Хүүхдэд зориулсан бүтээлийг 150 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

Багачуудын төлөвшилд нөлөөлж, оюуны эрэлт хэрэгцээг хангах шилдэг уран бүтээл төрүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих хүсэл, авьяас билгийг тэтгэн дэмжих зорилготой зургаа дахь уралдааныг Соёл урлагийн хорооноос зохион байгуулж дүгнэжээ. Энэ удаагийн уралдаанд хүүхдэд зориулсан драмын болон хүүхэлдэйн жүжиг, шилдэг дууны цомог гэсэн гурван төрөлд төсөл шалгаруулахаар зарласан байна. Үүнд, уран бүтээлчид нийт 20 гаруй төсөл ирүүлжээ. Зохион байгуулагчид драмын жүжгийн төрөлд ирүүлэх бүтээлд өнөө цагийн хүүхэд багачуудын бодол сэтгэхүйн нууц, амьдралын гүнд нэвтэрсэн 60-90 минут үргэлжлэх жүжгийн зохиол байх шаардлага тавьсан байна. Ингээд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнгэрэлийн “Мөрөөдлийн үзэг”, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Жүгдэрдамбын “Жимсний төгөлд шарилж ургадаггүй” бүтээл шалгарсан байна. Харин хүүхэлдэйн жүжгийн төрөлд Дорнод аймгийн театрын ерөнхий найруулагч, хөгжмийн зохиолч Б.Цэрэннадмидын “Мөчрөн хуруут охин”, дууны цомгийн төрөлд “Цэнгэл” продакшны найруулагч Ц.Буяннэмэхийн “Хүүхэд насны дуулал” төсөл шүүгчдээс өндөр үнэлгээ авч, санхүүгийн дэмжлэг авахаар болжээ. Энэ жил хүүхдэд зориулсан шилдэг бүтээлүүдийг 150 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн юм.
Д.Ундрах 24tsag.mn