Өчигдрөөс Йеменд гал зогсоох гэрээ хэлэлцээр хэрэгжиж эхэлж байна. Орон нутгийн цагаар Ням гаригийн шөнийн 12 цагаас эхлэн гал зогсоох гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжсэн юм. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Хути бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байсан бөгөөд гал зогсоох гэрээ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр удаан хугацаанд үргэлжилсэн дайн тулаан эцэс болж байна. НҮБ-ын оролцоотойгоор үзэглэгдсэн энхийн гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс ердөө хэдхэн цагийн өмнө Саудын Араб тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Хути бүлэглэлийн босогчидтой тулалдсаар байсан юм. Энхийн гэрээ хэлэлцээрийн үрээр агаарын дайралтууд зогсож, энгийн номхон ард иргэд амь насаа алдах явдал эцэс болно хэмээн үзэж байгаа юм.Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн эхний хэдэн цагийн хугацаанд нөхцөл байдал тайван тогтвортой байсан юм. Йемений нутаг дэвсгэрт өрнөж байсан олон талт зэвсэгт мөргөлдөөний улмаас 6000 гаруй хүн амь насаа алдаад байгаа гэсэн баримтыг НҮБ-аас танилцуулж байсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/