зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН ДОЛДУГААР БҮЛЭГ:


ГУРВАН ШУЛАМ ҮНЭН ЧАНАРЫГ ДАРЛАВ

ГАНЦ БИЕ ТҮҮНЧЛЭН ИРСЭНД БАРААДАВ

 

            Тансагийн зовж байхыг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь, тэр гурван шулам Бичин ах дүү гурвуул лугаа хотын зүүнтээх уулын бэл дээр тулалдав. Үнэхээр “хатуу эр хатан баатартай золгосонд хэн алин ч үл няцмуй.” Энэ удаагийн байлдсан нь:

 

Зургуулын зүс царай өөр өөр болоод зарах зэвсэг ба зүрх сэтгэл цөм адил бус. Зургаан нүгэл зургаан хүслээс үүсч, зургаан төрөлх зургаан номтон дийлэн дийлэгдэхийг ялгамуй. Гучин зургаан мэнгэнд хавар орчин оршиж, гурван арван хоёр харилцан харшиж амуй. Хувилгаан бэрээний хувилах улирах гайхамшигтай, хурц жадны хориглон тосох хэцүү. Манхуу Гахайн малтуур айхавтар, мангас зааны жад шаламгай, Шороо тойны шийдэм хүнд, шулам вангийн илд хурц. Энэ гурав нь хутагт тойныг хамгаалагч өрлөг баатар, тэр гурав нь ёс номыг тэрслэгч сөргүү шулам. Эдэн зургуул улмаас улам хэцүүдэж, эрдэм увидас гарган, үүл салхин хөдөлгөв. Алалдан ийнхүү байлдахуйяа агаар тэнгэрийг бараан үүл халхлан, алтан дэлхийг бурангуй манан бүрхжээ. Тэр зургуул байлдсаар наран шингэж, үүл манан татан харангуй болов. Төд Гахайн их чих нь нүдээ бүрхсэнд нэн харанхуй болж хөл гар хөдлөхөд хүдэг удаан болоод хүлээн чадахгүй малтуураа чирэн буруулав. Тэр их шулам гүйцэн ирж, илд далайн цавчсанд завшаанаар толгой оногдсонгүй, үс нь бутран унав. Гахай хөдөлж завдаагүй байтал их шулам хүрч ирээд хүзүүнээс нь зуун хотод аваачиж, бага шулмаар хүлүүлэн алтан харшид аваачиж тавьсны хойно их шулам бас үүл хөлөглөн туслаар ирэв. Шороо хэрэг муухай болсныг мэдээд хоосноо занчин хойш дутаатал хоёрдугаар шулам хамар сунган нэгэнтээ Шороог ороон аваад хотод аваачин бас бага шулмаар хүлүүлээд дахин хоосонд дэгдэн Бичинг бариар ирэв. Бичин хоёр дүүгээ цөм баригдахад ганцаар болоод “ганц баатар гал олонтой тэнцэхгүй” хэмээсэнчлэн нэгэнтээ зандран шийдмээр гурван шулмын зэвсгийг хориглон зогсоож үүлэнд дэгдэн одов. Гуравдугаар шулам түүний тонгорцоглон одсоныг үзээд уг биеэр болж жигүүрээ хоёронтаа дэвмэгц Бичинийг гүйцэн хүрчээ. Нэг тонгорцогловоос арван түм найман мянган газар явж арван түмэн тэнгэрийн цэрэг хөөж гүйцсэнгүй Сүн Ү Күнийг тэр шулам яахан гүйцсэн бэ? Энэ шулам жигүүрээ нэгэнтээ дэвбээс Бичинээс хэтрэх тул тийнхүү гүйцэн хүрээд нэгэнтээ Бичинийг шүүрэн авч хойш ирэхэд яахан тэлчлэвч алдуулан чадахгүй бөгөөд хувилан улиарах увидсаар оргон гарсугай хэмээвээс нэн болохгүй, биеэ өсгөвөөс шулмын савар нь баахан агуу болж биеэ жижиг болговоос базах нь нэн хэцүү болмуй. Тэр шулам Бичинг хотод авчран газарт савж бага шулмыг дуудан бас Гахай, шорооны хамт хүлэв. Их шулам, хоёрдугаар шулам цөм суудлаас буун угтаж, гурвуул эрдэнийн суудалд гаран суулцав.

 

Шөнийн хоёр жингийн үеэр Тансагийг харшаас түлхэн буулгаж аваачхад тэр багш гурван шавь нь цөм хүлэгдсэнийг зулын гэрлээр олж үзээд Бичиний дэргэд ирж уйлан өгүүлрүүн: “Аяа, шавь минь. Урьд зовлон учрахуй цагт чи гадна байж, увидсаар биднийг туслан гаргадаг бөлгөө. Өдгөө чи бас баригджээ. Ядуу тойн үхэх нь энэ буюу?” Гахай, Шороо багшийнхаа уйлж байхыг үзээд тэсгэлгүй дуу тавин уйлав. Гагц Бичин сэмээр инээн өгүүлрүүн: “Багш сэтгэлийг сул тавь. Дүү нар бүү уйл. Хэрхэвч гай болохооргүй. Шулам унтсан хойно бид явсугай.” Гахай өгүүлрүүн: “Ах бас дэмий донгодмуй. Уясан дээс суларваас ус цутган чангалж байхыг үзэхгүй юү? Чи эцэнгэр тул гайгүй буй за. Тарган надад зовлон болжээ. Эс итгэвээс чи миний энэ хоёр гарыг үз. Олс дээс нь миний маханд хэдэн ямх шигджээ. Үүнээс яахан мултарч чадмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Олс дээс байтугай аяган чинээ хялгасан дээс боловч мөн ямар гайхалтай вэ?”

 

Багш шавь дөрвүүл хараахан ийн хэлэлцэн атал тэр их шулам өгүүлрүүн: “Гуравдугаар дүүгийн эрдэм увидсаар Тансагийг олж барив.” хэмээгээд бас “Хүүхэд хаана байна? Таван бага шулам усыг авч ир. Долоон бага шулам тогоо угаа, арван бага шулам гал түл, хорин бага шулам явж төмөр жигнүүрийг дамнаж гарга. Энэ дөрвөн тойныг жигнэж бид ах дүү гурвуул дээжийг нь идсэний хойно үлдсэнийг та олонд амсуулан бүгдийг урт наслуулсугай.” Гахай чичрэн дагжиж өгүүлрүүн: “Ах сонсов уу?, тэр биднийг жигнэж идэх хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Бүү ай, би эдний чухам чадалтай шулам буюу чадалгүй шулам болохыг үзсүгэй.” Шороо уйлан өгүүлрүүн: “Ах минь сэтгэл уужруулах үг бүү өгүүл, өдгөө хаан эрлэг лүгээ хана тарц сууж байн атал бас юунд чадалтай чадалгүй хэмээн дэмий өгүүлмүй?” хэмээтэл тэр хоёрдугаар шулам Гахайг жигнэж үл болох буй за.” хэмээсэнд Гахай сонсоод баясан өгүүлрүүн: “Бурхан минь ямар хүн намайг өршөөж жигнэж үл болмуй хэмээмүй?” хэмээтэл гуравдугаар шулам өгүүлрүүн: “Жигнэж үл болох болбоос арьсыг нь өвчөөд жигнэ.” Гахай эхэд гэлмэж бархиран өгүүлрүүн: “Арьсыг минь бүү өвч, үзэхэд хатуу боловч үнэндээ ус болмогц даруй ялзармуй.” Их шулам өгүүлрүүн: “Гахайны арьс нь хатуу болбоос дор бүрхээрт тавь.” Бичин инээн өгүүлрүүн: “Чи бүү ай, чадалтай шулам бус.” Шороо асууруун: “Чи яахан мэдэв?” Бичин өгүүлрүүн: “Аливаа юмыг жигнэхэд дээр бүрхээрээс эхлэн болох тул амарт ялзрахгүй юмыг дээр бүрхээрт тавьж гал баахан илүү түлбээс баагсан уурт даруй болмуй.” Хэрвээ дор бүрхээрт тавиваас уур гүйцэдгүй тул хэдэн сараар жигнэвч мөн болохгүй. Тэр сая Гахайг жигнэхэд муу хэмээх бөгөөд дор бүрхээрт тавь хэмээх нь чадалгүй шулам бус буюу?” Гахай өгүүлрүүн: “Ахын энэ үгээр болбоос хүнийг нэн ч айлгаж үхүүлэх болой. Тэр үнэхээр уур гүйцэхгүйг үзвээс дахин сөхөж намайг хөрвүүлэн бас гал түлбээс харин хоёр тал нь болоод дундаа бас түүхий болохгүй юу?” Хараахан ийн хэлэлцэж атал бага шулам ирээд “Ус буцлав” хэмээсэнд их шулам даруй зарлиг буулган “Дамнаж аваач” хэмээмэгц олон шулам зэргээр гар хөдлөн Гахайг аваачин дор бүрхээрт тавьж, Шороог дамнан хоёрдугаар бүрхээрт тавив. Бичиний ээлж болоход тэр даруй сугаран гарч: “Энэ зулын дор увидас хэрэглэж болмуй.” хэмээж үсээ үгтээн аваад “хувил” хэмээн хувилган, уураар үлээсэнд нэгэн хүлээстэй Бичин хувилаад үнэн бие нь огторгуйд дэгдэн гараад доош харж байв. Бага шулам үсээр хувилсан Бичиний үнэн худлыг мэдэхгүй тул дамнан аваачиж гутгаар бүрхээрт тавиад Тансагийг хүлж дөтгөөр бүрхээрт тавьж дороос нь гал түлэв. Бичин огторгуйгаас шүүрс алдаж: “Гахай Шороо хоёр бас буцалгахыг даамуй. Багш минь нэгэнтэй буцлахыг даахгүй ялзармуй. Увидсаар эс тэнхрүүлбээс агшин зуур дуусмуй.” хэмээв.

 

            Бичин багш огторгуйд аж, хуруу инчдэж: “Арван үсгийн арвис тарни”-ийг уншмагц хойд далайн лусын хаан хэдийнээ хар үүл хөлөглөн хүрч ирээд өндөр дуугаар хойд далайн лусын хаан У Шин мөргөмүй” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Босогтун босогтун. Хэрэггүй болбоос чамайг үл залах бөлгөө. Өдгөө минийн багш шуламд баригдаж төмөр жигнүүрт жигнэгдэж байна чи сахигтун” хэмээсэнд Лусын хаан биеэ хүйтэн салхи болгон хувиргаж тогооны дороос үлээсэнд гал түлэвч тогоо нь эс халсан тул гурвуулын аминд хор эс болов.

 

            Гурван жингийн сүүлээр их шулам бага шуламдаа: “Хүүхэд сонс, бид арга хэрэглэн өдгөө Тансаг зэрэг дөрвөн хүнийг барив. Бид тэднийг үдэж гаргахын учирт яарч дөрөв хоног нүд хамхисангүй. Өдгөө тэр дөрвүүл жигнүүрт орсон тул бодвоос дутааж үл чадмуй. Та нар сайтар хичээн сахь, арван бага шулам ээлжлэн гал түлэгтүн, бид түр унтсугай, таван жингийн үеэр лав ялзармуй, тэр үед сонгино сармис бэлтгээд манийг сэрээ, өлөн дээр идье” хэмээсэнд бага шулам “за” хэмээн хүлээсэнд гурван шулам тус тусын ордондоо эгэв.

 

            Бичин тэр үгийг нь тодорхой олж сонсоод үүлийг даран тогооны дэргэд ирж чагнаваас огт чимээ аниргүй байхад дотроо ийн сэтгэрүүн: “Галын илч дээш гарваас ус эрхгүй буцалмуй эд нар юунд үл ойшоон дуун эс гармуй?, эсвэл үхчихсэн болов уу? Ойр одож чагнасугай” хэмээгээд бие сэжин нэгэн хар ялаа болон хувилаад жигнүүрийн дээр сууж чагнаваас Гахайны дуу гарч ийн өгүүлрүүн: “Гайтай хэрэг, эдэн чухам битүүгээр жигнэх буюу, задгайгаар жигнэх буюу?” Шороо өгүүлрүүн: “Ах чи юуны битүүгээр жигнэх задгайгаар жигнэх хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Битүүгээр жигнэх хэмээх нь жигнүүрийг бүтээж жигнэмүй, задгайгаар жигнэх хэмээгч нь жигнүүрийг бүтээхгүйгээр жигнэмүй.” Тансаг дээрх давхраас өгүүлрүүн: “Шавь нараа бүтээсэнгүй болой.” Гахай өгүүлрүүн: “Зол зол, тийм болбоос манийг задгайгаар жигнэж буй, энэ шөнө амьдаар гармуй.” Бичин тэр гурвуул цөм амьд байж үг хэлэлцэхийг сонсоод даруй нисэн одож төмөр бүрхээсийг авчран хөв хөнгөн бүтээж тавьсанд Тансаг сандарч өгүүлрүүн: “Шавь нар минь өдгөө бүтээжээ.” Гахай өгүүлрүүн: “Барав, битүү жигнэмүй, энэ шөнийг гарч дийлэхгүй болов.” хэмээхэд Шороо Тансаг нар шурхиран уйлж үүсгэв. Гахай өгүүлрүүн: “Бүү уйл гал түлэгч хүнийг халжээ.” Шороо асууруун: “Чи яахан мэдэв?” Гахай өгүүлрүүн: “Сая авчирч тавьсан үед яг сайхан жин тавьсан мэт, миний хуянд таатай халуухан бөлгөө. Байн байсаар харин хүйтэн болжээ. Аяа тогооч ноён түлээгээ баахан нэмэхэд яадаг вэ? Чиний хувингаас гарах буюу?”

 

            Бичин сонсоод тэсгэлгүй инээд хүрч энэ Манхуу адгуус. Хүйтэн харин сайн болой, халуун болбоос аминд нь хор болохыг мэдэхгүй, бас донгодоод байваас лав сэрэгдмүй эртхэн эднийг гаргая байз. Эднийг гаргахад эрх биш уг биеэр болох хэрэгтэй, уг биеэр болоод эдгээр гал түлэгчдэд үзэгдвээс лав бархирч хашгираад түрүү шулмаа сэрээж хэргийг саатуулахгүй юу? Урьдаар эднийг нэгэнт увидасалсугай.” хэмээгээд бас санаруун: “Эрт өдөр би их богд сууж байхдаа тэнгэрийн хойд хаалганд сахигч Махаранз лугаа хуруу жимэлцэж наадаад түүний нойр хүргэгч хорхойг хэд шүүж авсан нь бас нэг хэд байх бөлгөө. Үүнийг эдэнд тавьсугай.” хэмээж бие дээрээс тэмтэрвээс бас арван хоёр байх тул “Хоёрыг нь үлдээж үржүүлж арвыг нь энд зарсугай.” хэмээгээд хорхойг шулмын хацар дээр цацан илгээж хамарт ормогц шулам цөм үүрэглэн унтав. Гагц нэгэн шилээвэр барьсан шулам сайхан унтаж өгөхгүй хамраа нухалж дэмий л найтаамуй. Бичин үзээд: “Энэ амьтан баахан сэхээтэй баймуй, үүнд зоорь барьсугай” хэмээгээд дахин нэг хорхой гаргаж түүний хацар дээр орхисонд тэр бага шулам хэдэнтээ эвшээгээд шилээврээ таягдан хөсөр унаж хөдлөхөө больжээ.

 

            Бичин: “Энэ арга харин таатай” хэмээгээд даруй уг биеэр болж урагш одож “Багш” хэмээн дуудсанд Тансаг өгүүлрүүн: “Ү Күн намайг гаргагтун” Шороо өгүүлрүүн: “Ах чи гадна байх буюу?” Бичин өгүүлрүүн: “Би гадна байхгүй, үүний дотор та нартай үйл амсах буюу?” Гахай өгүүлрүүн: “Ах минь чадалтай нь гараад бид цөм өртлөөстэй болж энэ дотор бүтсэн зовлон амсмуй.” Бичин инээн өгүүлрүүн: “Манхуу бүү дуугар, би таныг гаргасугай.” Гахай өгүүлрүүн: “Ах гаргаваас нэг мөсөн гарга дахиж оруулахаар бүү гаргагтун.” Бичин даруй бүрхээсийг сөхөж багшаа гарган биеийн ор болгосон үсээ хураагаад жич доошоо нээж, Шороо Гахайг гаргав. Тэр Манхуу олж гармагц “дутаасугай” хэмээхэд Бичин “Бүү яар. Бүү яар.” хэмээж тарни уншин лусыг тавин илгээгээд сая Гахайд: “Эндээс баруунш бартаат уул бас олон бий, багш хөлөггүйгээр явж үл чадах. Би морийг авчирсугай.” хэмээв.Тэр сэмээр алхлан алтан харшийн дор хүрч үзвээс тэдгээр олон их бага шулам цөм унтаж буй. Төд морио тайлан авахад тэр морь ч огт чимээ гаргахгүй бөлгөө. Тэр луугийн морь хэрвээ зүс буруу хүнийг үзвээс өшгилөн үүрсмүй. Угаас Бичин морь тэжээж агтын даамлын тушаалд байсан бөгөөд бас нэгэн багшийн шавь нар тул огт аашлахгүй ажгуу. Бичин сэмээр хөтлөн авчирч олмыг чангалан татаад “багш аа явсугай” хэмээхэд Тансаг чичрэн дагжсаар моринд мордож сая явсугай хэмээтэл Бичин бас өгүүлрүүн: “Бүү яар. Эндээс баруунш явахад замын тэмдэг авах улс бас бий. Бичиггүй юугаар гэрч болгомуй. Би орж амьтай боодлоо эрж авчирсугай.” Тансаг өгүүлрүүн: “Би орж ирэхийн үед шулмууд боодлыг харшийн зүүн дор тавьж байсан бөлгөө. “Бичин даруй: “Би мэдэв.” хэмээгээд орж эчвээс тэнд гэрэл цацран харагдмуй. Бичин тэр даруй мөн хэмээн мэдэв. Юунаас мэдэв хэмээвээс угаас Тансагийн тэр намжир дээр гэрэлт сувд байх тул тийнхүү гэрэл гармуй. Бичин яаран урагш одож үзвээс дамжууртайгаа тэнд байх тул санд мэнд авчирч Шороогоор дамнуулав.

 

            Гахай морийг хөтлөн Бичин өмнө зам удирдаж шууд гол хаалганд хүрч ирвээс тогшуур хонх дэмий л дуугаран хаалгыг оньслоод оньсон дээр бас битүүмж наажээ. Бичин өгүүлрүүн: “Энэ мэт цагдан сахисан атал яахан олж гармуй?” Гахай өгүүлрүүн: “Хойд хаалгаар гарсугай.” Бичин даруй зам удирдан хойт хаалганд хүрвээс үүдэн гадна бас догшуурын дуун сонсдож оньс битүүмж бий. Бичин өгүүлрүүн: “Хэрхвээс сайн? Хэрвээ эгэл биетэй энэ багш үгүй бөгөөс бид гурвуул ямар ч болов салхи үүл татан гарч болмуй. Гагц багш гурван ертөнцөөс гэтлээгүй таван махбодоос ангижраагүй өвч биед эцэг эхээс олсон яс мах тул тийнхүү дэгдэн чадахгүй. Дутаахуйяа бэрх.” Гахай өгүүлрүүн: “Ах зөвдөх хэрэггүй, бидэн тогшуур хонхны дуун үгүй газраар багшийг өргөж хэрмийн дээгүүр гарсугай.” Бичин инээн өгүүлрүүн: “Тэгэж болохгүй өдгөө аргагүй тул түүнийг өргөн гаргаж болмуй. Ном залан ирсэн хойно Манхуу чи хэмээгч ам сул хүн газар болгонд хэлж явсаар, хүн манийг хэрэм харайдаг тойн хэмээх болой.” Гахай өгүүлрүүн: “Түүнийг өдгөө бодох хэрэггүй гагц амь мултран гарсугай.” Бичин мөн аргагүй түүний үгийг дагаж сэлүүн шиг газар эчиж хэрэм өөд авирнам бөлгөө.

 

            Аяа Тансагийн гамшиг бас ч арилаагүй тул хэдийн бас нэгэн үүсчээ. Тэр гурван их шулам хараахан ордонд бодлоготой хэвтэж байсан тул хэдийнээ үсрэн босолцоод дээлээ нөмрөн харшид гарч жигнүүрэн ус хэдий буцлав?” хэмээн асуусанд гал түлэгч тэдгээр бага шулам цөм нойронд дарагдан занчивч сэрэхгүй болжээ. Бусад хэдэн бага шулам цочин сэрээд мэгдэн бэлдэж: “До... до... долоо буцлав.” хэмээгээд тогооны дэргэд хүрч үзвээс жигнүүр бүрхээр зүг толгойгүй орхигдоод гал түлэгчид цөм унтсаар тул мэндүүрэн ирж: “Их ван тэд цөм я... я... я... явжээ.” хэмээсэнд гурван шулам харшаас буун тогооны дэргэд одож нарийвчлан үзвээс үнэхээр жигнүүр бүрхээр зүг толгойгүй орхигдоод зуухан дотор цогч үгүй бөгөөд тогооны ус хөлдмөөр болжээ. Бас тэдгээр гал түлэгчдийг үзвээс цөм үхширтэл унтмуй. Олон шулам их сандран зэргээр бархиралдан: “Хурдан Тансагийг эрэгтүн.” хэмээв. Ийнхүү үймэлдэхэд өмнө хойнох их бага олон шулам цөм цочин сэрээд элд жад барилцан өмнө үүдэнд хүрвээс оньс битүүмж хөдөлсөнгүй бөгөөд манаа тогшуур дуугарсаар тул яаран гаднах манаачнаас “Тансаг энүүгээр гарсангүй юу?” хэмээн асууваас манаач нь: “Үүгээр хүн амьтан гарсангүй” хэмээх тул яаран хойд үүдэнд хүрч үзвээс мөнхүү оньс битүүмж хөдөлсөнгүй. Олон шулам нар үймэлдэн гэрээ бамбар өргөлцөн өдөр мэт гэрэлтүүлж эрвээс тэд дөрвүүлийн тэнд хэрэм авирч байх нь тодорхой үзэгдмүй. Их шулам гүйцэн хүрээд: “Хаа одмуй?” хэмээн зандарсанд Тансагийн хамаг бие суларч хэрмийн дээрээс таварцаглан унатал их шулам шүүрэн авав. Хоёрдугаар шулам Шороог барин, гутгаар шулам Гахайг бариад олон шулам морь амьтайг эгүүлэн авав. Гагц Бичин баригдсангүй дутаан оджээ. Тэр Гахай аманд бавнан түднэж “Тэнгэр буусан, аварваас нэг мөсөн авар” хэмээн хэлж байтал бас дахин жигнүүлэх хэрэг хийсэн бус уу?” хэмээн Бичинг хараанам.

 

            Олон шулам Тансагтаныг харшид түлхэн гаргасан хойно, хоёрдугаар шулам Гахайг өмнөд саравчны баганан дээр хүлүүлж, гутгаар шулам Шороог хойд саравчны багананд хүлүүлэв. Гагц их шулам Тансагийг тэврээд тавиагүй байхад гутгаар шулам өгүүлрүүн: “Ах дүүг амьдаар идэх буюу? түүхий мах ямар амт баймуй. Үүнийг тэр энгийн махны адил барьсаар цагийн будааны оронд идэж болох юм, бус энэ хэмээгч дээд орны эрхэм чухаг юм. Эрх биш бүрхэг хуртай чөлөө өдрийг тохиолдуулан цэвэрлэж амт тааруулж болгоод, хуруу жимэлцэн, хундага тулгаж, хөөрлөн найрлаж, аажмаар идвээс зохих болой.” Их шулам өгүүлрүүн: “Мэргэн дүүгийн үг хэдий мөн хэмээвч тэр Сүн Ү Күн дахин ирээд хулгайлан аваачваас хэрхмүй?” Гутгаар шулам өгүүлрүүн: “Миний ордон дотор нэг хүжсийн тэнхим бий. Тэнхимийн дотор нэгэн төмөр авдар баймуй, миний санаагаар болбоос Тансагийг түүний дотор хорьж тэнхимийг оньслоод даруй цуу тараан Тансагийг түүхийгээр идэв хэмээн хот дүүрэн түрхрүүлэн хуурмуй. Ийм болбоос тэр Бичин лав чимээ аваар ирмүй. Хэрвээ энэ үгийг олж сонсвоос лав сэтгэл цөхрөөд явмуй за. Хэдэн өдөр хүлээгээд тэр дахин ирж түйдэхгүй болсон хойно гаргаж аажмаар идвээс ямар вэ?” Их шулам, хоёрдугаар цөм баярлан шагшиж “Мөн мөн, энэ арга асар сайн” хэмээгээд хөөрөхүйеэ Тансагийг шөнө дөлөөр аваачин авдарт хийж тэнхимийг оньслоод цуу тараан түрхрүүлэхийг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин шөнийн гүнд Тансагийг хамгаалж амжилгүй үүл хөлөглөн шууд Арслант агуйд хүрч уурласан хүчинд нэгэн зэрэг шийдэмдэж хэдэн түмэн бага шулмыг занчин алаад наран мандах үед хойш хотод эгэж ирэн айшгүй байлдсугай хэмээхгүй яг “Ганц цуцал гал болохгүй ганц хүн хүн болохгүй” хэмээсэнчлэн ганцаар үүлийг даран бууж бие сэжин нэгэн бага шулам болон хувилаад хотод орон зээл гудамжаар сүлжиж чимээ авбаас хотын хүмүүс цөм: “Их ван нар цөм Тансагийн махыг түүхийгээр идэв” хэмээлцмүй. Бичин үүнийг сонсоод тэсгэлгүй цухалдан харшийн дотор ирж үзвээс тэнд маш олон шулам цөм арьсан малгай ширэн хувцас өмсөж гарт шийдэм барин бүсэнд ясан шошго зүүгээд урагш хойш дэмий л явмуй. Бичин дотроо санаруун: “Эд лав ордон дотор зарагдах шулам байнам. Би эдний дүрээр хувилан орж чимээ авсугай.” хэмээн бодоод даруй тэдний адил хувилан ордны үүдээр хутгалдан орж хараахан яван атал Гахай багананд хүлэгдээд ёолон баймуй. Бичин урагш хүрч: “Ү Нэн” хэмээн дуудсанд тэр Манхуу Бичиний дууг таниад “Номын ах чи ирэв үү? Намайг гаргаму.” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Би чамайг тайлсугай. Чи багшийн хаана байхыг мэднэ үү?” Гахай өгүүлрүүн: “Багш үгүй болов. Өчигдөр шөнө шулам түүхийгээр идсэн бөлгөө.” Бичин сонсоод гэнэт дуун алдаж нүдэн нулимсыг булгийн ус мэт асгаруулахад Гахай: “Ах бүү уйл. Би ч тэдгээр бага шулмын хэлэлцэх үгээр хэлэх нь тэр болой. Олж үзсэн бус хэргийг бүү саатуулагтун дотогш орж дахин лавла.” хэмээсэнд Бичин дотогш эрэн орвоос Шороо харин хойд саравчны дор хүлэгдэн амуй. Бичин урагш хүрч: “Ү Жин” хэмээн дуудсанд Шороо бас түүний дууг таниад: “Ах ирэв үү,  намайг аврагтун.” хэмээв.Бичин өгүүлрүүн: “Чамайг аврахад хялбар чи багш хаана байхыг мэднэ үү?” Шороо уйлан өгүүлрүүн: “Ах минь яараад манай багшийг түүхийгээр идсэн болой. Бичин хоёр хүний үг нэгэн адил болсныг сонсоод хутгаар зүрхийг огтлох мэт болж түр Гахай Шороогоо гаргахыг мөн байгаад үүлийг гишгэн огторгуйд гарч хотын зүүнтээ уулан дээр үүлийг даран буугаад дуу тавин их л уйлан: “Багш минь.

 

            Балмад сөргүүгээр  тэнгэрийг тэрсэлсэн би зовлон эдлэхүйеэ

            Багш ирээд намайг аварч хүнд гамшгаас гэтэлгэв.

            Бат зориг сэтгэл шуударч хамтаар бараалахыг амлан

            Бацаг барин хичээн бясалгаж нисванисыг цугаар дарангуйлав.

            Барцад болж өдгөө хөнөөгдөхийг хэн олж мэдэв.

            Бурхны оронд чамайг хүргэж эс чадав.

            Баруун бодийн ялгуусан орноо хүрэх ерөөлгүйгээр

 

            Бараа тасран зуурмаг сарнисныг одоо яахан чадмуй.” хэмээв. Бичин хэнхрэн гасалж гашуудан уйлаад дотроо санаруун: “Энэ цөм тэр Шигэмуни бурхан төгс жаргалантын оронд сууж хийх юмгүйдээ юуны энэ гурван хөлгөн ном хэмээгчийг зохиосон болой. Тэр хэрвээ үнэхээр буяны үйлэнд удирдсугай хэмээвээс өөрөө зүүн газар хүргэн өгч дэлгэрүүлбээс түмэн үе уламжлах бус уу. Харин түүнээ харамлахдаа тэндэх хүн өөрөө залаар ир хэмээмүй. Ийнхүү мянга түмэн гай зовлонг амсаад эцэстээ энд хүрч үхсэнийг чи юуны мэдэх аж. Байтугай байтугай. Би өдгөө тонгорцоглон одож энэ учрыг Шигэмунид нарийвчлан өгүүлсүгэй. Тэр хэрвээ номоо надаар илгээвээс би зүүн газар аваачиж хүргээд буяны үйлийг дэлгэрүүлэн өөрсдийн амлалаа гүйцэтгэсүгэй. Номоо өгөхгүй бөгөөс түүгээр боодос султгах тарнийг уншуулж энэ цагирагийг авахуулаад түүнд эгүүлж тушаан хуучин агуйдаа буцаж хаан суун мөхөс хэмээж жаргаар явсугай.”

 

            Бичин даруй дэвхрэн босч үүлэнд тонгорцоглон гармагц юуны нэгэн цаг орох аж, хэдийнээ бодийн орны хачир цогцолсон ууланд хүрэв. Удсангүй үүлийг даран Гандарагүд хадны дор буутал дөрвөн очирваань ирж хориглон өгүүлрүүн: “Хаа одмуй?” Бичин ёслон өгүүлрүүн: “Хэрэг байж Шигэмунид золгосугай хэмээмүй” Сүмбэр уулны алтан давааны бат оршигч очирваань ирээд зандран өгүүлрүүн: “Сармагчин чи тун балмад байнам. Урьд өдөр чи үхэр шуламд их л гачигдсан үесс бид тусалж хамжсан атал энэ өдөр энд ирсэн бөгөөд огт ёсгүй аашилмуй. Явдал байваас айлтгахыг хүлээж зарлигийг олсон хойно сая орох буй за. Энэ газарт тэр тэнгэрийн хаалгатай адил нааш цааш тааваараа явж болмуй юу? Хүн хэлж байтал чи зайлахгүй.” Бичин угаас ундуун байсны дээр энэ нэгэн зэрэг буруушаан зандрахад их л тачаадан тэсгэлгүй их дуугаар бархиран цуугисанд хэзээний бурхан багшийн сонорт хүрчээ. Төд Шигэмуни хараахан есөн давхар бадам тавцан дээр залран сууж арван найман архадад ном номлон байсаар гэнэт ийн хэмээн зарлиг болруун: “Сүн Ү Күн иржээ. Та нар гарч угтагтун.” Олон архад зарлигийг хүлээн хоёр жигүүрлэн жагсаж чимэг дуаз өргөн, лавир шүхэр барьж сүмийн хаалган дээр гарч ирээд “Сүн Ү Күн их богд  бурхны зарлиг чамайг орж ир хэмээмүй” хэмээсэнд үүд харагч дөрвөн очирваань сая зайлж зам тавин Бичинг оруулав. Олон архад бадам тавцангийн дор удирдан аваачсан хойно Бичин Шигэмунийг үзмэгц газар сөгдөөд дуу тавин уйлсанд Шигэмуни зарлиг болруун: “Ү Күн ямар хэрэгт энэ мэт энэлмүй?” Бичин өгүүлрүүн: “Шавь би агуу соёрхлыг хэдэнтээ хүлээж бурхан багш таны хаалганд орон үнэн мөрт дагаад Тансагийг багш болгон таньснаас зам турш зовон зүдсэнийг үнэхээр үгээр илтгэж үл дийлмүй. Өдгөө Арслант уулны Арслант агуй Арслант хотод хүрвээс тэнд арслан заан хангарьд зэрэг гурван их хорт шулам байж манай багш шавь нарыг цөм барьж аваачаад жигнүүрт тавин үхлийн гамшгийг амсуулав. Завшаанаар би мултран гараад лусын хааныг дуудан увидасалж амийг хэлтрүүлэв. Мөн шөнө би багштаныг хулгайлан тавиад оргон гартал санамсаргүй гамшгийн одон арилаагүй байж тэднийг дахин бариад эгүүлэн аваачжээ. Тэнгэр гэгээрсэн хойно хотод орж мэдээ сурваас заналтай тэдгээр шулам асар хартай багшийг мөн шөнөдөө түүхийгээр идээд арьс ясыг ч үлдээсэнгүй. Жич номын дүү Гахай Шороо тэд бас цөм хүлэгдэж баймуй. Удалгүй мөн хөнөөгдөх буй за. Шавь би үнэхээр аргаа барсанд тухайлан бурхан багшид бараадаар ирэв. Хүсэх нь ихэд нэгүүлсэхүй өршөөлт сэтгэлээр боодос сулруулах тарниа уншиж миний толгойн энэ боодсыг аваад шавь намайг тавин явуулж Цэцэг жимст уулнаа амар жимрээр аж төрүүлэх ажааму.” хэмээн бүгшин хагшин уйлж айлтгахад Шигэмуни инээн өгүүлрүүн: “Ү Күн чи битгий гаслатугай, бодвоос тэр шулмын эрдэм увидас их болоод чи дийлэн үл чадахдаа ийнхүү тачаадах буй за.” Бичин мөлхсөөр өвчүүгээ дэлдэж өгүүлрүүн: “Бурханд би үнэнээр өчсүгэй. Шавь би хүн болж тэр жил тэнгэрийн ордныг их л түйвээснээс нааш хүнд доромжлогдсон удаа үгүй бөлгөө. Энэ удаа харин энэ хорт шулмын гарт тохиов.”

 

            Шигэмуни үүнийг сонсож зарлиг болруун: “Чи бүү занагтун, тэр шулмыг би танимуй.” Бичин гэнэт дуун алдаж өгүүлрүүн: “Ээ би сонсвоос тэр шулам тантай ойр болох буюу.” Шигэмуни өгүүлрүүн: “Энэ зусар самж. Шулам надад яахан ойр болж болмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Ойр бус бөгөөс чи түүнийг яахан таних вэ?” Шигэмуни өгүүлрүүн: “Би билгүүн нүдээр тольдон танимуй. Тэр их шулам хоёрдугаар шулам эзэн буй за” хэмээгээд даруй зарлиг болж: “Ананд Гашив нааш ир. Та хоёул хоёр тийш явж, Утай уул, Эмэй уулны Манзушир Самандабадара хоёр бодисадваг дуудагтун. Бурхны хоёр шавь зарлигийг хүлээн одов. Шигэмуни Бичиний зүг өгүүлрүүн: “Эд болбоос хоёр их шулмын эзэн болой. Тэр гуравдугаар шулмыг дурдваас надад үнэхээр баахан ойрын сүлбээ би.” Бичин асууруун эцгийн ураг буюу? Эхийн төрөл буюу?” Шигэмуни өгүүлрүүн: “Балар эртнээс хулгана цагт тэнгэр нээгдэн үхэр цагт газар тогтож барс цагт хүн үүсч, тэндээс тэнгэр газрын агуй нээгдэн агуй нэгэнтээ нийлэн нөхцсөнд араатан жигүүртэн түмэн бодис бүтжээ. Араатан нь билигт гөрөөсийг тэргүүн болгож жигүүрт нь гарьдаар эзэн болгожээ. Гарьд хэдийнээ бас хурьцлын амьсгалыг олоод тогос хангарьд тэргүүтнийг төржээ. Тэр тогос анх маш хэцүү дөч тавин газрын үзүүрээс хүнийг өрөвхийн авч идмүй. Би цаст уулын оргил дээр арван зургаан тохойн алтан биеийг бүтээн суутал тэр намайг мөн залгисан бөлгөө. Би доод сүвээгээр нь гарваас биеийг бузарлуулжээ хэмээгээд нурууг нь цоолон гарч түүнийг хөлөглөн унаад хачир цогцолсон уулнаа ирсэн бөлгөө. Төд түүнийг алсугай хэмээсэнд олон бурхад: “Тогосыг албаас эхээ алсантай адил болой” хэмээн ятгаснаар тийнхүү түүнийг хачир цогцолсон уулнаа үлдээж бурхны эх их ухаант хаан ялгуусан тогос бодисадва хэмээн өргөмжилсөн бөлгөө. Хан гарьд болбоос түүн лүгээ нэгэн эхээс төрсөн эгч дүү тул тийнхүү надтай ойрын сүлбээ бий болой.” Бичин инээж өгүүлрүүн: “Үе тоолон ухчлан бодвоос чи харин шулмын зээ хөвгүүн болох ажгуу.” Шигэмуни өгүүлрүүн: “Тэр шулмыг би эрхбиш эчвээс сая хурааж болмуй.” Бичин даруй давшин мөргөж: “Арван цагаан буяны хөлгөнөөр адбиш нэгэнт заларму.” хэмээв.

 

            Шигэмуни бадам тавцангаас буун бурхдын хамт сүмийн үүдийг гартал хэдийнээ бас Ананд, Гашив хоёул Манзушир, Самандабадаратаныг удирдан иржээ. Хоёр Бодисадва Шигэмунид мөргөн золгосон хойно Шинэмуни асууруун: “Бодисадва нарын хөлөг уулаас буусаар хэдий удав?” Манзушир өгүүлрүүн: “Долоон өдөр болжээ.” Шигэмуни зарлиг болруун: “Таны тэндэх долоон өдөр нь ертөнцийн хэдэн мянган он болжээ. Тэр газар хэдийчинээ амьтан хөнөөснийг үл мэдмүй. Намайг дагаж ир. Тэднийг хураагаар одсугай.” хэмээв. Хоёр Бодисадва хойноос дагалдан олноор огторгуйгаар дэгдэн одов. Гагц үзвээс:

 

            Тэнгэр дүүрэн гэрэл цацран бэлгэт үүл эвхрэлдэж, түүнчлэн ирсэн бурхан багш төгс жаргалтаас залрав. Галав ертөнц үүссэн ёсныг дэлгэрэнгүйеэ айлтгаж газар дэлхий тогтсон учрыг нарийнаа номлов. Архад Кирди нар өмнө хойно хүрээлэн Ананд Гашив хоёр зүүн баруунд дагалцмуй. Манзушир Самандабадара нар цугаар мордон гарч мангас шулмыг дарахаар хамт нааш айсуй. Их богд найр талаараа бурхан багшийг биеэр залан буулгаж удсангүй тэр хотын дэргэд хүрч ирсэнд Бичин айлтгаруун: “Тэр хар уур манарагч нь даруй Арслант улсын хот болой.” Шигэмуни өгүүлрүүн: “Чи урьдаар одож шулам лугаа байлд, дийлэгдэхээс бус дийлж болохгүй. Чи өдөөн гаргасан хойно барихыг би мэдсүгэй.”

 

            Бичин даруй үүлийг даран шууд хотын дээр хүрч “Хилэнцэт муу шулам, түргэн гарч ир, өвгөн Сүнтэй байлдтугай.” хэмээн хараасанд хотын хайсан дээр байсан бага шулам яаран гүйлдэн орж мэдүүлрүүн: “Их ван, Сүн Ү Күн хот дээр ирээд байлдсугай хэмээн бархирмуй.” Их шулам өгүүлрүүн: “Энэ сармагчин энэ хоёр хоног эс үзэгдээд өдгөө гэнэт ирсэн нь эсвэл туслах цэрэг олж ирсэн болов уу?” Гуравдугаар шулам: “Элдэв юмнаас аймуй. Бид гарч үзсүгэй.” хэмээгээд гурван их шулам тус тус зэвсгээ барин гарч ирээд Бичинг үзмэгц үг дуугүй зэвсэг далайн цугаар байлдан ирэхэд Бичин шийдэм эргүүлэн угтан байлдав. Арван удаа болсонгүй Бичин хуурмагаар дарагдан буруулахад олон шулам бархиралдан түрхрэлдэж “Хаа одмуй?” хэмээлцэн нэхэн ирэхэд Бичин нэгэнтээ тонгорцоглон огторгуйд дэвхлэн гарваас гурван шулам мөн нэхэн эрмүй. Бичин бурхан багшийн алтан гэрэлд ороод бараагүй болжээ. Гагц үзвээс нөгчсөн, ирээгүй, өдгөө гурван цагийн бурхан таван зуун Архад, гурван мянган Кирди нар тэд гурван шулмыг цохин бүслэн авчээ. Их шулам бальдан мэндүүрэн “Дүү нар муу болов. Тэр сармагчин үнэхээр газрыг барсан золбин ажгуу. Хаанаас манай эздийг цөм залж авчирсан аж?” хэмээхэд гуравдугаар шулам өгүүлрүүн: “Их ах бүү ай бид цэргээр давшиж Шигэмунийг цавчин унагаад түүний Аянгын дуут сүмийг булаан авсугай.” хэмээгээд цаана нааныг мэдэхгүй илд цавчин ортол Манзушир Самандабадаратан тарни уншин: “Чивэлт адгуус бас номхрохгүй юуг хүлээмүй?” хэмээн зандармагц хоёр их шулам тэсгэлгүй зэвсгээ таягдан газарт нэгэнтээ өнхрөөд даруй уг биеэр болжээ. Хоёр Бодисадва бадам олбогийг шулмын нуруун дээр тавьж гарч унамагц хоёр шулам даруй чихээ дарж дагав.

 

            Хоёр Бодисадва ногоон арслан цагаан заанаа номхотгон дагуулсны хойно гагц тэр гутгаар шулам дагахгүй жигүүр дэлгэн жадаа орхиод халин дэгдэж хурц савраар Бичин ванг базахаар ирэв. Угаас Бичин тэр гэрлийн дотор орсон тул шулам айшгүй хавьтан үл чадмуй. Шигэмуни түүний санааг ухаад даруй алтан гэрэл цацруулсан тэргүүн юүгээ ув улаан нэгэн хэсэг мах болгож үзүүлэв. Тэр шулам хурц савраараа сарвайн шүүрэхээр иртэл бурхан багш хуруугаар нэгэнтээ заасанд шулмын жигүүр гэнэт унтраад нисэн чадахгүй хэдийнээ алтан жигүүрт хангарьдын уг бие нь илрэв. Тэр хангарьд бас бурхны зүг өгүүлрүүн: “Шигэмуни чи юунд их ридээрээ намайг ийнхүү тарчилгамуй?” Шигэмуни өгүүлрүүн: “Чи энд байваас лав цаглашгүй их нүглийг үйлдмүй. Намайг дагаж одвоос харин буяны үйлд тустай болмуй. Шулам өгүүлрүүн: “Чиний тэнд үүрд мах идэхгүй ядуу зүдүүгийн туйлаар аж төрмүй. Би эндээ болбоос хүний махаар хүнс хийж хязгаарлашгүй жаргалтай болой. Чи намайг өлбөрөөвөөс би чамтай ял хэлэлцмүй.” хэмээсэнд Шигэмуни: “Намайг дөрвөн их тивийн түг түмэн амьтан үл тахих нь үгүй. Өглөг өгөгчид хэлж урьдаар чамайг тайлгасугай.” хэмээв. Тэр хангарьд оргож чадахгүй болоод аргагүй номд оров.

 

            Бичин тэр үес гарч ирээд бурханд мөргөн: “Бурхан багш өдгөө чи хэдийгээр шулмыг номхотгож их гамшгийг арилгасан боловч гагц миний багш нэгэнт үгүй болсныг яамуй?” хэмээсэнд тэр хангарьд шүд хавиран занаж өгүүлрүүн: “Муу сармагчин чи хаанаас халдашгүй хүнийг олж авчраад намайг зовоомуй. Чиний тэр тоймог багшийг хэн идсэн бэ? Өдгөө тэр хүжсийн тэнхимийн төмөр авдар дотор байхгүй юу?” Бичин үүнийг сонсоод яаран бурхан багшид тал өгөн мөргөв. Шигэмуни тэр хангарьдыг тавьж үл болох тул даруй тэр алтан гэрлээсээ гаргалгүй байлгаж чойжин болгоод олныг авч үүлийг эгүүлэн эрдэнийн хийддээ өөд болов.

 

            Бичин даруй үүлийг даран хотод орвоос бага шулам нэг ч үгүй болжээ. Энэ төв хэмээн: “Могой толгойгүй бөгөөс яван чадахгүй, шувуу жигүүргүй болбоос нисэн чадахгүй” хэмээгч нь болой. Тэдгээр шулам бурхан ирээд шулам ванг барьсныг үзмэгц цөм тус тусын амийг зулбан зугтан оджээ. Бичин төд Гахай Шороо тэднийг тайлж тавин морь амьтайгаа авч тэр хоёуланд: “Шулам багшийг идсэнгүй болой. Та нар намайг дагаж ир” хэмээгээд хоёулыг дагуулан дотоод хүрээнд орж тэр хүжсийн тэнхимийг эрэн олоод үүдийг нээн дотор орвоос үнэхээр нэгэн төмөр авдар бий. Дотроос Тансагийн уйлах дуу сонстмуй. Бичин шийдмээр амсрыг занчин эвдээд авдрыг сөхөн: “Багш” хэмээн дуудсанд Тансаг үзээд дуу тавин ихэд уйлж өгүүлрүүн: “Шавь минь, шулмыг яахан дарав? Намайг энд байна хэмээн хэрхэн олж мэдэв?” хэмээхэд Бичин даруй өнгөрсөн учрыг эхнээс нь адаг хүртэл нэгэн зэрэг нарийвчлан тоочсонд Тансаг сонсоод тал өгч зогсохгүй бөлгөө. Төд багш шавь нар тэр ордон дотроос баахан амуу олж чанаад цадтал нэгэн цаг идэж хотоос гаран баруунш их замаар шууд эчив. Энэ үнэхээр үнэн номыг эрхгүй үнэн хүн залмуй. Хоосоор санаа зүдээж сэтгэл чилээгчид эцэстээ цөм талаар. Эндээс чухам хэзээ бурханд олж золгохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 0 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 47 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 16 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 20 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 3 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 35 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 39 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 39 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 13 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 22 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 33 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 38 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 17 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 43 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 11 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 35 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 36 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 51 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК