Өнөөдөр Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн ерөнхийлөгчийн хувиар сүүлийн мэдэгдлээ хийлээ. Тэрээр тус улсын нийслэл Нейпьидо хотноо байрлах парламентын ордонд үг хэлсэн бөгөөд түүний үг 40 орчим минут үргэлжилсэн байна.Ерөнхийлөгч У Тейн Сейнийг үг хэлсний дараагаар парламентын гишүүд нижигнэсэн алга ташилтаар түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. 2010 онд сонгогдож байсан одоогийн парламентын гишүүдийн албан үүргийн хугацаа энэ баасан гаригт дуусах бөгөөд өнгөрөгч оны 11 дүгээр сард явагдсан сонгуулиар сонгогдсон парламентын шинэ гишүүд ирэх даваа гаригт ажилдаа орох болно. Парламентын сонгуулиар сөрөг хүчний Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг Нам үнэмлэхүй ялалт байгуулсан боловч уг намын тэргүүн Аун Сан Суу Чигийн хувьд "гадаад улс орны иргэнтэй гэр бүл болсон хүнийг ерөнхийлөгчөөр сонгохыг хориглоно" гэсэн тус улсын үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа тул ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй болоод байгаа билээ. Одоогийн байдлаар Мьянмар улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох нь тодорхойгүй байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/