АНУ-ын хүн ам хамгийн сийрэг Аляск мужид 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Зарим эх сурвалжууд газар хөдлөлтийн хүчийг 7,1 магнитуд байсан гэж тогтоогоод байгаа юм. Газар хөдлөлтийн голомт Кенайн хойгт Энчор Поинтоос баруун тийш 85 км-т, Энчорэйжээс 260 км орчимд бүртгэгдсэн байна.
АП агентлагийн илгээсэн бичлэгт Энчорэйж олон улсын нисэх буудлын ачаа тээврийн төвд хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж байгааг буулгажээ. Газар хөдлөлтийн улмаас зарим зам хагарч хуваагдаж, оршин суугчид цочирдсон байна. Гэхдээ онц ноцтой гарз хохирол учраагүй, иргэд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй юм. Цөөн айлын гэрэл цахилгаан тасарч, хий алдсаны улмаас жижиг дэлбэрэлтүүд болжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/