санал тавьсныг Саакашвили өнгөрсөн сарын эцсээр хүлээж аваагүй гэнэ. Тэгээд өөрийн ард түмэнд туслахаар Гүрж рүүгээ буцах бодолтой гэж тэрбээр мэдэгдсэн байна. Гэвч Саакашвилийг Тбилисийн шаардсаны дагуу Гүржид шилжүүлж өгөхөөс Киев татгалзжээ. Саакашвили Украины Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр хоёрдугаар сард томилогдсон юм. Түүнийг Гүрж улс нь эрүүгийн хэд хэдэн хэргийн учир эрэн сурвалжилж буйгаа зарлачихаад байгаа. Улсын төсвийг үрэн таран хийсэн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж үзэж буй аж.
Михайл Саакашвили 2004 оны нэгдүгээр сараас 2013 оны арваннэгдүгээр cap хүртэл есөн жил Гүржийн Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Сенатын гишүүн Маккейн бол Америкийн зэвсгийг Украинд нийлүүлэхийг дэмждэгээрээ нэрд гарсан хүн.