Гватемал улсын эрх баригчид авилга хээл хахуулийн хэрэгт холбогдоод байгаа юм. Ард иргэд Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаж Ерөнхийлөгч Отто Перез Молинаг огцрохыг шаардсан боловч Ерөнхийлөгч огцрох шаардлагагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт Гватемалын дэд Ерөнхийлөгч байсан Роксана Балдетти авилгын хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм. Үүний дараа улсын мөнгийг шамшигдуулсан хэрэгт холбоотой 6 эрх баригчийг баривчлан саатуулаад байна.
Ерөнхийлөгч хэрэгт холбоотой нь тогтоогдвол халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлж магадгүй юм. Гэхдээ Отто Перез буруу зүйл огт хийгээгүй, авилгын хэрэгт холбоогүй хэмээн мэдэгджээ. Улсын олон сая долларыг хувьдаа завшсан хэрэгт дэд Ерөнхийлөгч асан Роксана Балдетти болон түүний хувийн нарийн бичгийн дарга Хуан Карлос нар л буруутай гэсэн байна. Мөн Гватемалын ард иргэдээс чин сэтгэлийн гүнээсээ уучлалт гуйж байгаагаа мэдэгджээ.