БНХАУ-ын Засгийн газар Швед улсын хүний эрхийн төлөө тэмцэгч 35 настай Петр Далиныг шинэ он гарснаас хойш хорьж саатуулаад байгаа юм. Хятадын эрх баригчид Швед улсын иргэнийг суллаж, эх орноосоо албадан гаргасан байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн мэдлийн телевизээр дамжуулан Петр Далин Хятадын хүний эрхийн төлөө өмгөөлөгчдийг дэмжиж хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хятадын Засгийн газар Швед улсын иргэнийг газар нутгаасаа хөөж, Далин Хятадаас явсан болохыг Бээжин дэх Шведийн элчин сайдын яам мэдэгдлээ.
Швед улсын Гадаад хэргийн яам өөрийн иргэнээ суллагдсанд баяртай байгаа ч Хятадад хоригдож байгаа бусад иргэндээ санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Шведийн иргэн Гуй Минхай Хонконгоос сураггүй болсон 5 хүний 1 бөгөөд өөрийн хүсэлтээр Хятадын эрх баригчдад баригдсан хэмээн мэдээллээд байгаа юм.
Далины санаачилсан байгууллага хуулийн тусламж, зөвлөгөө өгдөг төдийгүй эрхээ эдэлж чадахгүй байгаа өмгөөлөгчид, хувь хүн, зорилтот бүлгүүдэд шууд тусламж үзүүлдэг юм байна. Хятадын эрх баригчид түүнийг 1 дүгээр сарын 4-ний өдөр нисэх буудал явах замд нь саатуулан баривчилжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/