Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгагдаад буй Д.Энхмандахад холбогдох шүүх хурал бүтэн есөн цаг хуралдсаны эцэст шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд, Д.Энхмандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.Хуралд шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ц.Хашбаатар, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, Н.Энхээ, Алтантуяа, хохирогчоор “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа нар оролцов. Түүний хэрэг 2007 оноос хойш сунжирч байгаа бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан юм.
Тэрээр хэвлэлийнхэнд хандаж, "Өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ" гэж хэмээн удаа дараа тайлбарласан. Түүнийг 2010 онд Хөвсгөл аймгаас Улсын ерөнхий прокурорын даалгавраар баривчлан авчирсан юм.



















































