зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наядугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯДУГААР БҮЛЭГ:


САЙХАН ОХИН АРГЫН ШИМИЙГ ХҮСЭЖ ЭР ЭРЭВ

СЭТГЭЛИЙН БИЧИН ШУЛМЫГ ТАНЬЖ БАГШАА ХАМГААЛАВ

 

Өгүүлэх нь, Аяг тахимлигийн улсын хаан түшмэд, харц иргэд бээр Тансаг багш шавь дөрвүүлийг хотоос хорин газар хол гартал үдээд бас салан төвдөхгүй бүхийд Тансаг хүчлэн маргаж, сүйхнээс буун, аярлах ёсныг гүйцэтгэн моринд мордож салан эчсэнд үдэгчид бараа тасарсан хойно сая эгэв. Тэд дөрвүүл явсаар байтал удалгүй бас өвөл өнгөрч, хавар нөхцөөд өнгийн цэцэг дэлгэрч, үзэмж байдал үнэхээр сайхан болов. Ийнхүү яван атал өмнө нь нэгэн өндөр уул харагдав. Тансаг инээн: “Шавь нар минь өмнөх ууланд зам ыбайх болов уу? Та нар сайтар хичээгтүн.” хэмээхэд Бичин инээн өгүүлрүүн: “Багшийн энэ үг хол зам зам хөөх хүний хэлэх үг бус, харин өрх гэрээсээ гараагүй эрх танхи хүний хэлэх үг болой. Эртний үгэнд “Уул өндөр боловч замтай, ус гүн боловч оломтой” хэмээжээ. Юун хэмээн зам буй үгүйг асуумуй?” Тансаг өгүүлрүүн: “Хэдий тийм боловч бартаат уул, балар ой дотор буг шулам байхаас эмээмүй.” Гахай өгүүлрүүн: “Сэтгэлээ сул тавьтугай. Энэ газар Төгс жаргалант орноос хол бус болсон тул лавтайяа амар тайван болой.” хэмээн багш шавь хэдүүл хараахан хэлэлцэн явсаар санамсаргүй уулын хормойд хүрэв. Бичин болд бэрээгээ авч асга хаднаа гаран дуудруун: “Багш минь, үүгээр уул ороон гарах их зам буй, түргэн иртүгэй.” хэмээсэнд тансаг сая сэтгэл уужран морийг шавдаж урагш явав. Шороо бээр: “Хоёрдугаар ах чи дамжуурыг дамнатугай.” хэмээхэд Гахай даруй дамжуурыг авч, Шороо цулбуураас хөтлөн Тансаг морийг шавдаж, Бичинг даган их замд оров. Тэр уулыг үзвээс:

 

            Үүл манан өндөр оргилыг бүрхэн, горхи булаг зав жалгаар урсмуй. Өнгийн цэцэг нийдэм дэлгэрч ой мод уулыг хөвчилжээ. Элдэв жимс дүүрэн сууж, аагим зуны эх болжээ. Номин асга дээр ногоон нарс шүхэрлэн, ханан хаднаа хуш, майлс саравчилжээ. Үнэхээр оргил шорон өндөр богиноо адилтган, ус урсгал гүн гүехнээ мөрийцмүй.

 

            Багш бээр уулын үзэмжийг үзэж, шувуу донгодохыг сонсон агсаар гэнэт нутгаа санаж, морийг татан өгүүлрүүн: “Шавь нар минь. Тэнгэрийн хөвгүүний зарлигийг дагаж, тэмдэгт бичгийг хүлээн авч, Тан хаанд аярлан төрөлх нутгаас салж, Жэн Годаны арван тавдугаар онд зүүн газраас мордон аюул зовлонг туулан, уул усыг гэтэлж, өдий хол замнасан авч, эгнэгт хэзээ бурханд золгон,үнэн номыг олж залаад, өөрийн улсдаа буцахыг үл мэднэм.” Бичин өгүүлрүүн: “Багш чиний ямагт нутгаа санах нь гэрээс гарсан хүний дүр огтхон ч үгүй, гагц сэтгэлээ сул тавьж явтугай. Эртний хүний өгүүлсэн нь: “амар жаргалыг олсугай хэмээвээс амь цөлөн зүтгэтүгэй.” хэмээжээ. Тансаг өгүүлрүүн: “Шавийн хэлэх хэдий зөв хэмээвч гагц баруун газар эчих зам хаана байхыг мэдэхгүй болой.” Гахай өгүүлрүүн: “Багш минь, Шигэмуни бурхан гурван хөлгөний судраа тул маний залахаар эчихийг сонсоод нүүсэн буй за. Бус болбоос яахан яваад хүрэхгүй вэ?” Шороо өгүүлрүүн: “Дэмий бүү донгод. Гагц их ахыг дагаж явтугай. Зориг байваас лавтайяа хүрэх өдөр бий.” хэмээв.

 

            Багш шавь дөрвүүл хараахан сул хэлэлцэн явж атал өмнө нь балар нарсан ой харагдахыг үзээд Тансаг цочин эмээж дуудруун: “Ү Күн бид сая тэр бэрх замыг өнгөртөл бас яахан энэ балар нарсан ой тохиолдсон аж? Эрхбиш хичээгтүн.” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Түүнээс юунд аймуй?” Тансаг өгүүлрүүн: “Чи ямар үг өгүүлмүй? Чихэн доторх чихийг үл итгэн, өршөөлтэй өршөөлгүйг хичээн сэргийлбээс зохимуй.” Бид хэд хэдэн нарсан ойг өнгөрсөн боловч энэ мэт балар зузаангүй бөлгөө.” хэмээв. Үзвээс:

 

            Ороонго торлоод зорчигчид туулахад бэрх, аргамж хөгнө ороолдоод аянчид өнгөрөхүйеэ хэцүү, ой дотор орвоос өдөр нар үл үзэгдэн, үдэш од үл харагднам. Ээвэр газар элдэв цэцэг дэлгэрэн, зах газар зүйлийн жимс сууж, өрц дотор өндөр модод сэгийлцэн, орой дээр уянгат шувууд донгодмуй. Аглаг дотор араатан гөрөөс сүлжилдэн, балар дотор буг шулам оршжээ. Үнэхээр сахиусан эрхтэн боловч сүрдэн эмээж, Суваргат Махаранз боловч сүнс зайлмуй.

 

Их богд өчүүхэн ч эмээхгүй болд бэрээ эргүүлэн, зам гаргаж зам удирдан балар ойд орж хагас өдөр явтал захад гарах зам харагдахгүй тулд Тансаг дуудан өгүүлрүүн: “Шавь минь баруунш зорчсоноос нааш тоолшгүй олон уул ойн бэрх бартааг өнгөрөв. Завшаанаар энэ дотор энх сэлүүн бөгөөд элдэв цэцэг бадран дэлгэрсэн нь сэтгэлд маш тааламжтай байнам. Би энд түр сууж нэгд морио амруулсугай, жичид гэдэс өлсөх тул чи явж баахан цав бадарлан авчирч надад идүүлтүгэй.” хэмээхэд Бичин: “Тийм бөгөөс багш мориноос буун сууж атугай, би цав бадарлахаар одсугай” хэмээсэнд Тансаг мориноос буув. Гахай морийг авч модноос уяхад Шороо дамжуурыг буулган бадар аягыг авч Бичинд өгсөнд Бичин тосч аваад: “Багш санаа амар суутугай. Бүү эмээгтүн. Би даруй ирмуй” хэмээсэнд Тансаг модны сүүдэрт завьлан суув. Гахай Шороо цэцэг чимхэн жимс түүж сул наадахаар одов. Тэндээс их Богд нэгэнтээ тонгорцоглон огторгуйд гарч үүлийг тогтоон хойш гарч үзвээс ойн дотроос гэгээн туяа цацран бэлгэт уур мандмуй. Үүнийг үзээд тэр дуу алдан: “Сайн сайн” хэмээв. Учир юун хэмээвээс Тансаг болбоос алтан аршийн хувилгаан. Арван төрөл ариунаар бясалгасан сайн хүн тул ийм гэгээн гэрэл цацармуй. Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би таван зуун жилийн өмнө тэнгэрийн ордныг ихэд түйвээх үес далайн зах тэнгэрийн хязгаарт дураар тойрон олон шулмыг хураамжлан өөрийн биеэр тэнгэр лүгээ чацуу Их Богд хэмээн өргөмжилж луу барсыг дарангуйлан заяаны дансыг баллаад тэргүүнд гурван титэмт алтан малгай тавьж, биед шижир алтан хуяг өмсөн, гарт болд бэрээ барьж, хөлд үүлэн гутал дүрэн, дороо дөрвөн түм долоон мянган шулмыг захирч, Их Богд өвөг хэмээн хүндэтгэгдэж үнэхээр хүний дээд явав. Өдгөө тэнгэрийн зовлонгоос гэтэлж багш чиний өчүүхэн шавь болов. Өдгөө багшийн оройгоос гэгээн гэрэл цацрахаар үзвээс зүүн газартаа буцсан хойно буяны үйлс бүтэж би ч бодь хутгыг олох нь лав болой” хэмээв.

 

Ийн өгүүлж атал гэнэт ойн өмнө биеэс нэгэн зурвас хар уур бүрхэн гарч эгшинээ Бичин ихэд цочиж: “Тэр хар уур дотор лав муу юм баймуй. Манай Гахай Шороо хоюул хар уур гаргаж чадахгүй бөлгөө” хэмээн огторгуйгаас ажиглан харж авай.

 

            Өгүүлэх нь: Тансаг ойн дотор сууж тэгш уул, их билэг барамидын ерөөлийг уншиж атал гэнэт “Амь авраа” хэмээн дуудах дуун бүүр түүр сонсогдохуйд ихэд цочин өгүүлрүүн: “Хайрхан хайрхан. Энэ мэт балар ойд бас юуны хүн байх аж? бодвоос лав догшин араатнаас айсан буйзаа. Би одож үзсүгэй” хэмээгээд босож хөгшин майлс хөх нарсыг тойрон ороонг зэлийг зайлуулан ойр хүрч үзвээс нэгэн бүдүүн модноос нэгэн охиныг хүлээд дээд биеийг нь зэрлэг ороонгоор уяж доод биеийг нь газарт булжээ. Тансаг зогтусан зогсож түүнээс “Охин бодисадва чамд ямар хэрэг байж энд хүлэгдэв?” хэмээн асуув. Аяа илт шулам бөгөөтөл энгийн нүд эглийн биет Тансаг эс танив. Тэр шулам түүнийг эрж асуухыг үзээд нүдний нулимсыг борооны дусал мэт асгаруулав. Өнгийг үзвээс Сама цэцгийг гутааж саран дагиныг ичээмүй. Тансаг аймшиггүй ойр эчихгүй зогсож: “Охин бодисадва чамд чухам ямар ял байх аж? Ядуу тойнд хэлвээс би чамайг аврахад сайн болой” хэмээн асуухад тэр шулам ов гарган, уран хоншоорлдож яаран өгүүлрүүн: “Багш минь миний гэр эндээс хоёр зуун газар зайтай Бямба улсад бий. Миний эцэг эх цөм байх бөгөөд буян үйлдэхэд маш дуртай, нэгэн насанд ураг саданд элэгсэг хайртай бөлгөө. Ханшийн өдөр олон, төрөл садан хийгээд гэрийн хөгшин залууг авч өвгөдийн бумбанд тахил тавьмуй хэмээн бүгдээр тэрэг мориор хот гарч эхсийн газарт хүрээд тахилын юмыг сая тавин цас шатааж атал гэнэт харанга хэнгэрэг дуугаран нэг сүрэг дээрэм гарч ирээд илд шийдэм эргүүлэн бархиралдсан ирэхэд бид цөмөөр сүнс завхан сүг сарнижээ. Эцэг эх хийгээд ураг садан цөм тэрэг морь олж амь гаран зугтасанд өчүүхэн би насан бага дутаан чадсангүй газар ойчсонд олон дээрэм ууланд барин аваачиж их ван нь хатан болгомуй. Хоёрдугаар ван татвар болгомуй хэмээтэл гуравдугаар дөрөвдүгээр ван нь бас миний өнгөнд дурлан тэмцэлдэж дотор зуураа эвдрэлцсэн тул өчүүхэн охиныг ойд хүлж орхиод олон дээрэм тархалцан оджээ. Өдгөө нэгэнт таван хоног болж үзтэл амь дуусан бие мөхөх болов. Завшаанд өвгөдийн буянаар энэ өдөр багш лугаа учирсан тул ихэд энэрэн нигүүлсэж амийг нэгэнтээ аварваас есөн булгийн дор хүрэвч ачийг үл умартмуй” хэмээгээд нулимсыг борооны дусал мэт асгаруулав.

 

            Тансаг энэрэнгүй сэтгэл төрөн тэсгэл үгүй нулимс унагаж эмгэнэн: “Шавь нар минь” хэмээн дуудсанд Гахай Шороо хоёр хараахан ойн дотор цэцэг чимхэн, жимс түүж атал гэнэт багшийн дуудах дуу сонсогдсонд Манхуу өгүүлрүүн: “Шороо, багш энд ураг садантайгаа учран танилцсан буй за” Шороо инээн өгүүлрүүн: “Ах чи дэмий донгодмуй. Бид өдий удаан явтал сайн хүн ч золгосонгүй бөгөөтөл хаанаас ураг садан байх аж?” хэмээхэд Гахай өгүүлрүүн: “Ураг садан бус бөгөөтөл багш тэнд хэнтэй уйлалцмуй? Бид одож үзсүгэй” хэмээгээд Шороогийн хамт морио хөтлөн дамжуураа дамнан урагш эчиж “Багш минь, юу вэ?” хэмээн дуудахад Тансаг хуруугаар модыг зааж “Гахай тэр охин бодисадваг тайлж амийг авартугай” хэмээсэнд Манхуу бээр юуг ч хамаарахгүй урагш давшин тайлан үүсгэв.

 

            Жич өгүүлэх нь: Их Богд огторгүй дээрээс тэр хар уул гэгээн гэрлийг бүрхэснийг үзээд: “Муу болов. Муу болов. Хар уул гэгээн гэрлийг бүрхсэн нь шулам багшид хор болмуй. Цав бадарлах нь бага хэрэг. Даруй эчиж багшийг үзсүгүй хэмээгээд үүл хөлөглөн ойн долтор бууж ирээд үзвээс Гахай хүлээсийг тайлж байх тул  урагш давшин чихнээс хүчлэн татаж газарт унагав. Манхуу мөлхөн босож өгүүлрүүн: “Багш намайг үүнийг авар хэмээхүл чи юунд хүчирхэглэн намайг энэ мэт унагамуй?” Бичин инээн: “Дүү чи үүнийг битгий тайл. Энэ болбоос шулам болой. Ов гарган манийг хуурмуй” хэмээсэнд Тансаг зандран “Муу сармагчин чи бас худал донгодмуй. Юунд ийм нэгэн охиныг шулам хэмээн өгүүлэв” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Багш чи мэдэхгүй. Энэ чухам миний үйлдэж өнгөрсөн хэрэг. Хүний махыг идсүгэй хэмээх арга болой. Чи яахан танимуй”. Гахай хоншоор эртийн өгүүлрүүн: “Багш энэ агтан даамлын хуурахыг бүү сонс. Энэ охин илтэд эндэх хүн мөн бөгөөтөл шулам хэмээж байх нь биднийг аргалж урд явуулаад өөрөө тонгорцоглон эргэж ирээд үүн лүгээ эвтэй хэрэг үйлдэх хэмээсэн санаа буй за” хэмээсэнд Бичин зандран өгүүлрүүн: “Манхуу чи битгий донгод. Өвгөн Сүн би баруунш зорчсоноос нааш муу явсан газар байна уу? Чамд адил өнгөнд тачаан, амиа тэвчиж, ашигт дурлан, журмыг умартагч аагийн тулам мэтээр сайн мууг мэдэлгүй хүний хүргэн болмуй хэмээн хуурдаж модонд хүлэгдсэн буюу” хэмээхэд Тансаг “Байтугай байтугай. Номын ах чиний ерөөс үзэж гардаг бөлгөө. Өдгөө ийнхүү хэлэх тул үүнийг хамаарахгүй явсугай” хэмээсэнд Бичин ихэд баярлан “Сайн болов. Багшийн амь мэнд гарав. Даруй мориндоо мордогтун. Нарсан ойгоос гараад айл тохиолдвоос чамд цав бадарлан идүүлсүгэй” хэмээгээд дөрвүүл шулмыг орхин урагш одов. Тэндээс модонд хүлээстэй тэр шулам шүд зуун занан өгүүлрүүн: “Хэдийнээс Сүн Ү Күнийг хувилгаан увидас маш их хэмээн сонссон бөлгөө. Өдгөө үзвээс үнэн ажгуу. Тэр Тансаг хэмээгч үнэхээр хараахан багаасаа сахил авч тослоо алдаагүй ариун хүн ажгуу. Чив хийтэл түүнийг барьж аваачин бие нийлж арш хувилгаан босгугай хэмээтэл энэ сармагчин намайг таниад түүнийг аврав. Хэрвээ дээсийг тайлан намайг тавьсан бөгөөс гарын аяар түүнийг барин аваачваас даруй миний хүн болох бус уу. Өдгөө тэр самж өгүүлэн хэлсээр авч явсан нь миний аргыг хоосоор болгосон бус уу. Гэвч би түүнийг хэдэнтээ дуудаж хэрхэхийг үзсүгэй” хэмээн хүлээсийг хөдөлгөлгүйгээр салхины аяар: “Багш чи амьд хүний амийг үзэж агаад аврахгүй бөгөөтөл ямар сэтгэлээр бурханд золгож ном залахаар эчих аж?” хэмээн дуудав.

 

            Тансаг морин дээрээс энэ мэт дуудахыг сонсоод даруй морийг татаж өгүүлрүүн: “Ү Күн чи одож тэр охиныг тавьтугай” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Багш явсаар агаад бас яахан түүнийг санав?” Тансаг: “Тэр тэнд дуудаж баймуй” хэмээсэнд Бичин: “Гахай чи сонсов уу?” хэмээн асуусанд Гахай: “Чих навтайн сонорыг халхлаад эс сонсов” хэмээгээд Шороогоос: “Чи сонсов уу?” хэмээн асуухад Шороо өгүүлрүүн: “Би дамжуурыг дамнан өмнө явж увайлсангүй тул эс сонсов”. Бичин: “Би бас эс сонсов. Багш минь тэр юун хэмээн дуудмуй. Яахан гагц чи олж сонсов” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Түүний дуудах нь зөв болой. Тэрээр “Амьд хүний амийг үзэж агаад аврахгүй бөгөөтөл ямар сэтгэлээр бурханд золгож ном залахаар эчих аж?” хэмээмүй. Үнэхээр: “Нэгэн хүний амийг аварваас долоон үет суварга бүтээснээс дээд” болой. Түргэн одож түүнийг аварваас бурханд мөргөж ном залахаас илүү болой” хэмээвээс Бичин инээн өгүүлрүүн: “Багш буяныг бодвоос буг шулмыг ялгахгүй болой. Чи зүүн газраас залран баруунш заларснаас хойш шулам олон тохиолддог чамайг агуйдаа авч орсныг би хүрч авран тэдгээр шулмыг үүр үүрээр занчан алдаг бөлгөө. Энэ өдөр нэгэн шулмын амийг таслахыг үл төвдөн одож аврах нь юун?” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь эртний хүн: “Буяныг бага боловч үйлд. Нүглийг бага болбоос бүү үйлд” хэмээжээ. Ийнхүү зүй нь түүнийг одож аварваас зохимуй” хэмээхэд Бичин өгүүлрүүн “Багш үнэхээр тийм бодож түүнийг аварсугай хэмээвээс би чамайг аюулгүй хориглож үл чадмуй. Хэрвээ хоригловоос чи бас хилэгнэх тул өөрийн зоригоор болтугай” хэмээхэд Тансаг: “Сармагчин чи дэмий бүү өгүүл. Гахай бид хоёр түүнийг тавихаар эчсүгэй. Чи энд суун хүлээж агтун” хэмээв.

 

            Тансаг ойд эгэн орж Гахайгаар дээд биеийн хүлээсийг тайлуулан, доод биеийн булаа шороог малтуураар малтуулан гаргасанд тэр шулам баярлаж хормойвчоо засан Тансагийг дагаж ойгоос гаран Бичиний дэргэд ирсэнд Бичин бээр жихүүнээр инээн зогсохгүйд Тансаг хараан өгүүлрүүн: “Садаа самж юунд инээмүй?” Бичин өгүүлрүүн: “Би чиний “хишиг ирвээс сайн хүн лүгээ учран хийморь хэвтвээс саар хүн лүгээ учрах”-д инээмүй”. Тансаг бас өгүүлрүүн: “Садаа Самж дэмий бүү донгод. Би эхийн хэвлээс гармагц тойн болж өдгөө зарлигийг хүлээн баруунш зорчин чин сэтгэл, үнэн сүсгээр бурханд мөргөж ном залаар одохоос бус ашиг алдар хөөгч бус тул хийморь хэвтэх юун бэ?” хэмээсэнд Бичин инээн өгүүлрүүн “Багш минь чи хэдий багаас тойн болов хэмээвч гагц маань тоолох ном уншихыг мэдэхээс бус хааны хууль цаазыг мэдэхгүй буй за. Бид цөм тойн хүн агаад ийм хээнцэр охинтой хамт явахуйяа муу хүн учирч манийг яаманд хүргэн заалдваас юуны ном залж мөргөл хийхийг өгүүлэх аж. Бүгдийг хуялч хулгай хэмээн ялдаж багшийн төдийг хураан авч хүндэд занчаад Гахайг цэрэгт цөлөн Шороог өртөөнд суулгаваас би хэдий сайхнаар хэлэвч ариунд гарч чадах бээр үгүй тул мөн ёс бус явсан ялд унамуй за”. Тансаг зандран өгүүлрүүн “Битгий донгод. Юу хэмээвээс би үүний амийг аварсан тул дагуулан явахад юуны хамаа вэ? Ямар хэрэг гарав хэмээвээс цөм миний биед баймуй” Бичин өгүүлрүүн: “Багш хэдий хэргийг биед хүлээх боловч үүнийг аварсан бус харин гэдрэг хор хийсэн болой” Тансаг өгүүлрүүн: “Би үүний амийг аварч ойгоос гаргасан бөгөөтөл яахан гэдрэг хорлосон хэмээх вэ?” Бичин өгүүлрүүн: “Энэ хэрвээ модон дээр хүлэгдэж өл хоолгүйгээр өлбөрөн үхвээс мөн нэгэн бүхэл бие бүтэн цогцоор эрлэгт хүрэх буй за. Өдгөө үүнийг дагуулан гарч ирсэнд чиний морь хурдан бөгөөд бид цөм чамайг даган явмуй. Энэ охины хөл бяцхан алхан явахад бэрх тул хэрхэн дагаж дийлмүй? Хойно хоцорч барс чононд идэгдвээс гэдрэг харин амийг нь хөнөөсөн бус уу?” Тансаг өгүүлрүүн: “Үнэхээр тийм болой. Өдгөө хэрхвээс сайн” хэмээсэнд Бичин инээн өгүлрүүн: “Үүнийг моринд өргөн гаргаж чамтай сундлуулсугай”. Тансаг баахан бодлогошрон: “Би түүнтэй хэрхэн сундалмуй, энэ яахан явах вэ?” хэмээгээд “Гахай үүнийг үүрэн явтугай” хэмээв. Бичин инээн: “Манхуугийн хишиг болов” хэмээхэд Гахай өгүүлрүүн: “Хол замд хөнгөн дамнуур үгүй. Надаар хүн үүрүүлээд бас юуны хишиг болов хэмээмүй.” Бичин: “Чиний хоншоор урт тул үүнийг үүрч явбаас хойш харж нууц үг хэлэлцэхэд сайн бус уу?” хэмээсэнд Гахай сонсоод өвчүү дэлдэн хилэгнэж “Эвий халаг багш намайг занчваас би тэсвэрлэн чадмуй. Үүний үүрэг бөгөөс ариун бус. Ах хүнийг үнэхээр хиртээж чадмуй. Би үүрэхгүй” хэмээхэд Тансаг өгүүлрүүн “Байтугай байтугай. Би бууж алгуураар хамт алхсугай. Гахай морийг хөтлөгтүн” хэмээв. Бичин ихэд инээн: “Манхуугийн зол болов. Багш чамаар морь хөтлүүлэв” хэмээхэд Тансаг өгүүлрүүн: “Энэ Самж бас дэмий донгодмуй. Эртний хүн “Хүлэг морь нэгэн өдөр мянган газар явах чадал буй авч хүн үгүй бөгөөс болохгүй” хэмээжээ. Хэрвээ би алгуур явбаас би намайг орхиод явмуй юу? Та нар мөн алгуур явах хэрэгтэй болой. Бид бүгдээр энэ охин бодисадва лугаа хамт уулаас буун сүм хийд буюу айл тосгон тохиолдвоос үүнийг тэнд үлдээсүгэй. Тийм бөгөөс мөн үүнийг нэгэн удаа аварсан явдал болох болой”. Бичин “Багшийн өгүүлэх зөв болой. Түргэн урагш одсугай” хэмээв. Түүнээс Тансаг өмнө орж Шороо дамжуур дамнан, Гахай морь хөтлөн охиныг дагуулж Бичин болд бэрээгий нь барин урагш хорь гучин газар явсангүй нар шингэж орой болов. Ажиглаваас өмнө нь асар тагт, орд харш харагдмуй. Тансаг өгүүрүүн: “Шавь нар минь. Тэр лав сүм хийд буй за. Эчиж хоног гуйн энэ шөнийг өнгөрөөн манагар эрт явсугай”. Бичин: “Мөн болой. Бид түргэн явсугай.” Удалгүй хаалганы ойр хүрсэнд Тансаг: “Та нар энд түр буугаад миний дотогш орж хоног гуйгаад дуудахыг хүлээ” хэмээсэнд тэд цөм удны дор зогсон хүлээхэд Бичин болд бэрээгээ барин тэр охиныг ажиглан авай.

 

            Тансаг урагш алхан хаалган дээр хүрч дотогш үзвээс харш дуган цөм эмбэрэн нурж хамхуул шарилж хүрээ дүүрэн ургаад үнэхээр галт хорхойноос өөр зулын гэрэл үгүй гуагалах мэлхийнээс өөр дохионы дуун үгүй болжээ. Тансаг үүнийг үзээд хамар борхирон уярч, нүдэн нулимс унагав. Ажиглаваас:

 

            Дуган харш юүрэн унаад тоосго ваар хэмхрэн овоорчээ. Жүн хэнгэргийн асар цөм эвдрэн нураад, зүлэг өвс хүрээ дүүрэн ургажээ. Зуу бурхны алтан бие харлаад зулын цөгц газарт хэвтжээ. Арьяабалын хөрөг шавар төдий болоод рашааны хумх хөсөрт ойчжээ. Өдөр харах хувраггүй, өдөр үүрлэх үнэг буй. Үүнийг шүлэглэсэн шүлэг нь:

 

        Засч шинэтгэсэнгүй он удаан

        Задран нурж энэ мэт болжээ.

        Бодь дуган салхинаа цохигдон юүрээд

        Бурхны хөрөг борооноо норогдон тамтарчээ.

        Махарала нь гадаа хэвтээд

        Махаранз нь хөдөө саатжээ.

        Хүрэл жүнг дүүжлэх асар үгүй болоод

        Хөсөр хөмрөн тавьж бүхий нь нийт гуниалтай.

 

Тансаг зориглон хоёрдугаар хаалганд орж үзвээс жүн хэнгэрэг газарт унаад нэгэн жүнг газарт хөмрөн тавьжээ. Дээр хагас нь борооноо угаагдсаар цайж, доор хагас нь шороонд зэврэн хөхөрчээ. Тансаг тэр жүнг тэмтэрч өгүүлрүүн: “Жүн чи,

 

        Өндөр асарт дүүждэгдэн хүнгэнэж байлаа.

        Өглөөний дохио болон дуугарч байлаа.

        Өдрийн хурлын мэдээ болон цангинаж байлаа

        Үдшийн халааны тэмдэг болон жингэнэж байлаа

        Үйлдэгч цутгагч чинь өдгөө өөр ертөнцөд одоод

        Өөрийн бие чинь дуугүй хэлгий болжээ.” Тансаг ийнхүү гиншиж агаад нэгэн гонир ламыг цочоожээ. Тэр гонир хүний гиншихийг сонсоод нэгэн тал тоосго аваад жүнг дан гэтэл цохисонд Тансаг ихэд гэлмэн ойчоод сая мөлхөн босч гүйсүгэй хэмээтэл модны үндсэнд торж бас тонгорцоглон унажээ. Тэр амандаа “Жүн минь, тойн би чиний төлөө гуниаж атал дан гэтэл гэнэт чи дуун гарав. Аглаг газар удаан өдөр хэвтээд, ад шулам бүтсэн буй за, чи?”

 

Тэр гонир урагш ирж Тансагийг тэтгэн босгоод: “Багш тойн босогтун, жүн шулам болсон бус, би сая цохьсон бөлгөө.” хэмээхэд Тансаг тэргүүн өргөөд түүний нүүр нь хав харыг үзээд, асууруун: “Чи шулам буй за? Би болбоос ерийн хүн бус, Их Тан улсаас иржээ. Миний шавь луу барсыг дарах увидас буй, чи хэрвээ түүнд учирваас аминд чинь хор болмуй.” Тэр гонир сөгдөн өгүүлрүүн: “Багш тойн битгий айгтун. Би шулам бус энэ сүмийн гонир болой. Сая таны өгүүлснийг сонсоод гарч одсугай хэмээсэн боловч буг шулам магадгүй хэмээн сэжиглэж, тал тоосго авч цохин тэнссэн бөлгөө. Багш залран босогтун” хэмээхэд Тансаг сая дотор тохрон “Эвий чи намайг айлгаж үхүүлэн алдав. Намайг удирдан дотогш ортугай” хэмээв.

 

Тэр гонир Тансагийг удирдан гуравдугаар хаалгаар дотогш орохуйяа гаднах байдлаас өсөд өөр ажгуу. Үзвээс:

 

Хүрээ хэрмийг хөх тоосгоор цогцлон харш дуганыг ногоон ваараар дээвэрлэжээ. Бурхны хөргийг шижир алтаар бүтээж, бадам тавцанг цагаан хасаар үйлджээ. Цогчин дуганаас шагшабадын гэрэл цацран цогт асраас ариун агаар мандмуй. Манзуширын харшид мянган бурхан тахиж, маанийн дуганд ном судар хураажээ. Алтан ганжир оройн чимэг болоод ал лавир ялгуусан дуаз болжээ. Согтмол хулс сүмийн араар жигдрэн суман нарс хаалганы өмнө сэгийжээ. Бидэрьяа харшаас билгийн гэрэл цацран барамидын хийдээс бодийн туяа татмуй. Өглөө босохуйяа уудам тал нам сэлүүн, үдэш сонсохуйяа өндөр уулнаа хэнгэргийн дуун дүнгэнэмүй. Өглөөний нарнаа намжир нөхөгчид буй, үдшийн сарнаа ном сэлбэгчид бас буй. Ар дуганд зулын гэрэл гийж, арц хүжсийн утаа хүрээ дүүрчээ.

 

Тансаг үзээд аймшиггүй шууд орохгүй түдгэлзэн байж асууруун: “Гонир оо, таны өмнө хийд тийм эвдэрхий нуранхай атал ар хүрээ харин ийм бүтэн шинэ аху нь ямар учир аж?” Гонир инээн өгүүлрүүн: “Багш аа, энэ уулнаа дээрэм хулгай олон тул цэлмэг өдөр болбоос дээрэмлэж тонож, бороон бүрхэг өдөр болбоос даруй сүмд ирж хоргодмуй. Тэд бурхны хөргийг түлхэн унагаж сандал болгон, цонх хаалгаар гал ноцоомуй. Эндэх тойд үхээнц тул тэдэн лүгээ тэмцэлдэн чадахгүйгээр өмнө хүрээний эвдэрхий гэрүүдийг цөм тэдэнд тавин өгөөд өглөгийн эздээс бадар эрэн өөр шинэ сүм байгуулжээ. Буян нүглийг ийнхүү ангилсан нь баруун газрын балаг учир болой.” Тансаг үүнийг сонсоод “Үзвээс ийм ажгуу” хэмээжээ.

 

Хараахан явж бүхийд хаалганы дээр “Далайг тогтоогч сүм” хэмээх илэрхийлэл байхыг үзээд сая дотогш ортол өөдөөс нь нэгэн тойн гарч ирэв. Түүний байдал төлвийг үзвээс: гунша малгайг тэргүүнд тавин гуулин ээмгийг чихэнд зүүжээ. Цэмбэн дээлийг биед өмсч, цагаан нүдээ цайвалзуулжээ. Атган гартаа дамар барин, амандаа этгээд тарниуншмуй. Баруун газрын лам ийм дүртэйг багш Тансаг ерөөс үл танимуй. Тэр лам гарч ирээд тансагийн зүс царайг ариун хээнцэр бие цогц лагшин бэлгэтэй, үнэхээр архадын хувилгаан ертөнцөд буусан мэтийг үзээд урагш давшин инээх царайгаар гараас нь атган, хацрыг нь илбэн эмсэглэх санаагаа илтгэмүй. Ийнхүү Тансагийг дээд гэртээ залж ёслон бараад асууруун: “Багш хаанаас ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Би болбоос их Тан улсын хааны зарлигаар баруун газрын бодийн орны Аянгын дуут сүмд хүрч бурханд мөргөн ном залаар явагч бөлгөө. Энэ өдөр энд хүрч ирэхүйеэ тэнгэр орой болсны тулд тухайлан таны сүмд хоног гуйж, нэгэн шөнийг өнгөрөөгөөд манагар эрт явах, хонуулан соёрхохыг хүснэм” хэмээхэд тэр лам өгүүлрүүн: “Больтугай. Больтугай бид цөм сайн санаагаар гэрээс гарсан нь бус төрөлх заяа муу тул эцэг эх бээр манийг тэжээж дийлэхгүйдээ сая хатуу сэтгэл барьж гэрээс гаргасан болой. Өдгөө нэгэнтэйеэ бурхны шавь болсон тул битгий худал хэлэгтүн.” Тансаг өгүүлрүүн: “Миний энэ үнэн үг болой.” Лам өгүүлрүүн: “Тэр зүүн газраас баруун газар хүрч иртэл маш хол бөгөөд замд уул олон мөртөө уул бүр агуй байж, агуй бүр шулам баймуй. Чиний мэт ганц бие бөгөөд ийм танхи төрсөн хүн юуны ном залах шинж баймуй?” Тансаг өгүүлрүүн: Лам чиний үг мөн болой. Бадарчин тойн би ганцаар бөгөөс яахан ирж чадмуй. Надад гурван шавь байж уул учирваас зам нээн ус тохиолдвоос гүүр тавин намайг хамгаалж сая энд хүрч ирсэн нь болой.” Тэр лам өгүүлрүүн: “Гурван эрхин шавь хаана баймуй?” Тансаг өгүүлрүүн: “Өдгөө сүмийн гадна хүлээж амуй.” хэмээхүйеэ тэр лам яаран өгүүлрүүн: “Багш чи мэдэхгүй манай энд барс чоно, дээрэм хулгай, чөтгөр шулам байж, хүнийг хорломуй. Гэгээн цагаан өдөр аймшиггүй хол үл гарах бөгөөд нар унамагц хаалгаа дардаг бөлгөө. Өдий орой болтол хүнийг гадна байлгаж үл болмуй.” хэмээгээд “Шавь нар аа, түргэн эчиж тэднийг тэднийг залж оруултугай.” хэмээн дуудав.

 

Хоёр банди лам гадна гүйн гарч Бичинг үзэн гэлмэж, Гахайг үзэж айж газар саван унаад мөлхөн босч гэдрэг нисэх мэт түргэн гүйн орж ирээд өгүүлрүүн: “Багш минь барцад болжээ. Шавь нар чинь үзэгдэхгүй болоод харин гурав дөрвөн шулам гадна зогсож амуй.” Тансаг асууруун: “Ямар ямар дүртэй буй?” банди өгүүлрүүн: “Нэг нь аянгын эзний хоншоортой, нэг нь урт хошуутай, нэг нь хөх нүүр урт соёотой, хажууд нь байх охин нь харин үзэсэгэлэн гоо зүстэй.” хэмээхэд Тансаг инээн: “Та нар үл танимуй. Тэр гурван муухай зүстэй нь миний шавь болой. Тэр нэгэн охин нь нарсан ойгоос авран гаргасан болой.”гэсэнд тэр лам өгүүлрүүн: “Бурхан аа, ийм сайхан лам яахан тийм муухай шавь олсон аж?” Тансаг өгүүлрүүн: “Тэдний зүс нь муухай боловч цөм хэрэгтэй газар баймуй. Та нар түргэн гарч тэднийг дуудан оруултугай. Хэрвээ баахан хожидвоос тэр аянгын эзний хоншоорт нь хэргийн эзэн тул занчин орж ирмүй.” хэмээв.

 

Банди нар яаран гүйн гарч чичрэн дагжсаар сөгдөн: “Багш нарыг Тан багш залж амуй.” хэмээхэд Гахай инээн өгүүлрүүн: “Ах аа, эд залбаас барав за. Бас юун хэмээн энэ мэт чичрэн дагжмуй?” Бичин: Маний зүс муухайг үзээд айж байх буй за” хэмээхэд Гахай өгүүлрүүн: “Үнэхээр дэмий хэрэг. Бид төрөлх ийм болой. Ямар муухайд дуртай бус.” Бичин: “Чи тэр муухай төрхөө баахан аядуултугай.” хэмээхэд Манхуу бээр үнэхээр хошуугаа өвөртөө чихэж, толгой бөхийн морио хөтөлж, Шороо дамжуураа дамнан, Бичин ард шийдэм барин тэр охиныг харж, цугаар тэр эвдэрхий хүрээг өнгөрөн дотоод хүрээнээ орж, морио уян дамжуурыг тавьж, гол гэрт орон тойн ламд золгож, тус тус суулцсан хойно тэр лам дотор орж дал наян шавь нараа дагуулан гарч ирээд мөргөн золгуулаад цав манз бэлдэн зочлов. Энэ үнэхээр буян хураах нь бодь сэтгэлд байж, бурхны ном мандахад лам нар харилцан хүндэтгэмүй. Энэ сүмээс хэрхэн салахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 19 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    13 цаг 7 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 35 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 39 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 22 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 55 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 58 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 59 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 33 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 42 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 52 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 57 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 20 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 37 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    19 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 31 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 55 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 56 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    20 цаг 11 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК