Сонгуулийн хугацаа тулсан, намуудын нэр дэвшигчид яг таг тодорчихоод байгаа энэ үед Сонгуулийн ерөнхий хороо хэд хэдэн нэр дэвшигчийг шаардлага хангахгүй гэж нэрийг нь бүртгэхээс татгалзсан хариу өгөөд байгаа. МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албаны ажлаа хүлээлгэж өгөөгүй, хуульч С.Нарангэрэлийг МАН-ын бага хурлын гишүүн байж МАХН-аас нэр дэвших гэж байгаа нь хуулинд нийцэхгүй гэж үзсэн. Мөн МАХН-ын хоёр ч гол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ, ЦЕГ, ШШГЕГ-аас тодорхойлолт авч байж бүртгэнэ хэмээн түр хойшлуулаад байгаа. Тэгвэл Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн хуулийн үндэслэлийг СЕХ-ныхон гаргаж иржээ.Шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ял шийтгэлгүй, өр төлбөргүй байх зэргээс гадна энэ жил 27 нас хүрээгүй бол заавал цэргийн алба хаасан байж нэр дэвших тухай заалт орсон байгаа юм. Тодруулбал, тус хуулийн 26.4.3-т “Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх”, 26.5.-д “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 27 нас хүрсэн иргэнд энэ хуулийн 26.4.3 дахь заалт хамаарахгүй” гэжээ. Энэ нь 2011 оны 12-р сараас өмнө 27 нас хүрсэн хүнд хамаагүй. Харин Э.Батшугар нь энэ жил 25 настай тул заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай болж байгаа юм. Тэрбээр АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцаж, дэлхийн томоохон банкуудын нэг “Голдман Сакс”-д ажиллаж байсан, нэг үгээр хэлбэр номын мөр хөөсөн хүн. Үүнийхээ хариуд сонгуульд нэр дэвшиж чадахгүй болж байгаа бололтой.
Одоо цэргийн албаа мөнгө төлөөд дүйцүүлэн хаая гэсэн ч цэрэг татлагын хугацаа дууссан тул боломжгүй болсон зовлон байгаа юм. Э.Батшугар уг нь намынхаа Сүхбаатар дүүргийн сонгуулийн ажилд их л идэвхитэй оролцож байгаа гэж намыхан нь ярьж байсан. Гэвч хууччуулд зөөлөн залуучуудад хатуу сонгуулийн хуулийн заалтын дагуу тэрбээр яалт ч үгүй нэр дэвшигчийн тооноос хасагдах болоод байна.
МАХН-ын нэр хүндийг сонгуульд авч явах намын листийн айргийн хүмүүс ийнхүү 2012 оны сонгуулиас хасагдаж магадгүй уур амьсгал бий болов.
24tsag.mn



















































