Олимпийн наадмын 1500 м-н аварга Их Британи улсын Себастьян Коу IAAF буюу ОУ-ын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй ОУ-ын Хөнгөн атлетикийн холбооны ээлжит 50 дахь чуулган болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганаар ирэх 4 жил тус холбоог удирдах тэргүүнийг сонгосон байна. Тус холбооны тэргүүний сонгуульд 58 настай С.Коу нэрт тулгууртай харайлтын тамирчин Сергей Бубкатай өрсөлдсөн. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 115 нь С.Коуг дэмжсэн бол 92 нь С.Бубкад саналаа өгсөн. Ийнхүү С.Коу 16 жил тус холбоог удирдсан Сенегал улсын иргэн Ламин Диакийн халааг авсан байна. Ялалт байгуулсныхаа дараа тэр “IAAF-н гэр бүл надад итгэл үзүүлсэнд баярлалаа. Одооноос би шаргуу ажиллах болно” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Түүний ялалтанд ажлаа хүлээлгэн өгч буй ерөнхийлөгч Ламин Диак болон Сергей Бубка нар баяр хүргэсэн байна. Тэрээр С.Бубка “тамирчид өсөж, илүү хүчтэй болдгийг би мэднэ” хэмээн хэлээд “би аз жаргалтай байна. Учир нь би хөнгөн атлетикийн спортод хайртай, би үргэлжлүүлэн энэ спортын төлөө ажиллах болно. Энэ бол миний амьдрал” хэмээн ярьжээ.