Дэлхийн оюутны зуны универсиад XXVIII наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монголын оюутны спортын холбооноос оюутны универсиадыг 13 төрлөөр дөрвөн сарын турш дотооддоо зохион байгуулж дүнгээ гаргалаа. Ингээд ШУТИС-ийн баг тэргүүлж Үндэсний биеийн тамирын дээд сургууль, МУБИС-ийн багууд удаалсан байна. Оюутан тамирчдын хувьд универсиад их наадам бол дотоодын олимп юм. Харин дэлхийн оюутны спортын наадам БНСУ-ын Гванжу хотод ирэх долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд болно. Тус наадамд манай улсаас спортын 12 төрөлд 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй багийнхан оролцох юм. Энэ удаад бокс, чөлөөт бөх гэсэн спортын төрлүүд багтаагүй бөгөөд 18 төрлөөр 272 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорих аж.
Наадмын галт бамбар Чежү аралд очоод байна. Бамбар Гванжу хотод очсоноор тус наадмын нээлт эхлэх билээ.
Т.Энхэлээ