зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


ДАЛАЙГ ТОГТООГЧ СҮМД ШИДЭТ БИЧИН ШУЛМЫГ МЭДЭВ

ХАР НАРСАН ОЙД ГУРВАН ШАВЬ БАГШАА ЭРЭВ

 

            Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл тэр Далайг тогтоогч сүмд бууж бүгд хувраг лугаа цав барьсан хойно, тэр охин бас өл залгав. Удалгүй бүрий тасран, Тансагийн буусан дээд гэрт зул асаав. Сүмийн олон хувраг нэгд болбоос Тансагийн ном залах учрыг сонсон, нөгөөд болбоос тэр охиныг үзэхийн тул тэнд цуглан ивэлцэн шахалдаж байв. Тансаг тэр их ламаас: “Манагар эндээс мордон баруунш одох зам ямар буй?” хэмээн асуухуйд тэр лам сөгдөв. Тансаг яаран түшиж босгоод өгүүлрүүн: “Лам бостугай. Би чамаас зам асуухуйд чи юунд ёсолмуй?” Тэр лам өгүүлрүүн: “Багш та маргааш баруунш одохуй замдаа санаа зовох хэрэггүй. Гагц миний нэгэн асууж лавлах учир буй, ирмэгц асууваас осолдохоос болгоомжлон өдгөө сая айлдах буй: Багш та нар хол зам хөөж зүдэрсэн тул бүгдээр өчүүхэн хувраг миний гэрт амууж (амарч) нойрсуулбаас болмуй. Гагц энэ охин Бодисадва болбоос дөхөм үгүй тул хаа хоногловоос зохих буй?” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Лам та манай багш шавьд ямар бузар санаа буй хэмээн бүү сэжиглэ, энэ өглөө хар нарсан ойгоор өнгөрөхүйеэ энэ охиныг модон дээр хүлээд байсныг үзээд би аварсугай хэмээсэнд өчүүхэн шавь Ү Күн хүлээхгүй байсан ч би энэрэх сэтгэл үүсгэн авран авч ирвэй, лам та үзэж байгаад хаа сэлүү газар буй болбоос тэнд аваачиж хонуул.” Тэр лам ёслон өгүүлрүүн: “Багшийн соёрхол буй тул Махаранзын дуганд ор засаж үүнийг тэнд хонуулсугай.” Тансаг: “Сайн, сайн” хэмээсэнд банди нар тэр охиныг Махаранзын дуганд удирдаж аваачиж хонуулав. Тансаг тэр дээд гэрт хонох болж, олон хуврагийг амутугай (амартугай) хэмээхүйд тэр тархан одов. Тансаг бээр Ү Күнд захин өгүүлрүүн: “Бие алжаав, эрт унтаж, эрт боссугай.” Гурван шавь багш лугаа нэгэн гэрт унтав. Удалгүй шөнийн гүн болов. Энэ үнэхээр:

 

            Хасын толь дээр мандаж хамаг улс нойрсон амарчээ.

            Хот зээлд нам болж хүн амьтан хөл хураагджээ.

            Тэнгэрийн оёдол цайрч түмэн од түгжээ.

            Дохионы асрын хэнгэрэгийн дуу жин халааг шавдмуй.

 

Шөнө учир үгүй. Дэд өглөө гэгээрсэн хойно Бичин босоод Гахай Шороог морио эмээллэн амьтай буудлаа зас хэмээн захиж багшаа дуудахаар орж ирээд үзвээс Тансаг бас унтсаар тул дэргэд нь эчээд: “Багш минь” хэмээн дуудахуйд багш нь толгойгоо өргөж аваад  хариулсангүй. Бичин: “Багш яав?” хэмээн асуусанд багш нь ёолон өгүүлрүүн: “Миний толгой түнэрэн бүх бие шимшрэн өвднөм.” Гахай үүнийг сонсоод орж ирэн гараараа биеийг нь тэмтрэн үзвээс баахан халуурч байх тул тэнэглэн өгүүлрүүн: “Би мэдэв. Багш өчигдөр орой зоосгүй будааг илүү хэдэн аяга идээд толгойгоо унжуулан унтсан тул идээ харшсан буй за.” Бичин зандран өгүүлрүүн: “Дэмий бүү донгод! Чухам юунаас болсныг багшаас асуусугай.” Тансаг өгүүлрүүн: “Би шөнө дөлийн үед мөр үзэхээр гарахдаа малгайгаа өмссөнгүй тул жавар авсан буй за.” Бичин: “Магад тийм болой. Өдгөө явж чадмуй юу?” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Би босч бас чадахгүй атал яахан явж чадах аж? Гагц замыг чинь саатаах болов!” Бичин өгүүлрүүн: “Багш юуг өгүүлэх нь энэ буй. Ерийн үгэнд: “Нэгэн цагийн багш хэмээгч нэг насны эцэг” хэмээжээ. Бид нар шавь болсон тул хөвгүүн лүгээ адил болой. Бас өгүүлэх нь: “Үр хүүхдийг тэжээхүйд алт мөнгөөр санах хэрэггүй, гагц байдлыг үзэн хайрлаваас зохимуй” хэмээжээ. Өдгөө багшийн бие муу байваас хэдэн өдөр саатахуйд ямар харьяа буй!” хэмээгээд ах дүү гурвуул багшаа сувилан өглөө үдшийг нөгцөөн сууж байлаа.

 

            Өдөр цагийн нөгцөх нь өдөт зэв мэт хурдан, удалгүй гурван хоног өнгөрөв. Нэгэн өдөр багш өндийгөөд Ү Күнд өгүүлрүүн: “Энэ хоёр өдөр миний бие муу тул чамаас асуусангүй. Тэр амь хэлтэрсэн охин Бодисадвад идээ ундаа өгөв үү?” Бичин инээн өгүүлрүүн: “Багш, түүнийг хамаарч юу хиймүй, өвчнөө сайтар сувилбаас барав.” Тансаг өгүүлрүүн: “Тийм, тийм, чи намайг түшиж суулган миний бийр цаас ба бэхийг гаргаж сүмээс зууруул захиж авчир, би хэрэглэсүгэй.” Бичин: “Юу хиймүй?” хэмээн асуухуйд Тансаг өгүүлрүүн: “Би нэгэн битүүмж бичиг бичиж, замын тэмдэг бичиг лүгээ чамд өгсүгэй, чи миний өмнөөс Чан Ань хотноо хүрч Тайзун хаанд баригтун.” Бичин: “Энэ маш хялбар, өвгөн Сүн би өөр явдлыг чадахгүй боловч бичиг хүргэх явдалд болбоос Тэнгэрийн доор тэргүүн зэрэг болой. Багш та бичиг юүгээ сайтар бичээд надад өг, би нэг тонгорцогловоос Чан Ань хотноо хүрч Тан хаанд бариад, дахин нэг тонгорцоглож эргэж иртэл багшийн зуурсан бэх хатаагүй байх болой. Гэвч багш бичиг хүргээд хэрхэх буй? Бичингийн санааг урьдаар надад хэлсэн хойно бичсэн ч хожимдохгүй буй за” хэмээсэнд Тансаг нулимс цувруулан өгүүлрүүн: Миний бичих нь:

 

        Тойн түшмэл тэргүүн мэхийн гурвантаа ёсолж

        Түмэн наст богд эзэнд мөргөн айлтгасугай.

        Цэргийн түшмэд бүгдээр үзэж эрхэм

        Сайд ихэс ноёд олноор цөм мэдтүгэй.

        Тэр жил зарлигаар зүүн газраас гарч

        Түүнчлэн ирснээс ном залахаар баруунш зорчив.

        Замын гудас санамсаргүй зовлонд учирч,

        Хэзээ бас аюул тохиолдохыг үл мэднэм.

        Тэр бурхны орон хэмээгч холоос хол

        Тойн би өвчин хүндэрч явахуйяа бэрх болов.

        Ном байв ч хувьгүй тул хоосон зовохын оронд

        Өөр нэгэн буянтныг илгээхийг эзэн танд айлтганам.”

 

Бичин сонсоод тэсгэлгүй хадганан инээж өгүүлрүүн: “Багш та ер тусгүй хүн, өчүүхэн өвчинд юун хэмээн ийм сэтгэл төрмүй. Өвчин чинь хүндэрвээс үхэх эдгэхийг цөм надаас асуу. Өвгөн Сүн надад эрдэм буй. Аль нэгэн эрлэг хаан нь аймшиггүй чамайг аваачих сэтгэл төрөх буй? Аль нэгэн эрлэгийн шүүгч нь аймшиггүй тэмдэг бичих буй? Аль нэгэн эрлэгийн элчин нь аймшиггүй авахаар ирэх буй? Өвгөн Сүн намайг хилэгнүүлбээс би тэрхүү тэнгэрийн ордныг ихэд түйвээсэн омгоор тэднийг газарт ортол занчиж, арван эрлэгийг нь барьж нэгд нэгнээр шөрмөсийг нь сугалж авах болой!” хэмээсэнд Тансаг: “Шавь минь, миний өвчин хүнд тул тийм их үг бүү хэлэгтүн” хэмээв.

 

            Гахай урагш давшин өгүүлрүүн: “Авгай, багш бие муу хэмээж атал, чи харин сайн хэмээх нь юун, бид эртхэн зөвлөлдөн морио худалдан, амьтайгаа данжилж, авс аван эцсийн явдлыг нь хийж тархваас сайн буй за.” Бичин өгүүлрүүн: “Манхуу бас дэмий донгодмуй! Чи мэдэхгүй. Багш болбоос Шигэмунийн хоёрдугаар шавь бөгөөд угийн нэр нь Алтан тарц хэмээмүй. Бурхны номыг хөнгөлсөн учир ийм зовлонд учрав.” Гахай өгүүлрүүн: “Авгай минь! Багш бурхны номыг хөнгөлсний учир ялдагдан ертөнцөд бууж хар цагааны далай, хэл амын газар ирж төрөн, баруун газраас ном залахаар гарч ирэн замын гудас буг шулам лугаа тохиолдох бүр баригдаж хүлэгдэн их зовлон амсав. Тийн атал өдгөө бас юунд өвчилмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи хаанаас мэдмүй, багш бурхны ном номлохуйг үтээрэн нойр хүрэн үүрэглээд урагш шилжисхийн зүүн хөлөөр гурван мөхлөг амууг гишгэсэн учир энэ ертөнцөд ирж, өдгөө гурван өдөр өвчилмүй.” Гахай сонсоод маш гэлмэгдэн: “Өвгөн Ү би будаа идэхдээ асгаж гоожуулсан нь арвин бөлгөө, өдгөө би хэдэн жил өвчлөх болов.?” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Дүү минь, бурхны таалал эгэл төрөлхтөн лүгээ адилгүй болой. “Халуун нарнаа тариа арчихуйяа хар хөлс шороонд дусалмуй. Таар мөхлөг амуу цөм тариач хүний хүч” болохыг чи үл мэдмүй. Ийнхүү багш энэ өдрийг өнгөрөөвөөс манагар сайн болном.” Тансаг өгүүлрүүн: “Би энэ өдөр маш ундаасмуй, чи одож хүйтэн ус авчран надад уулгатугай.” Бичин өгүүлрүүн: “Маш сайн. Багш ус ууваас сайн болном. Би эчиж авчирсугай.”

 

            Төд Бичин бадар аягыг барин сүмийн ар дахь зоогийн гэрт ус авахаар ороод үзвээс тэдгээр хуврагуудын нүд нь цөм улайгаад мэгшин уйлж буй. Бичин үзээд өгүүлрүүн: “Эдгээр лам нар юутай ийм хашиг буй? Бид хэдэн өдөр суувч явахуйдаа идсэн уусны үнэ мөнгийн бодож өгмүй, юунд ийнхүү бирдлэн гасалмуй!” Тэдгээр хувраг яаран сөгдөөд өгүүлрүүн: “Бид ямар аймшиггүй тийнхүү бодох аж!” Бичин өгүүлрүүн: “Яахан тийм бус буй? Манай тэр урт хошуут хуврагийн гэдэс нь ихийн тул та нар хонжигдохоос зовж байх буй за?” Тэд өгүүлрүүн: “Энэ сүмд их бага зуу илүү хувраг буй, хүн бүр нэгээхэн өдөр дагавч зуу илүү өдөр идүүлэх бөлгөө. Ямар аймшиггүй тийм санаа үүсгэх аж!”

 

            Бичин өгүүлрүүн: “Тийм бус болбоос та нар юунд уйлмуй?” Бүгд хувраг өгүүлрүүн: “Багшид нуухгүй, аль уулын шулам манай сүмд ирснийг үл мэдмүй. Үдэш бүр жүн хэнгэрэг дэлдэхээр хоёр банди одвоос, жүн хэнгэргийн дуу нэгэн зэрэг сонсодсоны дараа хүн нь хойш буцаж ирэхгүй. Маргааш өглөө нь үзвээс гагц дээл малгай, хэлхээ яс нь сүмийн ар хүрээн дотор үлдмүй. Та нарын энд ирсэн гурван хоногийн дотор манай сүмийн зургаан банди үгүй болов. Тиймийн тул бид тэсгэлгүй эмээн зовниж нулимс унагаж буй. Танай багшийн бие чилээтэй тулд үүнийг сонсгосонгүй бөлгөө.” Бичин сонсоод цочин бөгөөд баярлаж өгүүлрүүн: “Мэдэв, лав шулам хүнийг хорлож баймуй. Би та нарын тул түүнийг барьсугай.” Олон хувраг өгүүлрүүн: “Багш минь, шулам хэмээгч рид хувилгаантай, үүл манан урьж тэнгэрт гаран, газарт орж чадах болой. Эртний хүн “Чигчийн дотор чигчийг бүү итгэ, бодь сэтгэлтэн бусаас сэрэмжил” хэмээн өгүүлсэн нь зүй болой. Манай өгүүлэхүйг сонсму: Та түүнийг үнэхээр барьж чадваас манай энэ сүмийн зовлонгийн үндэс арилж хэдэн үеэр амар жимэр суух болой, хэрэв барин эс чадваас манд нэнт хор болмуй.” Бичин өгүүлрүүн: “Юун хэмээн нэнт хор болмуй хэмээмүй?” Бүгд хувраг өгүүлрүүн: “Багшид нуухгүй, манай энэ сүмд зуу илүү хувраг авч цөм багаасаа гэрээс гарсан тул эрдэмтэй нэг ч хүн үгүй.

 

        Үс урт ургаваас хусмуй,

        Өмссөн дээл цоорвоос нөхмүй.

        Өглөө болбоос нүүрээ угаагаад

        Алга хамтатгаж наманчлан

        Бурханч шашинд тангарагламуй.

        Үдэш болбоос зул хүж асааж,

        Үнэн сүсгээр мөргөн,

        Маань мэгзэм уншнам.

        Дээрээ ялгуусан бурхан,

        Есөн тахил, гурван хөлгөний номыг шүтэж,

        Авран гэтэлгэгч номын үүлийг хөлөглөн

        Хотол баясгалангийн хүрээнээ Шигэмунид бараалахыг хүсмүй.

        Дотроо гагц сэтгэлийг барин таван санваарыг сахиж,

        Их мянганыг гэтэлгэн төрөл төрөлдөө ном лугаа барилдаж,

        Үнэн хоосон ба өнгө хоосныг онохыг бодмуй.

        Өглөгийн эзэд ирвээс, өтгөс залуу, өндөр богино,

        Тарган туранхай цөмөөрөө ганди тогшин, харанга цохиж

        Дээд ном цагаан лянхуа хийгээд

        Нямба хааны наманчлалыг уншмуй.

        Өглөгийн эзэд ирэхгүй болбоос шинэ хуучин, дасал зожиг,

        Хүдэг хээнцэр цөмөөрөө алга хамтатган наманчилж,

        Үүдээ таг дарж, олбог дээрээ завилан суунам.

 

Манай аврал нигүүлсэхүй их хөлгөн номд хамаагүй бөгөөс гургалдай донгодож болжмор жиргэн дураар тэмцэлдтүгэй. Ийм тул луу барсыг номхотгож чадахгүй бөгөөд буг шулмыг ч ялгаж таньж чадахгүй болой. Багш та тэр шуламд халдваас манай энэ зуу илүү хувраг түүний нэгээхэн цагийн цав нь болоод, эн тэргүүнээ бид бүгд цөм төрөл арилжмуй, дараад энэ сүм балармуй, гутгаарт бурхны шашны нэрд муухай болмуй. Энэ үнэхээр манд тусгүй явдал болох болой.”

 

Бичин тэдний ийнхүү өгүүлэхийг сонсоод хилэгнэхийн ихээр хилэгнэж бархиран өгүүлрүүн: “Эдгээр хувраг юутай ийм мунхаг аж! Гагцхүү шулмыг мэдээд өвгөн Сүн миний түүхийг үл мэдмүй.” хэмээсэнд олон хувраг нам дуугаар: “Бид үнэхээр мэдэхгүй” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Өдгөө би бага сага тоочсугай, таануус сонс: Би

 

        Доор Цэцэгт жимст уулнаа суун луу барсыг номхотгож,

        Дээр Эсэрүа тэнгэрт гарч хурмастын ордныг ихэд түйвээж явлаа,

        Өлсөхдөө Дилавын үрлийг идэж,

        Ундаасахдаа хаан Хурмастын архинаас ууж үзлээ.

        Алтан цэцгийт ал нүдээ нээвээс

        Агаарын өнгө буурч, сарны гэрэл бүдгэрмүй.

        Атганд тэнцсэн алтан бэрээгээ өргөвөөс

        Ирэхүйд сүүдэргүй, явахуйд мөргүй.

        Юуны их бага шулам хэмээмүй,

        Байлдан орвоос буруулан зайлах нь буруулан зайлж,

        Бальдан бэгтрэх нь бальдан бэгтэрмүй.

        Тэднийг барьж авбаас огтлон хөрөөдөж

        Дээрэмдэн огоортохыг нь дээрэмдэн огоортмуй.

        Үнэхээр олон сахиулсан шид үзүүлэхүйеэ

        Онц миний эрдэм оройлох бөлгөө!

        Би энэ шулмыг барьж та нарт үзүүлбээс сая өвгөн Сүн намайг мэдэх болой!”

 

Олон хувраг сонсож: “Энэ тоймог ийм их үг хэлэхийг үзэхэд баахан чадал байх буй за” хэмээн бодоод бүгдээр “Мөн! Мөн!” хэмээв. Гагц тэдний их лам өгүүлрүүн: “Байтугай! Багш чинь чилээтэй буй, чиний тэр шулмыг барих нь хамаагүй. Ерийн үгэнд: “Эрхэмсэг эх найрт орвоос согтохгүй боловч хөлчүүрмүй. Эрэмгий баатар жагсаалд орвоос үхэхгүй боловч шархадмуй” хэмээжээ. Та хоёр тэмцэлдвээс багшид чинь хор болох болуузай.” Бичин: “Зөв, зөв. Би энэ усыг аваачиж багшид уулгаад эгэж ирсүгэй” хэмээгээд бадар аягаар ус утган авч зоогийн гэрээс гарч дээд гэрт ирээд багшдаа: “Ус уу” хэмээсэнд Тансаг их ундаасч байсан тул толгой өндийн аягатай усыг тосон авч нэг амьсгаагаар ууж орхив. Үнэхээр “Ундаассан цагт дусал ус рашаан мэт, Онош нь таарваас тун эм өвчнийг эдгээмүй” Багш нь уумагц сэргэг болсонд Бичин баясан өгүүлрүүн: “Багш өдгөө бага будаа идвээс ямар?” хэмээхүйд Тансаг өгүүлрүүн: “Энэ хүйтэн ус үнэхээр ерөндөгт эм мэт болой, уумагц өвчин нь хөнгөрөв, өдгөө будаа буй болбоос бага идсү.” Бичин дуудан өгүүлрүүн: “Багшийн өвчин илаарь болов., будаа идсү хэмээмүй” хэмээсэнд тэр хуврагууд будаа базаан зууш хуурч шөл гарган яаралдаж, удалгүй дөрөв таван ширээ цав бэлтгэн авчирч барив. Тансаг дундуурхан аяга будаа идэж, Бичин Шороо хоёр нэг ширээ будаа идэж, үлсэнийг нь Гахай хоослон орхив. Аяга саваа хураан зул асаагаад хуврагууд тархаж одов.

 

            Тансаг: “Бид өдгөө хэд хонов?” хэмээн асуухуйд, Бичин өгүүлрүүн: “Бид өдгөө гурав хонов, манагар болбоос дөрвөн өдрийн нүүрийг үзмүй.” Тансаг өгүүлрүүн: “Гурван хоногийн зам саатав.” Бичин өгүүлрүүн: “Багш минь, түүнийг бодох хэрэггүй, бид маргааш явсугай.” Тансаг өгүүлрүүн: “Зөв, миний бие бүрмөсөн илаарь болоогүй авч юун хамаа буй.” Бичин өгүүлрүүн: “Маргааш явбаас энэ шөнө би шулам барьж үзсүгэй.” Тансаг цочин өгүүлрүүн: “Бас ямар шулам баримуй?” Бичин өгүүлрүүн: “Энэ сүмд нэг шулам баймуй, олон хуврагийн тулд би түүнийг барьсугай.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, миний өвчин сая илаарьшив, чи ийм сэтгэл үүсгэх нь юун буй! Шулам рид шид их болоод барьж эс чадваас харин надад хор болуузай!” Бичин өгүүлрүүн: “Багш эгнэгт хүний зоригийг мятаамуй! Өвгөн Сүн би эчиж шулмыг лав барьж чадмуй, би бусдад дийлэгдсэн удаа баймуй уу? Гагц гар хөдлөхгүй бөгөөс яах буй, хөдөлбөөс эрхгүй дийлмүй” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, эртний хүний өгүүлсэн мэт: Тусыг олбоос тус хийж өршөөвөөс зохихыг нь өршөөмүй. Сэтгэлээ чилээхээс хураах нь эрхэм, нэр төрийг тэмцэхээс хүлцэн тэсвэрлэх нь дээд болой!” хэмээгээд шулам барихыг үл зөвшөөхүйд Бичин өгүүлрүүн: “Үнэнийг багшаас нуухгүй. Тэр шулам энд хүн иджээ” хэмээсэнд Тансаг ихэд цочин өгүүлрүүн: “Ямар хүнийг идэв?” Бичин өгүүлрүүн: “Бид ийн гурав хонотол энэ сүмийн зургаан бандийг иджээ.” Тансаг өгүүлрүүн: “Орхимжтон үхвээс увш гашуудмуй, үнэхээр сүмийн хуврагийг идсэн бөгөөс би чамайг илгээсүгэй, чи сайтар хичээгтүн.”

 

            Төд Бичин Гахай Шороод багшийг сайн сахь хэмээн захиад маш баяртайгаар гэрээсээ гарч харшийн өмнө хүрч ирэхүй сар бас гараагүй байв. Харшийн дотор хав харанхуй. Бичин гал ноцоон зул асаав. Тэр нэг зэрэг жүн цохиж хэнгэрэг дэлдэн биеэ шилгээмэгц арван хоёр гурван насны нэгэн банди болж хувилаад биедээ шар орхимж нөмрөн гартаа ганди барин, амандаа ном уншин суув. Шөнийн тэргүүн жингийн үед ямар ч чимээгүй. Дэд жин болж сар сая мандан байх үес гэнэт их салхи салхилав. Энэ салхи:

 

            Бараан үүл тэнгэрийг халхалж,

            Будангуй манан газрыг бүрхжээ.

            Арван зүг пад харанхуй,

            Алга гар олж үзэгдэхгүй.

            Сая салхилахуйяа шороо хумх дэгдэж,

            Ширүүсч догшрохуйяа ой мод булгарнам.

            Шороо хумх дэгдэхүйеэ одод анивалзаж,

            Ой мод булгарахуйяа сар будангуйрав.

            Саран дагина зандан модоо чанга тэвэрч

            Хас туулай эмийн багвараа эрмүй.

            Есөн гарагийн эзэд хаалгаа таг дарж,

            Дөрвөн далайн лусууд үүдээ яг түгжжээ.

            Хотын эзлэгч бага чөтгөрүүдээ эрж,

            Хувилгаан шидтэн үүл хөлөглөж чадахгүй.

            Эрлэг хаан элчээ алдаад,

            Эрүүгийн шүүгч малгайгаа хийсгэжээ.

            Сүмбэр уулны хад хөдлөн,

            Сүн далайн ус цалгимуй.

 

Салхи өнгөрмөгц гэнэт заарын үнэр ханхлан зүүгч хасын дуу гарч нэг сайхан эхнэр гаднаас орж ирэв. Бичин ном уншин ажиггүй сууж атал тэр эхнэр хүрч ирэн тэвэрч аваад өгүүлрүүн: “Бага тойн чи ямар ном уншиж баймуй?” Бичин өгүүлрүүн: “Амласан номоо уншин баймуй.” Тэр эхнэр өгүүлрүүн: “Өөр хүн цөм унтсан атал, чи ганцаар ном унших чинь юун?” Бичин өгүүлрүүн: “Амласан тул уншихгүй болмуй юу?” Тэр эхнэр Бичинийг тэвэрч үнсэн: “Би чам лугаа хойд хүрээнд одож наадсугай” хэмээсэнд, Бичин зөрүү харж өгүүлрүүн: “Чи юм дэмий мэдэх хүн бус!” Тэр эхнэр өгүүлрүүн: “Чи царай шинжиж чадмуй юу?” Бичин өгүүлрүүн: “Мөн бага сага төсөөлмүй” Тэр эхнэр: “Чиний шинжихээр би ямар буй?” Бичин өгүүлрүүн: “Би шинжиж үзэхүл чи баахан хуруу хумс хөдөлгөсний учир хадам эхдээ хөөгдөн гарч иржээ.” Тэр эхнэр өгүүлрүүн: “Таарахгүй! Таарахгүй, би болбоос:

 

        Хуруу хумс хөдөлгөсний учир, хадам эхдээ хөөгдсөн бус.

        Хувь заяа муугийн тул холбосон эр минь нас бага.

        Ертөнцийн хэргийг үл төсөөлөхийн тул

        Эрээ хаяад орхин гарч ирлээ.

 

Энэ шөнийн тунгалаг сарны доор урьд төрлийн ерөөлөөр чам лугаа уулзжээ. Би чам лугаа хойд хүрээнд очиж наадан цэнгэлдсүгэй.” Бичин сонсоод дотроо “Тэр хэдэн мунхаг хувраг цөм үүний өнгөнд тачааж амиа хорлуулсан ажгуу. Энэ өдгөө намайг ирж өдөөнөм” хэмээн сэтгээд: “Гэрээс гарсан нас бага хувраг би наадан цэнгэлдэх хэргийг төсөөлөхгүй” хэмээсэнд тэр эхнэр өгүүлрүүн: “Чи намайг дагаж ир, би чамд зааж өгсүгэй.” Бичин инээгээд: “Би үүнийг дагаж эчин яахыг нь үзсүгэй” хэмээн сэтгэв.

 

Тэд хоёр тохойлдон хөтлөлцөж харшийн дуганаас гарч ар хүрээний зүг одов. Зам зуур шулам хөлөөрөө Бичинийг торгоон унагаагаад амандаа элэг зүрх минь хэмээн дуудан гараараа доор биеийн нууц орныг нь тэмтрэхүйд, Бичин: “Энэ шулам өдгөө намайг идэх нь буюу!” хэмээгээд ойчуулах эрдмийг гарган шулмын гараас нь барин хөлөөрөө торгоон газар унагасанд, тэр шулам амандаа бас элэг зүрх минь, чи хайрт намайгаа ойчуулав.”  хэмээхүйд Бичин дотроо: “Энэ завд барихгүй бас ямар цагийг хүлээмүй! “Урьдваас зол, хожимдвоос гай” хэмээн бодоод үсрэн босч мөн биеэрээ болж болд бэрээгээ эргүүлэн занчин орохуйд шулам цочисхийв. Тэр шулам дотроо: “Энэ банди ийм хэцүү буюу!” хэмээн сэтгээд ажиглаваас харин тэр Тансагийн шавь Сүн овогт ажгуу. Тэр шулам Бичинээс эмээхгүй байв. Энэ ямар шулам хэмээвээс:

 

            Алтан шар хамартай, цас цагаан үстэй энэ амьтан

            Агуй нүхээр гэрээ хийж, амар жимэр оршин амьдарч ажээ.

            Гурван зуун оны шидийг олж, Гандарагүд уулнаа хэдэнтээ гарчээ.

            Цэцэг зулыг цадтал эдэлж, Шигэмунийн зарлигаар доор буужээ.

            Суваргат Махаранзын өршөөсөн охин Нэйж Тайжийн таньсан дүү.

            Энэ нь далайг таглах хэмээсэн шувуу бус,

            Уулыг үүрэх хэмээсэн загас ч бус.

            Ли хуан жаднаас эс эмээн,

            Льюй Чяны илднээс үл айнам.

            Нааш цааш зорчихуйд Жян ханы урсгал өргөн бус,

            Дээш доош гүйхүйеэ Дай Хэн уул өндөр бус.

            Түүний тийнхүү саран мэт хээнцэр, цэцэг адил сайхныг үзвээс,

            Хөгшин хулгана шулам бүтэв хэмээн хэн олж мэдэх аж!

 

Тэр шулам увидас эрдэмдээ эрдэж хос сэлмээ хангинуулж, зүүнш цавчин, баруунш ширвэж, өмнөш угтан, хойш хоригломуй. Бичин хэдий хүчтэй боловч түүнийг дийлэн чадахгүй байв. Ар хүрээн дотор атаатан хоёрын алалдсаныг хэлбээс:

 

            Жихүүн салхи дэгдэн заримдаг саран бүдгэрчээ.

            Харшийн дуганд нам жим, хонгил гудамд ив чив.

            Ар хүрээнээ алалдаан болж: үзвээс,

            Энэ Бичин тэнгэрийн богд,

            Тэр охин нь эхнэрийн манлай.

            Хувилгаан увидас мөрийцөхүйеэ

            Хэн хэндээ автахгүй.

            Нэг нь хурьцлаас хилэн болон хувилж,

            Хувхай тоймогт уурлажээ,

            Нэг нь билгийн нүдийг дүгрэглэж

            Сайхан эхнэрт хорсчээ.

            Хос сэлэм нисгэн ирэх нь

            Хувилгаан дагина мэт,

            Хүнд шийдэм эргүүлэн занчих нь

            Хүчит махаранз адил

            Алтан толтоос цахилгаан цахилан

            Болд бэрээнээс гэрэл цацармуй.

            Хас тагтад ногоолтой баригдан

            Алтан харшид энгэр дарагдмуй

            Бичин жажигнахуйяа барууны сар бага,

            Галуу ганганалдахуйяа өмнийн огторгуй уудам

            Арван найман архад гайхан магтаж,

            Гучин гурван тэнгэр цочин гэлмэгджээ.

 

Их богдын зориг нэнтээ бадарч болд бэрээ зай завсаргүй занчин ирэхүйд шулам эсэргүүцэн чадахгүй болсноо мэдээд нэгэн арга үүсгэж хойш буруулав. Бичин хойноос нэхэн: “Чивэлт амьтан чи хааш дутаамуй! Түргэн бууж өг!” хэмээгээд бархирахуйд шулам огт ажиггүй цааш буруулмуй. Бичин нэхэн гүйцэж ирэхүйд шулам зүүн хөлийн хатгамал шаахайгаа тайлж аваад тарни уншин “хувил” хэмээн үлээж өөрийн бие лугаа адил болгон хувилгаж хос сэлэм бүжиглүүлэн Бичинийг угтуулан байлдуулаад чухам бие нь салхи хувилан одов. Энэ үнэхээр Тансагийн гай болсон бус уу? Тэр шулам дээд гэрээс Тансагийг барьж аваад үүл хөлөглөн нүд ирмэхийн зуур Хөндий уулны Өрх агуйдаа аваачиж, бага шулмаст захиж хурим бэлтгүүлэн Тансаг лугаа эр эм бололцохоор байхыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин тэр шулам лугаа байлдсаар нэгэн зав олж занчин унагаагаад үзвээс харин нэгэн хатгамал шаахай болжээ. Бичин аргад орсноо мэдэж хойш ирж үзвээс багш нь хаанаас байх аж. Гагц тэр Шороо Манхуу хоёул амандаа нэг юм түднэж амуй. Бичин ихэд хилэгнэн шийдмээ далайн бархирч: “Таныг занчин алсугай! Занчин алсугай!” хэмээсэнд Манхуу ихэд айн орох газар олохгүй болжээ. Шороо болбоос Гандарагүд уулын их баатар агснаар, үзэж сонссон нь олон тул хэрэг ихдэхээс болгоомжлон урьхан зөөлнөөр урагш ирж сөгдөн өгүүлрүүн: “Авгай, би мэдлээ. Чи багшийг авран гаргалгүйгээр бид хоёрыг занчин алаад гэртээ харьсугай хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Би та хоёрыг занчин алаад ганцаараа багш юугаа авран гаргамуй!” Шороо инээн өгүүлрүүн: “Авгай юуг өгүүлмүй! Бид хоёргүй болбоос үнэхээр “Ганц цучил гал болохгүй, Ганц хүн хүн болохгүй” хэмээсэн мэт болмуй. Ах минь, бид хоёр ой хэдий муу боловч энэ морь ба амьтайг сахиж чадахгүй буюу? Гуан жүн буу шу яа-ийн алдан хуваасныг дуурайхаас бус, Сүн бин пан жюаны аргаар тэмцэлдсэнийг дуурайж үл болмуй. Эртний хүн: “Барсыг алахуйяа төрсөн ах дүү хамжих хэрэгтэй, жагсаалд орохуйяа эцэг хөвгүүн өмөглөх хэрэгтэй” хэмээжээ. Авгай манийг уучлан аваачих ажааму. Манагар үүр цайсны хойно бид хамтаар багшаа эрсүгэй.” Бичин хэдийгээр увидас эрдэм их боловч сэтгэл зөөлөн тул Шороогийн гуйхуйд сэтгэл нь зөөлрөөд: “Та хоёр бос. Маргааш багшийг эрэхүйд сааргүй хүчил” хэмээсэнд, Манхуу уучлав хэмээхүйг сонсоод донхолзон өгүүлрүүн: “Ах минь, энэ цөм миний уршиг болой.” Ах дүү гурвуул энэ тэрийг сэтгэн хэрхэн унтаж орох аж. Чадваас тэр дороо шөнийг үлдэж өдөр болгосугай хэмээн санамуй.

 

Үүр цайлгасны хойно гурвуул амьтай боодлоо багцлан явах хэмээж атал тэр сүмийн хуврагууд ирж “Багш нар, та хаана одмуй?” хэмээсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Ичих мэт. Өчигдөр таны тул шулмыг барих хэмээн бардамнаад барьж чадсангүй мөртөө багшаа алдав. Бид багшаа эрэхээр одмуй.” Олон хувраг айн өгүүлрүүн: “Өчүүхэн хэргийн тул багшийг чинь чирэгдүүлэв. Та нар хаанаас эрэх буй?” Бичин: “Эрэх газар буй.” Олон хувраг яаран: “Тийн болбоос та нар эртийн цав бариад явагтун.” хэмээгээд хоёр гурван пэнс цав авчран барьсанд Гахай цөмийг хоослон орхиод өгүүлрүүн: “Сайн хувраг болой! Бид багшаа олсны хойно эгэж танай энд ирсүгэй.” Бичин: “Чи энд бас ирж будаа идсү хэмээмүй юү? Чи одож тэр охиныг буй эсэхийг нь үз” хэмээсэнд олон хувраг өгүүлрүүн: “Тэр охин алга болжээ, алга болжээ, ирсэн тэр нэгэн шөнөдөө байсан бөлгөө хойно үзэгдэхгүй болжээ.”

 

Бичин маш баяртайгаар олон хуврагаас салан Гахай Шороогоор дамжуур дамнуулан морь хөтлүүлж сүмээс гарч зүүн зүгийг чиглэн одов. Төд Гахай өгүүлрүүн: “Ах буруудав, юунд зүүн зүг явмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи хаанаас мэдмүй! Урьд өдөр хар нарсан ой дотор хүлэгдэж байсан тэр охиныг өвгөн Сүн би алтан цэцгийт ал нүдээрээ үзээд шулам хэмээн лав таньсан атал та нар харин сайн хүн болгож тавив. Өдгөө сүмийн хуврагуудыг идэгч нь тэр охин бөгөөд багшийг аваачигч нь мөн тэр охин болой. Танай авран гаргасан тэр охин Бодисадва чинь өдгөө багшийг аваачсан тул мөн ирсэн тэр замаар одож эрмүй.” Тэр хоёул сая ухан мэдэж: “Сайн, сайн. Үнэхээр бодлого гүн ажгуу! Одсугай! Одсугай!” хэмээв. Гурвуул удсангүй ойд хүрч ирэн үзвээс:

 

            Үүл тунаран манан бүрхэж

            Хад дэгтэрлэн зам ороожээ.

            Үнэг туулай ийш тийш гүйлдэн

            Барс ирвэс нааш цааш зөрөлдмүй.

            Ойн дотор шулам бараа сураггүй,

            Тансаг хаа байхыг мэдэхгүй.

 

Бичин тэсгэлгүй бачимдан болд бэрээгээ авч, бие шилгээн тэнгэрийн ордныг ихэд түйвээсэн тэрхүү дүрээр гурван тэргүүн зургаан гартай болж хувилаад гурван шийдэм эргүүлэн тас няс цохилон үүсгэхүйд Гахай үзээд өгүүлрүүн: “Шороо! Номын ах хилэгнэжээ. Багшийг эрж олохгүй тэнцүүрэн хий солиотой болсон буй за. Бичиний ийнхүү цохилохуйд уул газрын хоёр савдаг гарч ирээд өмнө нь сөгдөн өгүүлрүүн: “Их богд оо! Уул ба газрын савдаг ирээд мөргөж байнам.” Гахай өгүүлрүүн: “Үнэхээр илбэтэй болой! Нэгэн зэрэг цохилсонд хоёр савдаг гарч ирэв, бас цааш цохилбоос оны эзэн тэнгэр бас гарч ирэх магадгүй.” Бичин: “Уулын савдаг газрын савдаг та нар юутай ийм ёсгүй аж! Энд нэг бүлэг дээрэм босч та нарыг тахихуйд та нар тэдэн лүгээ ханилж миний багшийг авч ирээд өдгөө хаа тавив? Үнэнээ хурдан өчиглө, эс өчиглөвөөс элдмүй!” хэмээсэнд, тэр хоёр савдаг айн эмээн өгүүлрүүн: “Их богд эндүүгээр манийг буруушаав. Шулам манай энэ өчүүхэн уулны захиргаанд үгүй. Гагц шөнө салхи өнгөрөхүйд чимээг сонсож тэр шулмын байх газрыг төлөвлөн мэдэв.” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос тодорхой хэл!” Тэр хоёр савдаг өгүүлрүүн: “Тэр шулам багшийг чинь авч өмнөш одов. Эндээс өмнө зүг мянган газрын үзүүр нэгэн их уул бий, нэр нь Хөндий уул хэмээмүй. Тэр уулны дотор нэгэн агуй буй, нэр нь Өрх агуй хэмээмүй. Тэндэх шулам хувилж ирээд багшийг чинь аваачсан буй за.” Бичин сонсоод хирдхийн тэр хоёр савдгийг буцаагаад уг биеэ болж Гахай Шороод өгүүлрүүн: “Багш хол одов.” Гахай өгүүлрүүн: “Хол одсон болбоос үүл хөлөглөн түргэлэн явсугай.”

 

            Манхуу урьдаар хуй салхи хөлөглөн дэгдэхүйеэ Шороо дагалдан үүл хөлөглөж гарав. Тэр бөх цагаан морь болбоос луугийн зулзага тул, ачаагаа ачин бас үүл хийсгэв. Их богд нэгэнтээ тонгорцоглон өмнө зүгт одов. Удалгүй нэгэн их ууланд хүрч ирэв. Тэд гурвуул морио зогсоож, үүлээ тогтоон тэл уулсыг үзвээс:

 

            Шовх оргил тэнгэрт тулж

            Шорон хад үүлнээ шургажээ.

            Зүйл бүрийн мод хөвчлөн ургаад,

            Жигүүртэн шувууд  жиргэн донгодмуй.

            Барс ирвэс наагуур цаагуур гүйлдэж

            Буга хандгай энүүгээр тэнүүгээр зорчмуй.

            Ээвэр газар элдэв цэцэг дэлгэрэн

            Сүүдэр газар сөөг цас цайнам.

            Халил асга хавцал гацаа,

            Хана хадан хийсэм эрэг.

            Өндөр оргил гүн зав

            Үзсэн бүхэн зүрх алдмуй.

            Ой дотор түлээ авагчид үзэгдэхгүй,

            Уулан дээр эм түүгчид харагдахгүй.

            Барс ирвэс манан татуулан,

            Үнэг чоно салхи урьмуй.

 

Гахай өгүүлрүүн: “Ах аа, энэ уул ийм бэрх бартаатай тул лав шулам баймуй.” Бичин: “Тийм болой. “Уул өндөр болбоос буг буй, хад хэцүү болбоос шулам буй” хэмээгээд өгүүлрүүн: “Шороо бид хоёул энд хүлээж байсугай. Гахай чи урьдаар уулан дотор ороод аль замаар явбаас сайн, агуй нь хаа байх, амсар нь хаа байхыг нарийн үзээд ирсний хойно бид бүгдээр эчиж багшийг авран гаргахуйд хялбар болой.” Гахай өгүүлрүүн: “Миний хийморь хэвтжээ, хамгийн өмнө хал амсмуй!” Бичин өгүүлрүүн: “Чиний өчигдөр оройн хэлсэн үг ямар бөлгөө, өдгөө юунд хэлсэндээ үл суумуй?” Гахай: “Бүү цуугь, би одсугай” хэмээгээд малтуураа орхин дээлээ засан ууланд буугаад шулмын агуйг эрэхээр одов. Энэ одсоноо эгнэгт ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 1 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 48 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 17 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 21 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 4 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 37 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 40 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 40 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 14 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 23 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 34 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 39 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 1 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 18 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 12 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 36 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 37 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 53 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК