
Гэвч хамтран Засгийн газар байгуулах хэлэлцээрээ эхлүүлээд хоёр хоносон ажлын хэсэг мухардалд оржээ. Учир нь МАХН-МҮАН дэндүү ихийг нэхснээс байдал нэлээд эвгүйтсэн байна. Уг нь Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын эвсэлд АН-ынхан 4 яам өгөхөд хангалттай гэжээ. Гэтэл ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан 4 яаман дээрээ нэмж нэг яам, тэргүүн шадар сайдыг өгвөл хамтарна гэжээ. Үүнд нь дургүйцсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга байр байрандаа байх ёстой, арай даварч байгаан биш үү? Үүдээр гуйж оръё гэчихээд хоймор гарах гээд байх юм. Нэртэйгээр нь бүх яамыг авъя гэж хэлбэл зохижтой биш үү гэсэн утгатай үг хэлснээс болж маргаан өрнөж, асуудал хүндэрсэн гэж хүмүүс ярилцаж байна. Ажлын хэсгийн хуралдаан иймэрхүү байдлаас болж гацаж. Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ч.Улаан, Х.Баттулга хоёр ажлын хэсгийнхэнийхээ өмнө биш утсаар нэлээд муудалцаж "чи, би"-дээ тулсан тухай мэдээлэл өчигдөр оройноос саарал ордноор түгжээ. Гараас гарт гэдэг шиг гишүүдийн өрөөнөөс өрөөнд ийм мэдээлэл тарлаа. Ийнхүү ажлын хэсгийн ахлагч нар сайн тохирч чадахгүй байтал ИЗНН-ын төлөөлөл С.Дэмбэрэл ч өөрийнхөө намд ноогдож буй яамыг голж, хусмаа чамласан хүүхэд шиг аашилах болжээ. Уг нь тэднийд спорт, аялал жуулчлал, соёл урлагийн яамыг өгөхөөр санал болгосон юм. Эхлээд хүлээн зөвшөөрч байсан С.Дэмбэрэл завсарлагааны дараа манай намд өгөх гэж байгаа яам мөнгө, эрх мэдэл муутай, бөөн асуудалтай л газар болох нь гэсэн утгатай гомдлын үг хэлж. Түүнийг нь сонссон АН-ын төлөөлөл бид мөнгө эрх мэдэлтэйг нь эзэмших биш асуудал шийдвэрлэх гэж л сонгогдсон шүү дээ гэх мэтээр маргаан өрнөсөн сураг байна. Энэ маргаан болоод хэлэлцээрийн талаар ИЗНН-ын дарга бөгөөд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Д.Энхбат твитертээ “ИЗНН-д санал тавьж байгаа байдлыг ажихад энэ бол ажил хэрэг гэхээсээ илүү улс төрийн тоглолт гэж харагдаж байна” хэмээн бичиж үлдээжээ. Өөрөөр хэлбэл хэлэлцээрт орсон С.Дэмбэрэл биш ИЗНН-ынхан АН-ын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь илт.
Асуудал үүгээр дуусахгүй бололтой. Хэлэлцээрт орсон АН-ынхан ч гэсэн дотроо яамны хувиарлалтаасаа болоод муудалцжээ. Бүлэглэлүүд нь мөнгөтэй, мөнгөгүй яам оногдлоо гэж ихэд бухимджээ. Үүнийг батлах нэгэн баримт бол тоймч У.Оргилмаагийн бичсэн “Шинэ Засгийн газрыг Н.Алтанхуяг бус уул уурхайн сонирхол бүрдүүлж байна” гэсэн нийтлэл. Уг нийтлэл АН-ын гишүүдийг хагаралдуулахад ихээхэн нөлөөлжээ. Өчигдөр уг нийтлэлийг саарал ордноор гишүүд асууж сураглаад байсан. Энэ намын гол хүн Р.Амаржаргал уг нийтлэлийг өөрийн твиттер хуудаснаа байршуулсан нь АН-ын дотоод маргаан албан тушаалаас болж хэрхэн халуурч байгааг харуулна. Уг нийтлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Ерөнхий сайдад тун удахгүй шинэ албан тушаалдаа очих нь тодорхой болоод байгаа Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг өрөөндөө дуудаж уулзжээ. Сонин төлөөлөл байгаа биз. Яагаад Х.Баттулга гэж? Яагаад гэвэл тэр МоАХ фракцийн тэргүүн. Н.Алтанхуяг “Алтан гадас”, З.Энхболд “Шонхор” фракцийн тэргүүн. Тэгвэл яагаад МҮДН-ийн даргыг дуудсангүй вэ. Гэнэтхэн Р.Амаржаргалыг Ц.Баярсайханаар сольсон МҮДН фракцитай тохиролцоо яриа хөөрөө байхгүй гэсэн үг үү.
Уг нь намдаа 31 суудал авчирсан “баатар”-уудыг фракциар нь тооцоолохоор МоАХ, МҮДН фракци манлайлж буй. Бүлэг дотроо тэд олуулаа. Гэвч бялуу хуваах зарчмыг нь тандахад дээрх хоёр фракцийнхан тийм ч сэтгэл ханамжтай бус байгаа аж. Тэр тусмаа МҮДН-ийн ганц “лидер” Р.Амаржаргалыг Батлан хамгаалахын сайд бол¬тол нь шалд нь буулгах шалтгаан юунд байв. Түүнд УИХ-ын даргын шалгуурыг бүрэн хангасан шинж чанар, түүх намтар, төрийн ажлын туршлага бүрэн бий. Мөн эхэндээ Ерөнхий сайд, эсвэл Сангийн сайд болно гэж цамнаад байсан Н.Батбаяр эдүгээ Барилга, хот байгуулалтын сайдаар очих магадлал өндөр байна. Гэхдээ мэдээж мөн л сэтгэл дундуур буй. Уг нь намдаа баттай суудал авч ирдэг түүнд хуучин суудлаа солих боломжоор шагнуулах эрхтэй л баймаарсан. Гэвч одоо таамаглаад байгаа хуваарилалтаас харахад МҮДН гэдэг нэртэй фракци байсан юм уу, эсвэл хий хоосон нэр төдий эвсэл байв уу гэдэгт эргэлзэхээр байгаа юм. Яг тоолоод үзэхээр АН-д авчирсан 31 суудлаас 7-8 нь МҮДН фракцийн гавьяа шүү дээ. Ийнхүү нийт дүнгээр нь харвал “Алтан гадас”, “Шонхор” фракцийнхныг баярлуулсан, МҮДН, МоАХ-ныханд шударга бус хуваарилалт болохоор байна...Харин Сангийн яам хэнийх вэ. Хамгийн хачирхалтай нь Засгийн газрын ажлаа хийх амин судас болсон энэ яамыг М.Энхсайханд өгөх сураг дуулдаад байгаа юм. Магадгүй түүнийг УИХ дээр “унагахаар” нь С.Баярцогт гүйгээд очих байх л даа. Эс тэгвээс одоо шууд С.Баярцогт Р.Амаржаргалтай нүүр тулан өрсөлдөнө гэвэл яаж барах вэ дээ. Тиймээс ч эхлээд МҮДН фракцийн төлөөллийг Засгийн газар дотроо “байршуулж” суудлыг нь олж өгчихөөд дараа нь С.Баярцогтдоо суудал зэхэж буй нь чухал болоод байна. С.Баярцогттой хэл амаа ололцоход Н.Алтанхуягт төдийгүй “Алтангадас”-ынханд амар. Тэгэхээр Р.Амаржаргалыг Сангийн сайдын суудлаас хол байлгахад мөн л дээр дурьдсан үл үзэгдэх хүч үйлчлээд байгаа биз” гэх мэтээр бичсэн байсан юм. Энэхүү нийтлэл МҮДН фракци болоод Р.Амаржаргалын бодлыг илчилсэн учраас тэрээр намын дотоод хагарлыг харуулсан нийтлэлийг твитрээрээ дамжуулан тарааж гомдлоо тайлж байгаа бололтой.
Ийнхүү “Шударга ёсны төлөөх хамтарсан Засгийн газар” хэмээх ариун сайхан нэртэй Засгийн газар байгуулагдах гэж дуншиж байна. Ялангуяа АН-ынхан бусад намуудтай хэл амаа ололцохоос гадна дотроо учраа олох гэж зовж байна. Энэ байдлаас үзвэл байгуулагдаагүй байгаа Н.Алтанхуягийн удирдах Засгийн газар урт насалж, удаан жаргахгүй бололтой. Учир нь АН дотроо учраа олохгүй байна. Бас хамтрах намуудаа ч, даврааж бас гомдоож байна. Энэ байдал дээр нь чимээгүй ажиглаад “унтаж байгаа арслан” МАН-ын тоглолт нэмэгдэхээр яаж тэсэхэв дээ.
24tsag.mn