зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Отгонзаяа: Аавынхаа гараас хөтлөөд их спортын хаалгаар орсон

2017-3-06
0
ЖИРГЭХ

 

Эх орныхоо нэрийг дэлхийн сонорт дуулган, алтан соёмбот далбаагаа өргөж яваа эгэл тамирчин, цагдаагийн алба хаагчтай уулзан тамирчны болоод цагдаагийн амьдралын тухай ярилцлаа. Энэ хүн бол Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхаасаа спортод дурлаж, тамирчин заяанд хөтлөгдөж, балчир оюундаа тунгаасан “аавынхаа ажлыг өвлөж цагдаа болох” мөрөөдлөө биелүүлэн, тангараг өргөсөн албандаа нэр төртэй зүтгэж явна.

 

-Юуны өмнө дөрөв дэх удаагаа Улсын аварга болсонд тань баяр хүргэе. Энэ жил жин өгсөж барилдсан гэлээ. Өмнө нь хэдэн кг-д барилддаг байсан юм бэ?

 

-За баярлалаа. Энэ жил жин өгсөж 74 кг-д хүч үзэн алтан медаль хүртлээ. Өмнө нь 68 кг-д барилддаг байсан. Дөрөв дэх удаагаа улсын аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер болсондоо баяртай байна. Энэ дашрамд, жил бүр Самбо болон Байлдааны самбо бөхийн УАШТ-ын амжилттай зохион байгуулдаг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын офицер, гавьяат тамирчин Х.Батхишиг эгчдээ баярлаж явдгаа илэрхийлье.

 

-Жин өгсөж оролцоход өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

 

-Өрсөлдөгчид маань хүчтэй байлаа. 2014, 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-д ОХУ-ын Буриадын шигшээ баг ирж оролцоод сонирхолтой болж байсан. Энэ жил Орос улсын аварга шалгаруулах тэмцээнд давхцаад ирж амжаагүй. Ер нь манай тамирчид энэ спортыг сонирхож, илүү хөгжиж байгаа нь энэ удаагийн тэмцээнээс мэдрэгдэж, мэдэгдэж байсан. Тулаан бүр ширүүн байсан.

 

-Байлдааны самбын спортын самбоос ялгарах онцлог нь юу вэ. Энэ спортоор хэзээнээс эхэлж хичээллэв. Яагаад сонгох болов?

 

-Спортын самбоос ялгаатай нь цохилт, өшиглөлтийн бүх техникийг зөвшөөрдөг. Мөн боолт нэмэгддэг, хөл, гарт өчихийг зөвшөөрдөг. Би 2006 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж эхэлснээс хойш байлдааны самбын спортыг сонирхож, юүтүүбээс бичлэгийг нь үзэн, хичээллэвэл болмоор санагдаж байсан. Өмнө нь барилдааны суурьтай болохоор тулаан гэдэг талаас нь сонирхож байсан. Ингээд цагдаагийн тусгай албанд орж, Ардын багш Б.Ганбат багшийнхаа шавь болж, энэ спортоор эрчимтэй хичээллэж, тамирчин болсон доо. 2009 онд Л.Занданхүү багш, ОУХМ С.Орхонбаатар нар маань холбогдож “Улаан-Үүд хотод Байлдааны самбо бөхийн “Бурятия золото” тэмцээн болох гэж байна. Орох уу” гэсэн. Би очиж 68 кг-д оролцоод түрүүлж байлаа. Энэ үеэс л энэ спортод дуртай болсон доо. Байлдааны самбоор 2009 оноос хичээллэж эхэлсэн бол самбо, жүдогоор 1996-2003 он хүртэл буюу ЕБС-ийн гуравдугаар ангиасаа 10 дугаар анги төгсөх хүртлээ хичээллэж байсан. Байлдааны самбын спортыг Монголд үүсгэн дэлгэрүүлсэн хүн бол Л.Занданхүү багш. Сэлэнгэ аймгийн хүн. Сая УАШТ-нд Сэлэнгийнхээ залуустай таарч тоглолоо. Сайн байна шүү, манайхан.

 

-Байлдааны самбо бөхийн төрлөөр манай улсын тамирчид дэлхийн хэмжээнд ямар амжилт үзүүлсэн байдаг вэ?  

 

-Энэ төрлийн спортоор хичээллэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн таван хүн байдаг. Байлдааны самбо бөхийн анхны дэлхийн аварга нь ОУХМ С.Орхонбаатар, Хүч спорт хорооны дасгалжуулагч Б.Дамланпүрэв дэлхийн хошой аварга цолтой, ОУХМ н.Мөнхбаясгалан дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай, ОУХМ Б.Мөнхбат Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Мөн ОУХМ н.Тогтохбаяр 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.   

 

-Тамирчин хүний хувьд спортын замналыг нь эхлүүлсэн анхны багш хамгийн хүндтэй хүн байдаг. Таны анхны багшийнхаа тухай?

 

-Миний анхны багшийг н.Батсүх гэдэг. Сэлэнгийн самбо, жүдочдын дунд “инээдэг” хэмээх хочит н.Батсүх багшаасаа үүрэх мэх заалгаж байсан. Одоо ч тэр мэхээ хийдэг. Мөн аймгийн заан Д.Эрдэнэбат багшийнхаа шавь болж, хүүхэд насныхаа хамгийн аз жаргалтай үед спортын сайн сайхныг амталж, тэвчээр хатуужлыг тэндээс сурсан. Үе тэнгийн самбо, жүдоч найз нартайгаа барилдаж, хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. ОУХМ Д.Тайван, ОУХМ, аймгийн арслан Э.Тулга, спортын мастер Л.Чинзориг, Цэнд, Ш.Энхсайхан, ОУХМ Б.Золбаяр агсан бид нэг үеийнхэн. Тэд нартайгаа барилдаж, өрсөлдөж явсан минь ч өдий зэрэгтэй байхад нөлөөлсөн гэж боддог. Д.Эрдэнэбат багш маань олон сайхан шавьтай, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, ОУХМ, аймгийн арслан Б.Золбаяр... гээд.

 

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

 

-Ер нь бэлтгэл сургуулилтаа ажил дээрээ голдуу хийнэ. Тусгай ажиллагааны газрын “Ирвэс” клубтээ Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Б.Ганбат багшийнхаа удирдлагад.

 

-Бэлтгэл, ажил хоёроо хэрхэн зохицуулж байна. Тусгай ажиллагааны газар гэдэг  ихээхэн онцлогтой алба шүү дээ.

 

-Манай алба их онцлогтой. Хэзээд бэлэн байх ёстой. Энгийнээр тайлбарлавал, хэдийд ч дуудаж магадгүй тул утсаа салгаж болохгүй, бэлэн байдалд байх шаардлагатай гэх мэт. Онцлог нь, барьцаанд авагдсан хүн, обьектыг чөлөөлөх, аюулгүй болгох, террорист сөрөг тусгай ажиллагаанаад оролцох, цагдаагийн бусад албадад хүчний дэмжлэг үзүүлэх зэрэг. Тиймээс өдөр бүр өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийж, эрүүл чийрэг байх ёстой. Энэ ч утгаараа спортын аль нэг төрлөөр хичээллэх нь энгийн асуудал.

 

 -Сэлэнгийн хүүхэд гэсэн. Спортоор хичээллэж, спортод саламгүй дурласан энэ үйлсийн эх суурийг хэрхэн тавьж байв?

 

-Би Сэлэнгийн хүүхэд. Аав минь намайг гуравдугаар ангид байхад “Киокушинкай каратэ”-ийн секцэнд оруулсан. Гэхдээ надад сонирхолгүй санагдаад гарчихсан. Тэгсэн миний аав дахиад л намайг хөтлөөд самбо, жүдогийн заалны хаалгаар оруулсан. Ингэж миний спортын гараа эхэлсэн. Медаль авч үзээгүй ч гэсэн оролцоогүй тэмцээн надад байдаггүй л байлаа, тэр үед /инээв/. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр 10 жилийн сургуульд наймдугаар анги хүртлээ суралцаад, Шаамар сумын МСҮТ-д суралцан 10 дугаар анги төгсөж, үргэлжүүлэн хоёр жил сураад Автомеханикийн мэргэжил эзэмшиж төгссөн. Энэ сургуульдаа самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, биеийн тамирын багш Д.Сэргэлэнгийнхээ удирдлагад бэлтгэл сургуулилт хийж байсан.

 

-Та зөвхөн байлдааны самбо биш кудо болон гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм билээ. Их хөлс, хүч, хөдөлмөрөөр олдсон амжилтуудаас товчхон дурдвал.

 

-Би 2009 оноос хойш илүү олон тэмцээнд оролцсон. 2011 онд “Бурятия золото” олон улсын тэмцээнд түрүүлсэн. 2013 онд Гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2015 онд эх орондоо зохиогдсон Кудогийн Азийн цомын аваргаас алтан медаль, 2016 онд БНСУ-д болсон тулааны спортын их наадмын Байлдааны самбо бөхийн төрөлд  алт, ёнмүдо /БНСУ-ын үндэсний спорт/ төрөлд хүрэл медаль хүртэж байсан.  

 

-Энэ амжилтын эх нь юу вэ?

 

-Юун түрүүнд өсөж төрсөн Сэлэнгэ нутаг, Таван хан уулс, Орхон, Сэлэнгийн хөвөө, домогт Тужийн нарс, Ээж мод минь түшиж явдаг байх. Мэдээж, аав, ээж минь эрүүл, саруул өсгөж бойжуулсны ач гавьяа. Энэ спорттой салшгүй холбогдоход нөлөөлсөн хүн бол миний аав. Үргэлж хамт байж, хүүхэд ахуй цагтаа оролцсон тэмцээн бүрийг үзэж хамт баярлаж, догдолж, ялагдаж, шантраад уйлах үед “Дахиад оролдоод үз” гэж сэргээдэг байсан. Мөн  Ардын багш Б.Ганбат маань байна. Эхлэсэн цагаас минь энэ хүртэл зоригжуулж, хүч хайрлаж ирсэн багш нар минь байна даа. Мэдээж, цагдаагийн байгууллагад ажиллаж, энэ албатай амьдралаа холбосон маань хамгийн чухал шүү дээ. Амжилт, ялалт бүхэн  минь Монголын цагдаагийн байгууллага, миний хамт олон, багийнхантай салшгүй холбоотой. 

 

-Ингээд харахаар таны амьдралыг спортоос салгаж ойлгох боломжгүй ажээ.

 

-Тиймээ. Миний амьдралыг спортоос ялгаж боломгүй. Дунд сургуулийн гуравдугаар ангиасаа энэ хүртэл спорттой холбоотой л явна.

 

 

-Тамирчин, цагдаагийн алба хаагч Т.Отгонзаяагийн хувьд ялгаатай болоод адилхан тал нь юу байна вэ?

 

-Тамирчны амьдрал өөрийнхөө бэлтгэл, эрүүл мэнд, бэртэл гэмтэлгүй байхад анхаарч, уралдаан, тэмцээндээ бэлтгэн, графикийн дагуу ийм тэмцээнд оролцоно, тийм зардал мөнгөний асуудал гээд өрнөдөг. Харин алба хаагчийн хувьд арай өөр. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, албаны бэлэн байдал, албандаа үнэнч хандах хандлага, энэ албанд тэнцэн ажиллахад ямар шалгуурыг хангасан байх ёстой, үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ гээд олон зүйл бий. Адилхан тал гэвэл тэсвэр хатуужил. Тамирчин хүн жингээ хасахдаа ямар тэсвэр хатуужил гаргадаг билээ, бэртэл, гэмтэл аваад ямар их өвдөлтийг мэдрээд эргээд тэмцээндээ ордог. Үүний л адил тангарагтаа үнэнчээр зүтгэж, нойр, хоол, хэцүү, хүндийг умартан үүргээ гүйцэтгэдэг. Энэ адилхан тал нь юм даа.

 

-Оюуны болоод биеийн хүчээр зэрэг тоглодог гэж хардаг юм. Энэ спортыг.

 

-Их эрсдэлтэй спорт л доо. Оюун ухаан, биеийн хүч тэнцүүхэн тоглож байгаа. Хэн ухаантай, сэргэлэн, түрүүлж харж, хөдөлсөн, тэвчээртэй нь ялдаг болохоор оюун ухаан, биеийн хүчний тулаан.

 

-Хамгийн их догдолсон ялалтын тухай ярилцъя.

 

-Ялалт бүхэн минь баяр авчирдаг. Гэхдээ хамгийн их огшоосон хоёр, гурван тэмцээн бий. 2012 онд Санда боксын УАШТ нээлттэй болсон. Тус тэмцээнд Өвөрмонголын тамирчид ирж оролцсон. Би гараа гэмтээгээд хүнд байсан ч эх орондоо байгаа юм чинь ялах ёстой гэсэн үзлээр тулалдаж, алтан медаль хүртэж байсан. Байлдааны самбын төрлөөр 2014 оны УАШТ мөн хүнд болсон. 68 кг-д Буриадын шигшээгийн таван тамирчинтай тулалдаж, ялсан. Хэрэв би ялахгүй бол манай аваргын медалиа буриадад алдах байсан. Энэ ялалтдаа баярлаж явдаг. 2013 онд ОХУ-ын Москва хотод болсон гардан тулааны ДАШТ-ээс мөнгөн медаль авч, аавынхаа, эх орныхоо нэрийг дэлхийд дуудуулсандаа баярладаг.

 

-Харин хамгийн харамссан ялагдлын талаар.

 

-2014 онд Байлдааны самбын ДАШТ Японы Наритад болоход сэтгэлзүй маань түрүүлж ялсан алдаа гаргаж, медальгүй мултарч байсандаа их харамсдаг. 

 

-Таны адил цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа олон тамирчин бий. Та нарын амьдралын талаар сонирхъё?

 

-Цагдаагийн алба хаагч аль нэг клубын тамирчин болоод тэмцээн, уралдаанд оролцож байгаа нь хувь хүний сонирхлын асуудал л даа. Бэлтгэл, сургуулилтаа хийгээд сульдсан үед, харих замд, гэртээ ороод цайгаа ууж амжаагүй байхад ажлаас дуудах үе бий. Тэр бүхэнд бэлэн байх ёстой. Тэр болгонд шантрах эрх байхгүй. Шантрах ч үгүй, бид Монголын цагдаагийн тангараг өргөсөн алба хаагчид. Бид хамгийн хүнд, хэцүү үед бэлэн байх ёстой. Утсаа салгаж болохгүй. Утсаа авахгүй хэдхэн хором өнгөрөхөд хэн нэгний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй учир нэг минут, нэг долийг ч алдах эрх байхгүй.

 

-Дэлхийн чихэнд Монгол гэж дуудуулдаг тамирчнаас, Монгол Улсын төлөө зүтгэе гэж тангараг өргөдөг цагдаагийн алба хаагчаас эх орны тухай асууя. 

 

-Тамирчин хүний бусдаас ялгарах нэгэн том ялгаа бол эх оронч үзэл байх. Сумаасаа аймаг хүрээд сумаа, аймгаасаа хот ороод аймгаа, хилийн дээс алхаад эх орноо бүхлээр нь санадаг гэдэг шиг. Эх оронч үзэл хүнд байх ёстой. Тамирчин биднийг Улсын аварга болохоор нутгийнхан маань, дэлхийд амжилт гаргахаар монголчууд минь баярладаг. Тэгэхээр тамирчны зүрхэнд хамгийн том эх оронч сэтгэлгээ сууж байдаг. Эх оронч үзэл гэдэг жижигхэн зүйлээс анзаарагдана. Би Монгол хүн учир гадны оронд биеэ зөв авч ёстой. Би Монгол хүн учир зөрчил гаргаж болохгүй, арчаагүй байдалтай байж болохгүй гэх мэт. Би Монгол хүн, тамирчин, цагдаа хүн болохоор эрх мэдэлтэй, мөнгөтэй, эх оронд минь шунасан хэн нэгнээс хол байхыг боддог. Эх орноо, газар, нутгаа хайрлах үзлийг монгол хүүхэд бүрт, шавь нар, дүү нартаа байнга захиж явах болно.

 

-Аав нь цагдаа хүн байсан гэж дуулсан. Аавынхаа тухай яриач.

 

-Миний аав Найдангийн Төртогтох Ховд аймгийн хүн. Дээд боловсролтой, сэхээтэн гаралтай. Цагдаагийн байгууллагад бага залуу наснаасаа эхлээд гавьяаны амралтаа авах хүртлээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн алба /одоогоор тасаг/-ны даргаар ажиллаж  байсан. Бага дэслэгч цолоос хошууч цолонд хүртлээ ажилласан хүн дээ. Би аавынхаа ажил дээр очно. Аав шигээ цагдаа болно, аавынхаа ажилд орно гэж хүсэж мөрөөддөг хүүхэд байлаа. Аав минь ч бас мотоспортоор хичээллэдэг, чөлөөт бөхөөр барилддаг хүн байсан. Гэвч тухайн үеийн хаалттай нийгэмд “дарагдсан”. Тэр үед өнөө цаг шиг нээлттэй, боломжтой байсан бол гэж боддог юм. Аавынхаа замналаар явж байгаадаа баяртай байдаг.

 

-2006 онд Монголын цагдаагийн байгууллагын их бүлийн нэгэн гишүүн болжээ. Аавын гаргасан замаар алхсан учир төөрөг юу байв.

 

-2005 онд Шаамар сумын МСҮТ-ийг автомеханикч мэргэжлээр төгссөн хавраа жүдо бөхийн оюутны анхдугаар их наадамд ирж оролцон, хүрэл медаль хүртсэн. Тэр үед нэгэн цагдаагийн хурандаа ирж уулзаад, Цагдаагийн академид ирж суралцаарай гэсэн. Сургуулийн урилга авчихлаа гэж баярлаж байсан би, тухайн үед тэр хүнтэйгээ холбогдох утсыг ч мэдэж аваагүй үлдсэн байсан. Намар нь хайсаар байгаад сургууль дээр иртэл “Карантинаас хоцорчихлоо. Дараа жил ирээрэй, миний дүү” гэдэг үг сонсоод буцсан. Тэр намраа Сэлэнгэдээ ээжийгээ асраад гэртээ сууж байлаа. Гэтэл 11 сард хүлээн авагчаар “Цагдаагийн байгууллагад хүн элсүүлнэ” гэдэг зарыг сонсоод, шалгуулсан. 15 хүн өрсөлдсөнөөс сорил, биеийн хүчний шалгалтууд өгөөд нэгдүгээрт жагсан, гурван сарын курст явж, төгсөөд 2006 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цагдаагийн дэд ахлагч цолтойгоор эргүүлийн цагдаагийн үүрэгт ажилд томилогдож байлаа. 11 жилийн өмнө. Сэлэнгийн цагдаагийн газартай миний амьдрал салшгүй холбоотой. Ахлагч цолыг марш тактикийн тэмцээнд амжилттай оролцож хугацаанаас өмнө авч байсан. 2008 онд тусгай хэлтэст шалгалт өгч тэнцээд 2008 оны гуравдугаар сард  энэ албанд орж байлаа.

 

-Аавын сургаалыг хэрхэн биелүүлж явна даа.

 

-100 хувь биш. Яахав, 60 хувьтай л явна уу даа гэж боддог. Аав минь “ Миний хүү багаасаа спорт хөөсөн тул сурлагаа хаячихаад байна. Тиймээс нэгэнт л спортыг сонгосон бол битгий хаяарай. Тууштай яваарай” гэж захидаг байсан. Энэ үгийнх нь дагуу л явж байна. Миний аавын үг энэ зэрэгтэй явах хөшүүрэг байсан гэж боддог.  

 

-Гэр бүлийнхэн нь сайн ойлгодог  болоод ийм амжилттай яваа болов уу?

 

-Миний ажлыг, спортыг сайн ойлгодог. Би чинь гэртээ байхаас байхгүй нь их. Ажил дээрээс нь бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд олон хоногоор явна. Гэр бүлийнхэн, ах, дүү нар минь сайн дэмждэг, тэмцээн уралдааныг маань очиж үзнэ. Хаашаа явах гэж байна гээд санаа тавина.  

 

-Тусгай ажиллагаа гүйцэтгэнэ гэдэг багийн ажиллагаа. Спорт бол хүнд багаар ажиллах чадварыг суулгаж өгдөг. Энэ тухай, нөхөрсөг зан чанарын талаар ярилцъя.

 

-Маш сайхан асуулт байна. Би хэдий ганцаарчилсан төрлийн спортоор хичээллэдэг боловч өөрийгөө бэлдэхийн тулд хамтрагчтай байх ёстой. Хамтдаа бэлтгэгдэж байж тэмцээнд оролцоно, нэгийнхээ хувцсыг бариад, усыг зөөгөөд, зөвлөгөө өгөөд, ялахад нь хамт баярлаж, ялагдахад нь цуг ялагддаг. Энэ нөхцөлд яалт ч үгүй л багаар ажиллах чадвар өндөр байх ёстой. Манай алба бол угаасаа багийн ажиллагаа. Бүлэг дуудлага, тусгай ажиллагаанд явахдаа нэгэндээ байнга анхаарал тавьдаг. Нэг нь алдвал тэр ажиллагааг бүтэлгүйтнэ. Хэн нэг нь анхаарал сул байх, эрч хүч муутай байх үед нэгийгээ нөхөх, хамгаалах гээд хэнийгээ нөхөж, орлох чадвартай байх ёстой. Ийм нөхцөлд чинь хүнд нөхөрсөг байснаар л амжилтад хүрнэ, ажиллагаа амжилттай дуусна. Бэлтгэл сургуулилтын үед ч гэсэн нэгийгээ бэртээхгүй, муу санахгүй байх хэрэгтэй.  

 

-Амьдралдаа ямар зарчим баримталж явдаг вэ?

 

-Хүн аливаа зүйлд тууштай байх ёстой. Эхэлсэн бол дуусгах, эцсийг нь үзэх ёстой гэсэн зарчмыг л барьж явдаг.

 

-Өрсөлдөгчийг та хэрхэн хардаг вэ. Таны өрсөлдөгч хэн бэ?

 

-Миний хувьд, миний өрсөлдөгч миний амжилтын үндэс. Би өрсөлдөгчөө ялсан ч, түүнд ялагдсан ч их зүйлийг олж авдаг.

 

-Амьдралыг, амжилтыг нэгэн уул гэж бодвол та аль хэсэгт нь явна вэ?

 

-Бэлээс нь жаахан дээшээ л өгсөж яваа гэж бодож байна. Хийж, бүтээх юм олон байна даа.

 

-Энэ гэгээн асуултыг би ярилцагч бүрээсээ асуудаг. Та юу гэж мөрөөддөг вэ гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлөе, хоёулаа.

 

-Сэлэнгэ аймгаасаа, эх орныхоо нэрийг дэлхийн чихэнд дуурсгасан олон тамирчин төрөн гараасай гэж боддог. Боксчин, гавьяат тамирчин Т.Үйтүмэн ах шиг, Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга гавьяат тамирчин Д.Оюунболд агсан мэт. Энэ их спортын буухиаг тасралтгүй үргэлжлүүлж, үе залгамжилсан тамирчдыг бэлтгэх хүсэл, мөрөөдөлтэй байдаг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    19 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    25 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    28 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    43 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    1 цаг 25 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    1 цаг 31 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    1 цаг 44 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    2 цаг 14 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    2 цаг 31 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    2 цаг 55 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    3 цаг 31 мин
  • ACWA POWER компани Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийлэв
    4 цаг 11 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
    4 цаг 14 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    4 цаг 37 мин
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
    4 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    5 цаг 22 мин
  • Багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж, цаг тухайд нь бүтэн олгоно
    5 цаг 31 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль хамгаалагч болон судлаачид “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлнэ
    5 цаг 53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 0 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК