Өнгөрсөн Бямба гаригт цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдож, үүнээс үүдэн 37 хүн амь насаа алдсаныг манай мэдээллийн албан ёсны эх сурвалж болох "АР" агенлаг дамжуулж байна. Ослын улмаас амиа алдсан иргэд бүгд Сирийн дүрвэгсэд байсан юм.
Усан онгоц том хад чулуу мөргөсний улмаас эвдэрч, тэр чигтээ хөмрөн живж эхэлсэн байна. Зорчигчид бүгд аврах хантаазтай байсан ч энэ тусыг үзүүлээгүй ажээ. Эгийн тэнгисийг түшиглэсэн томоохон амралтын бааз болох Айвечикийн эргээр Сирийн дүрвэгсдийн өмсөж явсан аврах хантаазнууд болоод бусад эд зүйлс нь хөвөн гарч ирсэн байна. Онгоцны ослоос амьд үлдсэн цөөн хэдэн хүнийг орон нутгийн иргэд гэр орондоо авчран асарч байгаа юм.
Амиа алдсан хүмүүсийн дотор олон хүүхэд байсан бөгөөд ослоос амьд гарч чадсан хүмүүс шоконд орсон байдалтай байгаа юм. Хүчирхийллээс зугтан, амар тайван амьдралыг хайж Европын холбоог зорих цагаачид асар их эрсдэлтэй аялалыг хийдэг юм. Тэднийг тээвэрлэдэг, харьцангуй хямд өртөгтэй зорчигч тээврийн усан онгоцнууд ашиглалтаас гарсан, хуучирч муудсан байдаг нь энэ мэт осол гарах шалтгаан болдог юм. "Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн холбоо"-ны мэдээлснээр 2015 онд зөвхөн Туркээс Грекийг чиглэн явж байсан цагаачдын усан онгоц эвдэрсний улмаас нийтдээ 805 хүн амиа алдсан байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/