2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын К.Д.Жадхавын нэрэмжит Бөхийн ордонд үргэлжилж байна.
Өчигдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай 6 бөх барилдсанаас хөвгүүдийн 58 кг-ын жинд Т.Тулга ираны бөхийг ялж азийн өсвөрийн аварга болж, охидын 52 кг-ын жинд барилдсан Н.Анударь хүрэл медальд хүрчээ.
Тэрбээр ийн хөвгүүдээс азийн аварга болсон зургаа дахь бөх болж байна.
Т.Тулгын багш, ҮБТДС-ийн багш Ц.Гантөгсийн бас нэг шавь З.Занабазар 2013 онд манай оронд болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийн хөвгүүдийн 54 кг-ын жинд мөн алтан медаль хүртэж байсан юм.
Т.Тулга нь дасгалжуулагч Б.Баттулга, багш Ц.Гантөгс нарын удирдлага дор “Арслан” клубт бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Т.Тулга нь Ховд аймгийн Манхан суманд 1998 онд төрж 4 настайдаа эцэг, эхийн хамт нийслэлд шилжин ирж сууршисан. Сонгино-Хайрхан дүүргийн 104 дүгээр бүрэн сургуулийн 11А ангид сурдаг. 2009 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж байна.
Өнөөдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингүүдийн барилдаан болж тэмцээн өндөрлөнө.
/МЧБХ/