Эдгээр өдрүүдэд дэлхий нийтийн санааг зовоож байгаа өөр нэг асуудал бол Зика вирусын тархалт юм. Латин Америк болоод Карибийн тэнгисийн улс орнуудад тархаад байгаа энэ өвчний эсрэг бүс нутгийн улсууд нэгдэн тэмцэхээр болоод байна.
Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг шумуулаар дамжин тархдаг энэ халдварыг зогсоохын тулд багагүй хөрөнгө хүч зарцуулахаар болж байна. Бразил улс Зика вирусын халдварын эсрэг вакцин бүтээх ажилд хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд энэ өвчинд өртсөн жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж тусгай эм бэлдмэл, эмчилгээний арга эрж олохоор зорьж байна.
Ургийн гажиг үүсгэдэг энэ вирусын эсрэг эм, эмийн бүтээгдэхүүн яг одоогоороо байхгүй байгаа учир эхний ээлжинд шумуул устгах ажилд анхаарахаар болж байна. Тогтонги усанд өндгөө шахдаг шумуулыг устгахын тулд ариутгалын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Эх сурвалж: UBS.MN