ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа гурав дахь орондоо айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Хятад улсад айлчилж, тус улсын ерөнхийлөгч Ху Жин Таотай уулзаж байгаа юм. В.Путин энэ жил албан ёсны айлчлалаа Герман,Францаас эхэлсэн бөгөөд Хятадын эрх баригчидтэй уулзсаныхаа дараа АНУ-ыг зорих гэнэ. Өмнө нь гурав дахь удаагаа ерөнхийлөгч болсныхоо дараа хамгийн түрүүнд АНУ-д зочилно гэж байсан ч гэнэт энэ төлөвлөгөөгөө цуцалсан юм. Айлчлалын үеэр ОХУ болон Хятадын ерөнхийлөгч нар Сирийн мөргөлдөөн болон Ираны цөмийн үйлдвэрлэлийн талаар санал солилцох аж. В.Путиныг төрийн эрх барьж байх 12 жилд Москва-Бээжин хоёрын харилцаа тийм ч таатай байгаагүй ч Сирийн асуудалд ойролцоо байр суурьтай байгаа юм. АНУ зэрэг барууны орнууд Сирид яаралтай цэргийн хүч оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа бол В.Путин тэдэнд шийдвэр гаргах цаг өгөх хэрэгтэй гэж мэдэгдсэн.
Тэд мөн ОХУ агаарын пуужин хөөргөх туршлага болон хятадууд Айрбус болон Бионг онгоцуудыг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрээ хэрхэн босгож байгаа талаар ярилцах аж. Энэ уулзалтын бас нэг чухал сэдэв нь ОХУ болон Хятадын эдийн засгийн харилцаа байна гэв. Хятад улс Оросын “Газпром” компаниас хямд байгалийн хий авах хүсэлтэй байгаа юм. Ирэх 30 жилд Оросын талаас 70 тэрбум куб метр байгалийн хий Хятадад нийлүүлэх гэрээнд 2009 онд гарын үсэг зурсан. Үүнийг хямд үнээр тохиролцох сонирхол Хятадын талд байгаа ч энэ гурван өдрийн айлчлалын үеэр бүрэн шийдэгдэхгүй байх гэж ОХУ-ын албаны хүмүүс хэлж байна.
Т.Гэрэл



















































