зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


ИХ БОГД ХЭВЭЛД ОРЖ ШУЛМЫГ НОМХРУУЛАВ

ИДЭТ ГАХАЙ ХҮЧИН ТУСАЛЖ СОЁОТЫГ БАРИВ

 

            Өгүүлэх нь, Бичин тэр их шулмын гэдсэн дотор нэгэн зэрэг аашлахад шулам үхэтхийн унаж, огт дуун гарахгүй болсонд Бичин түүнийг үхсэн болов уу хэмээн бодож, гараа тавьсанд шулам амь орж, “Ихэд нигүүлсэхүй тэнгэр лүгээ чацуу их богд бодисадва аа” хэмээн дуудахад Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн чи олон нурших хэрэггүй, гагц Сүн нагац өвөг хэмээн дуудваас барав.” Шулам амь хэлтрэхийг бодож, “Нагац өвөг минь, Нагац өвөг минь. Миний буруу болов. Чамайг ташааран залгиснаар өдгөө чамд гэдрэг хөнөөгдөхөд хүрэв. Их богд энэрэн нигүүлсэх сэтгэлээр миний хорхой мэт амийг уучлах ажаамуу. Би чиний багшийг уулнаас хүргэж гаргасугай.” хэмээсэнд Бичин хэмээгч хэдий баатар эр боловч Тансагийн тул болоод шулмын ийн гаслан гуйхад даруй сэтгэл зөөлөрч, дуудан өгүүлрүүн: “Шулам, би чиний амийг уучилсугай, чи миний багшийг хэрхэн хүргэмүй?” Шулам өгүүлрүүн: “Манд бэлэглэмээр алт мөнгө, сувд тана зэрэг сайн эрдэнэ үгүй, гагц бид ах дүү гурвуул сүйх хүлж таны багшийг суулгаж, дамнан хүргэсүгэй.” Бичин инээн өгүүлрүүн: “Чи үнэхээр сүйх хөлөглөн хүргэвээс эрдэнэ өгснөөс илүү. Чи амаа ангайгтун. Би гарсугай.” Их шулам үнэхээр амаа ангайж байн атал, гуравдугаар шулам чихэнд сэмээр “Их ах чи түүнийг гарч ирэхийн дашрамд тас зууж залгаваас сайн бус буюу?” хэмээв.

 

            Бичин хэдийн сонссон тул урьдаар гарч ирсэнгүй, болд бэрээгээр тэнсэн гатлахад тэр үнэхээр хав гэтэл хазаад үүдэн шүдээ цөм булгалав. Бичин шийдмээ татаж аваад өгүүлрүүн: “Муу шулам чи би чиний амийг уучилсугай хэмээхэд, чи харин намайг хазаж алсугай хэмээмүй. Гарахгүй, гарахгүй. Чамайг базаж алсугай.” Их шулам гуравдугаар шуламдаа хорсож өгүүлрүүн: “Дүү чи намайг хөнөөв. Сая түүнийг чухам залаад гаргачихсан бөгөөс болсон болой. Хэрэггүй чи намайг хаз хэмээн арга гаргасанд, тэр хазагдсангүй, харин миний үүдэн шүдийг цөм булгалав. Өдгөө хэрхвээс сайн?”

 

            Гуравдугаар шулам их шулмаа зэмлэхийг сонсоод хорсох арга хэрэглэн дээр дуунаар дуудан өгүүлрүүн: “Сүн Ү Күн би таны их нэрийг олонтаа сонссон бөлгөө. Чи тэнгэрийн өмнөд хаалганд сүр бадруулан Бидэрьяа эрдэнийн харшийн өмнө баатар юугаа гайхуулав хэмээмүй. Өдгөө баруун орны шулам лугаа тэмцэхээс үзвээс харин нэгэн өчүүхэн сармагчин ажгуу.” “Чи намайг юунд өчүүхэн амьтан хэмээмүй? Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Сайн эрийн хийсэн үйл түмэн газарт алдаршмуй.” хэмээжээ. Чи гарч ирээд мантай тэмцэлдвээс тэр сая сайн эрийн тоонд тооцогдох буй за. Юунд хүний гэдсэн дотор орж гэм хиймүй? Энэ чинь өчүүхэн хүний үйл бус буюу?” Бичин үүнийг сонсоод: “Зөв зөв. Би өдгий үүний гэдсийг тасдан, элэг зүрхийг базаж алахад ямар бэрх вэ?гагц миний нэр алдарт муухай болох буй за. Байтугай. Байтугай. Гарч эдэн лүгээ байлдсугай.” хэмээн сэтгээд “Гагц таны энэ агуй асар цухал. Зэвсэг эргүүлэхэд дөхөмгүй тул уудам газар одож байлдсугай.” хэмээв. Гуравдугаар шулам хэдий их бага шулмаа гурван түм илүү цуглуулж, тус бүрт хурц зэвсэг бариулан, агуйн үүдэнд жагсааж, Бичинг гарч ирвээс даруй зэргээр хөдлөн байлдахаар хүлээв. Хоёрдугаар шулам их шулмаа түшиж, цэргийн дунд ирээд “Сүн Ү Күн, чи сайн эр болбоос гарч ир. Энэд уудам талбар бий. Байлдахад сайн” хэмээв.

 

Бичин түүний гэдсэн дотор байж, шувуу донгодон салхи шуугих чимээг сонсоод агуйгаас гарч ирснийг мэдээд дороо ийн сэтгэрүүн: “би эс гарваас итгэлгүй болмуй. Гарваас энэ шулам үгээ идэж мэдмүй. Сая багшийг хүргэж явуулмуй хэмээн хуурч хазах хэмээв. Өдгөө бас цэрэг авчран бэлтгэжээ. Байтугай. Байтугай. Би гаравч энд бас нэгэн сүүл үлдээсүгэй.” хэмээж даруй сүүлнээсээ нэгэн ширхэг үс зуулан аваад тарни уншин “хувил” хэмээн зандарсанд хялгасан чинээ бүдүүн дөчөөд алд урт нэгэн дээс болон хувилгав. Дээсний нэгэн үзүүрийг шулмын шулмын зүрхний угаас уяад нөгөө үзүүрийг цувуулж гадагш гаргаваас салхи үзмэгц бүдүүрэхээр болгов. Тэр дээсийг татахгүй болохул мөн чангарахгүй, чангалан татваас даруй өвдмүй. Бичин даруй тэр дээсийг барьж инээн: “Би өдгөө гармуй. Шулам миний багшийг гаргаваас барав. Хэрэв гаргахгүй болоод гар хөдлөн дайлалдваас би мөн түүн лүгээ тэмцэн байлдах чөлөөгүй. Гагцхүү энэ дээсээ татваас даруй түүний дотор байх лугаа нэгэн адил буй за.” хэмээн санаад биеэ бага болгон хувилгаж, хоолойд мөлхөн ирээд гадагш харваас шулам хурц мэс мэт шүдтэй их амаа ангайсныг үзээд гэнэт бас “Болохгүй, болохгүй. Энэ дээсийг үүний амаар татаж гаргаваас шулам өвдөхдөө хазаж тасалмуй за. Би өөр нэг газраар гаргасугай.” хэмээж дээсээ чирсээр түүний тагнай дээгүүр чирсээр хамрын нүхээр ормогц шулмын хамар нэгэнтээ гөвгөнөөд Бичинг найтаан гаргав.

 

Бичин салхи үзмэгц суниаж, биеэ зургаа долоон алд өндөр болгон хувилгаад нэг гарт дээсээ барьж, нөгөө гарт шийдмээ барьж байхад тэр шулам үзмэгц сайн мууг мэдэхгүй илдээр цавчин ирэхүйд Бичин шийдмээр угтан автал хоёрдугаар, гуравдугаар шулам цөм жад өргөн нүүр нүдгүй жадлан ирэв. Бичин тэдэнд бүслэгдэх магадгүй хэмээн дээсээ тавьж шийдмээ хураан огторгуйд дэвхлэн гараад нэг уулын толгой дээр бууж хоёр гараар дээсийг хүчлэн татсанд тэр шулам тэсэшгүй өвдөж, газар унав. Олон бага шулам холоос үзээд цөм өндөр дуугаар өгүүлрүүн: “Их ван түүнтэй оролдсоны хэрэггүй. Энэ сармагчин ханш болоогүй атал харин цаасан шувуу тавьж наадмуй.” Бичин гэнэт хүчлэн татсанд их шулам хий дээр нэгэн зэрэг эргэлдсээр газар унаж ирээд хөтлийн хөрсөнд хоёр тохой гудрав.

 

Хоёрдугаар, гуравдугаар шулам мэгдэн үүлнээс бууж ирээд дээсийг барин сөгдөн өгүүлрүүн: “Их богд чамайг хязгаарлашгүй зууч сэтгэлт хувилгаан хэмээн сонслоо. Харин ийм хулганын гэдсэн дэх хорхой мэт өчүүхэн амьтан хэмээн хэн саналаа. Чамайг гаргаж ирээд дээр дороо мэдэлцсүгэй хэмээхэд чи харин манай ахын зүрхэнд урхи хаяжээ.” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ шулам даанч ёсгүй. Урьд удаа намайг хууран гаргаж хазсугай хэмээв. Энэ удаа бас жагсаал жагсаан хүлээжээ. Таны хэдэн түмэн шулам ганц хүнтэй байлдах нь мөн ёсонд нийцэхгүй. Би түүнийг чирч аваачаад багшдаа золгомуй.” хэмээсэнд тэр их шулам бас гуйн мөргөж, “Их богд өршөөн нигүүлсэж амийг уучилбаас таны багшийг дуртайяа хүндэтгэн үдсүгэй.” Бичин инээн өгүүлрүүн: “Чи амиа гарсугай хэмээвээс илдээрээ энэ дээсийг цавчваас барах нь тэр.” Шулам өгүүлрүүн: “Өвөг минь гадна байх дээсийг таславч дотно байх дээсийг мөн зүрхийг татаж, хоолойг гөвгөнүүлэх нь даанч хэцүү. Хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Тийн бөгөөс чи амаа ангай. Би дахин орж дээсээ тайлсугай.” Их шулам их л сандарч “Ороод дахин гарч ирэхгүй болбоос нэн зовлон болмуй.” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “надад гаднаас тайлах эрдэм буй, би тайлбаас чи миний багшийг гаргах буюу?” Шулам өгүүлрүүн: “Тайлбаас чиний багшийг үнэхээр гаргамуй. Худал хэлэхгүй.” Бичин түүний үнэнийг мэдээд биеэ нэгэнт сэгсрэн үсээ хураамагц шулмын зүрх өвдөхөө болив. Энэ нь Богд бичиний хүний нүдийг халхлах увидас болой. Бичин үсээ хураамагц гурван шулам босч тал өгөн: “Их богд хойш заларч багшдаа мэдүүлэн амьтайгаа бэлтгэ. Бид сүйх засч гаргасугай.” хэмээгээд олон шулам зэвсгээ хураан цөм агуйдаа эгэв.

 

Бичин дээсээ хураагаад уулын зүүнд хүрч холоос үзвээс Тансаг газар хэвтэж гаслан уйлмуй. Гахай, Шороо хоёул боодлоо задалж хоёр тийшээ хуваан амуй. Бичин сэмээр шүүрс алдаж, “Хэлэх хэрэггүй энэ лав Гахай намайг шуламд залгигдав хэмээн багшид хэлсэн тул багш миний төлөө уйлав. Тэр Манхуу харин амьтайгаа хуваан салах гэж байх буй за. Тийн авч үнэн худлыг урьдаар лавлаж мэдсүгэй” хэмээгээд үүлийг даран бууж ирээд “Багш” хэмээн дуудсанд Шороо олж сонсоод Гахайд хорсон өгүүлрүүн: “Чи хэмээгч үнэхээр хүнийг хөнөөх хүн байнам. Ах үхсэнгүй атал чи үхэв хэмээн өгүүлж ийм шившигт хэргийг үйлдмүй. Тэнд дуудаж байх нь ах бус буюу?” Гахай өгүүлрүүн: “Түүний шуламд залгигдсаныг би нүдээр үзсэн бөлгөө. Лав муу цагт үхсэн тул тэр муу сармагчны зуурдын сүнс нь ирсэн буй за.” Бичин хүрч ирээд түүнийг үсэртэл алгадаж, “Муу Манхуу, би ямар зуурдын сүнс болон чамд үзэгдэв?” хэмээсэнд Гахай гүйн босоод хацраа илэн өгүүлрүүн: “Чамайг тэр шулам үнэхээр залгисан бөлгөө. Чи яахан гарч ирэв?” Бичин өгүүлрүүн: “Би чамд адил сэвсэн гүзээ, шээсэн давсаг буюу? Би түүний гэдсэн дотор ороод элэг бөөрийг нь базаж, уушги зүрхийг нь уяж өвтгөхөд бүгд шулам гуйсан хойно амийг нь хэлтрүүлэв. Өдгөө тэд сүйх дамнан ирж, багшийг уулаас гаргамуй.” Тансаг үүнийг сонсоод мөлхөн босч Бичинд тал өгөн өгүүлрүүн: “Шавь минь чи үнэхээр зовов. Хэрэв Гахайн үгийг итгэсэн болбоос би хэдийн үхэх бөлгөө.” Бичин нударга эргүүлэн Гахайг занчиж, хараан өгүүлрүүн: “Энэ муу аагийн тулам, адгийн муу алжуу амьтан. Багш бүү зов. Удалгүй тэр шулам хүргээр ирмүй.” Шороо мөн морио эмээллэж, амьтайгаа ачин зам дээр хүлээн суухыг түр өгүүлэхгүй.

 

Тэндээс тэр гурван шулам олноо авч агуйд эгсэн хойно хоёрдугаар шулам өгүүлрүүн: “Би тэр Сүн Ү Күнийг арван хоёр толгойтой аварга том юм болов уу хэмээн санасан бөлгөө. Үзвээс харин нэгэн өчүүхэн сармагчин ажгуу. Чи чухам залгисангүйгээр түүнтэй байлдсан болбоос тэр яахан чи биднийг дийлж чадах аж? Бидний хэдэн түмэн бага шулам хүн бүр нэг нулимавч түүнийг цацаан алах болой. Чи түүнийг залгиад тэр харин чиний гэдсэн дотор түйдэж зовооход бид яахан гар хөдөлж тусалмуй? Саяын Тансагийг гаргасугай хэмээн хэлсэн нь ах чиний амийг гаргахын тул түүнийг хуурсан худал үг болой. Түүний багшийг гаргах ёсон буй буюу?” Хөгшин шулам өгүүлрүүн: “Мэргэн дүү тэд нарыг үл гаргахын учир юун бэ?” Хоёрдугаар шулам өгүүлрүүн: “Чи надад гурван мянган цэрэг өг. Тэр муу сармагчныг барих чадал надад бий.” Их шулам: “Гагц түүнийг барьж чадваас гурван мянга байтугай бүгдийг дайчлавч мөн чиний зориг болой.” хэмээв.

 

Тэр хоёрдугаар шулам гурван мянган бага шулмыг аван гарч ирээд их зам дээр жагсааж, хөх хиур барьсан нэгэн шулмыг илгээв. Тэр бага шулам хүрч ирээд “Сүн Ү Күн чи түргэн гарч ирээд миний хоёрдугаар их вантай байлд.” хэмээн дуудсанд Гахай олж сонсоод инээн өгүүлрүүн: “Ах минь, энгийн үгэнд “Худалч хүн хойноо муу хусран гүү хавартаа муу” хэмээжээ. Ах юунд шулмыг номхотгов хэмээн манийг хуурмуй? Шулам сүйх авчран багшийг гаргах хэмээгээд харин байлдаар ирэх нь юун бэ? Бичин өгүүлрүүн: “Их шулам надаас үнхэлцгээ хагартал айгаад гарч ирэх байтугай миний нэрийг сонсовч мөн түүний толгой нь өвдөх ыболой. Энэ лав хоёрдугаар шулам нь их шулмын санааг дагахгүйн тул байлдаар ирсэн буй за. Энэ шулам ах дүү гурвуул хоорондоо их аятай атал бид ах дүү гурвуул юунд ийм эегүй вэ? би их шулмыг нь дарав. Энэ ирсэн хоёрдугаар шулмыг чи тосон байлдаж үл болох буюу?” Гахай өгүүлрүүн: “Тосон байлдахад юунаас аймуй. Би одсугай.” Бичин өгүүлрүүн: “Одвоос даруй одтугай.” Гахай инээн өгүүлрүүн: “Даруй одмуй. Одохдоо чиний тэр дээсийг агсан зарсугай.” Бичин өгүүлрүүн: “Чи хүний гэдсэн дотор орж чадахгүй байгаад тэр дээсээр юу хиймүй?” Гахай өгүүлрүүн: “Би бэлхүүснээсээ уяж амийг аврах шижим болгосугай. Чи Шороо лугаа дээсний үзүүрийг барьж байгтун. Би түүнтэй байлдаж, дийлбээс та нар дээсийг сул тавь. Эс дийлбээс намайг татаж ав. Түүнд бүү бариул.” Бичин дотроо сэмээр инээн: “Энэ Манхуугаар бас нэгэн удаа наадсугай” хэмээж үнэхээр түүний бэлхүүсээр дээс уяж илгээв.

 

Тэр Манхуу малтуураа далайн уулны дээр гарч, “Шулам аа, Жу өвөгтэйгөө байлдаар ир.” хэмээн дуудсанд тэр хөх хиур барьсан бага шулам яаран хойш ирж “Их ван, нэг урт хошуу, их чихтэй тойн байлдаар ирэв.” хэмээн мэдүүлсэнд тэр хоёрдугаар шулам олны дотроос гарч ирээд жад мушгин үг дуугүй жадлан ирэхэд Манхуу мөн малтуур өргөн угтан оров. Тэр хоёул уулын хөтөл дээр долоо найман удаа зөрөлдсөнгүй Гахайн хүчин дарагдаж тэсэхгүй болоод яаран хойш харж, “Муу болов. Ах хурдан амийг аврах шижмийг татагтун” хэмээн дуудсанд Бичин дээсээ түүний зүг орхив. Тэр Манхуу дарагдан буруулахад урт дээс хөлийг нь ороох тул хэдэнтээ ойчин хамаг эцэст хоншоороороо гадан унав. Тэр шулам хэдийн хүрч ирээд хамраараа Гахайг ороон аваад агуйдаа аваачив. Олон шулам ялгуусан дуу хангинуулж агуйдаа эгэв.

 

Уулын дор байсан Тансаг үүнийг үзээд бас Бичинд уурлан өгүүлрүүн: Гахай чамайг үхэв хэмээн зүхэн хараах нь нэг ч буруугүй. Та ах дүү гурав ганц удаа барихаас өөр ах дүүгийн сэтгэл огт үгүй. Гахай амийг аврах дээсийг тат хэмээн цухалдан бархирч атал чи юунд татахгүй харин сул тавимуй. Өдгөө тэр баригдав. Хэрхвээс сайн?” Бичин инээн өгүүлрүүн: “Багш түүнийг илүү хайрламуй. Өвгөн Сүн би баригдсанд багш өчүүхэн ч санахгүй болоод Манхуу сая баригдмагц харин намайг зэмлэмүй. Түүнийг баахан зовоовоос тэр сая ном залахын бэрхийг мэдэх болой.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь чамайг би юунд үл санах буй? Чиний хувилгаан увидас ихийн тул лав аминд чинь хор үл хүрэх хэмээн санамуй за. Тэр Манхуу бохир бүдүүлэг бөгөөд эрдэм чадлаар барагтай тул баригдсанд үхэж эдгэхийг нь магадалж болшгүй. Чи одож гаргаваас зохимуй.” Бичин өгүүлрүүн: “Багш бүү уурла. Би түүнийг гаргаар одсугай.” хэмээгээд хойноос нэхэн одов.

 

Бичин бэхэхийн зуур дотроо ийн санаруун: “Энэ Манхуу намайг үхтүгэй хэмээн зүхсэн бөлгөө. Би түүнийг дагаж ороод шулам түүнийг яахан зовоохыг баахан үзээд жич сая аварсугай.” хэмээж тарни уншин бие сэжиж нэгэн шумуул болон хувилаад нисэн одож, Гахайн чихэн дээр сууж шулмын хамт агуйн зүг ирэв. Тэр хоёрдугаар шулам гурван мянган шулмаа дагуулан их л үлээн дэлдэж агуйн үүдэнд буугаад Гахайг аван дотор ороод “Ах аа, би нэгийг барьж авчрав.” хэмээсэнд их шулам “Алиныг барьж ирэв? Би үзсүгэй” хэмээсэнд хоёрдугаар шулам даруй хамраа жийлгэн Гахайг газар орхиод “Энэ бус буюу?” хэмээсэнд их шулам үзээд “Энэ хэрэггүй, муу юм.” хэмээв. Гахай өгүүлрүүн: “Их ван хэрэггүйг нь тавьж илгээ. Хэрэгтэйг нь баригтун.” Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Хэдий хэрэггүйболовч мөн Тансагийн шавь Гахай хэмээгч болой. Атиртал хүлээд хойд хүрээний нуурт аваачиж орхи. Дэвтээгээд үсийг нь унасан хойно гэдэс дотрыг нь гаргаад давсалж хатааваас бүрхэг хуртай өдөр архин зууш болж болмуй.” Гахай их л хэлмэгдэж, “Барав. Барав. Хатаасан махны сэрээчин шуламд баригдсан ажгуу.” хэмээтэл олон шулам зэргээр урагш давшин Манхууг атиртал хүлээд чирч үүрсээр нуурт аваачиж, түлхэн оруулаад цөм хойш эгжээ.

 

Бичин түүний дээгүүр нисэн хүрч үзвээс Манхуугийн дөрвөн мөч дээш сэртийн хоншоороо эртийлгэж, хагас дэгдэн, хагас тунаж, их л амьсгалах нь яг намрын хяруунд автагдсан лянхуаны хонгорцог мэт харагдах нь адбиш шогтой. Бичин үүнийг үзээд дотроо хорсном бөгөөд бас өр өвдөж ийн сэтгэрүүн: “Яаваас сайн? Энэ бас хувилгаадын нэрд бий болой. Гагц энэ амьтан эвгүйдвээс амьтайгаа хувааж тарах хэмээх болоод бас багшид ховлон цагираг чангалах тарнийг уншуулмуй. Тэр өдөр Шороо бас өчүүхэн эд хураав хэмээсэн бөлгөө. Би үүнийг айлгаж үнэн худлыг мэдсүгэй.” хэмээв.

 

Бичин түүний чихний дэргэд нисэн ирээд “Жу Ү Нэн. Жу Ү Нэн.” хэмээн дуугаа өөрдүүлэн дуудсанд Гахай их л хэлмэгдэж, “Муу болов. Миний энэ ү Нэн хэмээх нэрийг Хомсим Бодисадва өгсөн бөлгөө. Тансагийг дагаснаас хойш Найман санваарт хэмээх нэрийг авав. Эд яаж миний нэрийг мэдэв.” хэмээн их л сэжиглэн: “Миний номын нэрээр дуудагч хэн бэ? хэмээн тэсгэлгүй эасуусанд Бичин: “Би дуудмуй” хэмээв. Манхуу асууруун: “Чи хэн бэ?” Бичин: “Би эрлэгийн элч болой.” хэмээсэнд тэр Манхуу их л айж, “Ноён та хаанаас ирсэн бэ? хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Эрлаг хаан намайг зарж чамайг авчрахаар илгээв.” Манхуу өгүүлрүүн: “Ноён та хойш эгэж маргааш аваачхаар эрлэг хаанд айлтгаму. Тэр таван эрлэг хэмээгч миний номын ах Сүн Ү Күнтэй сайн танил бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Дэмий бүү донгод. Эрлэг хаан энэ өдөр үх хэмээвээс маргааш үхэж болох буюу? Хүзүүндээ гинж хийлгэж аваачуулахын оронд эртхэн надтай яв.” Гахай өгүүлрүүн: "Ноён“миний энэ маягаар амьдрах санаа хаа баймуй? Үхэх нь лав үхмүй. Гагц ганцхан өдөр хүлээе. Энэ шулам миний багштаныг цөм барьж аваачсаны хойно бүгдээрээ одсугай.” Бичин инээн өгүүлрүүн: “Болтугай. Миний энэ дансанд гучаад хүний нэр бий. Тэд цөм энэ ойр хавиар байх тул урьдаар тэднийг барьж жич чамайг аваачваас мөн нэгэн өдрийг өнгөрөөж болмуй. Чамд хүнсэн мөнгө бий болбоос надад баахан өг.” хэмээхэд Гахай өгүүлрүүн: “Харамсалтай болой. Маний гэрээс гарсан тойн хүнд ямар хүнсэн мөнгө баймуй?” Бичин өгүүлрүүн: “Үгүй болбоос чамайг гинжилж аваачмуй. Намайг дагаж яв.” гэхүл тэр Манхуу их л мэндүүрэн өгүүлрүүн: “Ноён та битгий гинжил. Чиний тэр гинж хэмээгч “амь авах цалам болохыг би мэдмүй. Гинж хүзүүнд орвоос амьсгаа тасрах буюу. Байнам. Байнам. Гагц арвингүй.” Бичин өгүүлрүүн: “Хаана баймуй? Түргэн авч гарга.” Гахай өгүүлрүүн: “Би тойн болсноос нааш олон өглөгийн эзэн миний гэдэс ихийг үзээд надад баахан илүү өгдөг бөлгөө. Би бага багаар хуримтлуулсаар таван чин болгов. Гагц авч явахад дөхөмгүй тул тэр өдөр хотын мөнгөн дархныг гуйж нэгэн өлгий болгосон бөлгөө. Тэр дархан бас хумс хөдөлгөж, миний мөнгөнөөс дөрвөн пүн хулгайлан авсан тул надад өдгөө сая дөрвөн чин зургаан пүн баймуй. Чи аваачваас аваачтугай.” Бичин сэмээр инээж, “Энэ Манхуу өмд бас үгүй бөгөөтөл хаанаа нуусан бэ?” хэмээн бодоод “Чи тэр мөнгөө хаана тавьсан бэ?” хэмээн асуусанд Гахай: “Миний зүүн чихэн дотор бий. Миний гар хөлийг хүлсэн тул хөдөлж чадахааргүй. Чи өөрөө автугай.” хэмээв.

 

Бичин даруй гар сунган түүний чихэн дотроос ухаж аваад үзвээс үнэхээр таван чин шахмын нэгэн өлгий ажгуу. Бичин үүнийг үзээд тэсгэлгүй инээсэнд тэр Манхуу Бичиний дууг таниад усан дотроос хараан өгүүлрүүн: “Энэ тэнгэр буусан агтын даамал чи намайг ийм зовлонд учруулсан агаад бас ирж миний мөнгийг цөлөммүй”. Бичин бас инээж өгүүлрүүн: “Муу аагийн тулам чи өвгөн Сүн би багшийг зовон зүдэн хамгаалж явахад чи харин сэмээр эд хурааж явмуй.” Гахай өгүүлрүүн: “Битгий шинжгүй аашил. Энэ ямар их эд вэ? би идэж уухаа арвилж байгаад энэ бага мөнгийг хуримтлуулж байгаад нэгэн зах дээл хийж өмсье хэмээсэн бөлгөө. Чи өдгөө айлгаж авав. Надад бас баахан хувааж өг.” Бичин өгүүлрүүн: “Чамд нэг пүн ч өгөхгүй.” Гахай хараан өгүүлрүүн: “Амиа гарах мөнгө чамд өгсүгэй, өдгөө чи намайг гарга.” Бичин: “Чи бүү яар би чамайг гаргасугай” хэмээгээд мөнгийг өвөрлөн уг биеэр болоод шийдмээр Гахайг сэлэн усны хөвөөнд авчран хөлөөс нь чирэн гаргаад хүлээсийг тайлан тавив. Гахай үсрэн босч дээлээ тайлан усыг сэгсрээд шал нойтноор нөмөрч: “Ах аа, бид хойд үүдээр гарсугай.” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Хойд үүдээр гарваас нэрэнд муухай тул өмнө үүдээр одсугай” хэмээв. Гахай: “Миний хөл хүлэгдэж хөшөөд гүйж дийлэхгүй.” хэмээсэнд Бичин: “Хурдан намайг дагаж ир” хэмээв. Бичин зам нээн занчин гарахад тэр Манхуу өвдөхийг тэсвэрлэн хойноос дагаж гүйв. Хоёрдугаар хаалганд хүрвээс түүний малтуурыг тэнд түшүүлэн тавьсан ажгуу. Гахай урагш хүрч бага шулмыг түлхэн зайлуулж, малтуураа аваад урагш цохилон бичиний хамт хэдэн давхар хэдэн давхар хаалгыг гартал хичнээн олон бага шулам алагдсаныг мэдэхгүй. Төдийд их шулам үүнийг олж сонсоод хоёрдугаар шуламд өгүүлрүүн: “Барьсан хүн чинь яав? Сүн Ү Күн ирж Гахайг булаан аван хаалган дээр олон хүүхдийг алав.” Хоёрдугаар шулам сонсоод үсрэн босч урт жадаа шүүрэн авч хаалганд нэхэн ирж өндөр дуунаар хараан өгүүлрүүн: “Муу сармагчин битгий ёс бус аашил. Ямар аймшиггүй манийг ийнхүү басмуй?” Бичин сонсож хүлээн зогстол хүрч ирээд ялган хэлэлцэхгүй жад далайн жадлан ирэхэд Бичин мөн огт шантрахгүй шийдэм өргөн угтан авч хоёул тэр агуйн үүдэнд энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Шар соёот хөгшин заан хүний дүрээр хувилж, чадал хүчит арслан хаан лугаа ах дүү бололцов. Зуураас ирсэн гарьд шулмын зөвдөн хэлэлцсэний учир зүүн газрын Тансагийг идэхээр зориг сэтгэл нийлэв. Тэнгэр лүгээ чацуу богдын шид увидас хэцүү тэрсийг даран төвийг тусалж шулмыг арилгасу хэмээмүй. Тэнэг Гахай тэнхээгүй атаатанд баригдсанд тэнсэж хошигноод Бичин багш тэнхрүүлэн авч гаргав. Шулам ван гүйцэн ирээд догшин сүр үзүүлж шийдэм жад харшилдан зөрөлдөж хувь хувьд гавшгайлмуй. Хурц жад ирэх нь хорт могой гурвалзах мэт хүнд шийдмийн буух нь хувилгаан луу ширвэх адил, хоёр этгээд гагцхүү Тансагийн учираа хорсол занал өвөрлөн хайр найргүй байлдмуй. Гахай туслахгүйгээр уулан орой дээр малтуураа тулж харан байхад тэр шулам Бичиний шийдэм зарах нь өчүүхэн ч өө сэвгүйг үзээд жадаар шийдмийг хориглон хамраар ороон ирэхэд Бичин түүний санааг мэдээд хоёр гараар шийдмийг дээш өргөсөнд тэр шулам Бичиний бэлхүүсээр ороон аваад гарыг нь ороон эс чадав. Бичин шулмын хамар дээр шийдэм бүжиглэж наадан эхлэв.

 

Гахай үзээд өвчүүгээ дэлдэж, “Энэ шулмын хийморь хэвтжээ. Миний мэт хүний гартай ороох болоод тэр мэт бушуу шаламгай хүний гарыг эс ороовоос тэр шийдмээр хамрын ншх өөд чинь чичвээс нус нулимс гоожин яаж түүнийг ороож чадмуй?” хэмээн бархирсанд Бичин сая санаанд орж шийдмээ бугуйн чинээ бүдүүн, хоёр алд илүү урт болгоод үнэхээр тэр шулмын хамрын нүх өөд чичсэнд шулам дуу алдан хамраа тавив. Бичин гар сунган хамрыг нь базгадан аваад урагш хүчлэн татсанд тэр шулам өвдөхөд тэсэхгүй болоод дагаж ирэв. Гахай сая зориг орж, хүрч ирээд малтуураа шулмын ташаан дээр дэмий л савахад Бичин өгүүлрүүн: “Болохгүй. Болохгүй. Чиний тэр малтуурын хурц шүдэнд тэр шулам шархдаад цус гарваас багш бас манийг нүгэл хийв хэмээн зэмлэмүй. Ишээр нь цохь.” хэмээв.

 

Бичин шулмын хамраас хөтөлж, Гахай малтуурын ишээр цохьсоор уулын хөтлөөр бууж ирэв. Тансаг тэнд хараахан нүд цавчилгүй харж байтал гэнэт тэр хоёул цуугилдан ирэхийг үзээд “Ү Жин чи үз. Ү Күний хөтөлж ирэх ямар юм бэ?” гэсэнд Шороо үзэж инээн өгүүлрүүн: “Багш, номын ах шулмын хамраас хөтөлж ирэв.” Тансаг өгүүлрүүн: “Сайн. Сайн. Үнэхээр урт хамар, том биет шулам ажгуу. Чи угтаж эчээд асуу. Тэр хэрвээ бидэнд хор хийхгүйгээр дуртайяа уулнаас хүргэж гаргаваас түүний амийг уучилмуй.” Шороо урагш угтан хүрч өндөр дуунаар: “Багшийн зарлиг: Тэр шулам үнэхээр биднийг хүргэж уулнаас гаргаваас түүний амийг бүү хөнөө хэмээмүй.” хэмээсэнд тэр шулам Бичинд хамраа базгадуулсан тул хагшуур өвчинд нэрвэгдсэн мэтхамраар гуншин өгүүлрүүн: “Тансаг өвөг минь амийг уучилбаас бид сүйх дамнан гаргасугай.” хэмээн газар сөгдөв. Бичин өгүүлрүүн: “Бид багш шавь болбоос буян үйлдэгч улс. Ийн өгүүлэхээр болбоос чиний амийг уучилсугай. Хурдан сүйх авчран дахин. Хувилбаас чиний амийг хэлтрүүлмүй.” Тэр шулам мөргөн одов. Бичин, Гахайтан багшдаа золгосны хойно Бичин өнгөрсөн учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлэв. Гахай маш ичгүүрчхөтлийн өмнө дээлээ хатааж суухыг түр өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь олон бага шулам агуйд орж их шулам, гуравдугаар шуламд хоёрдугаар шулам их ванг Сүн Ү Күн хамраас хөтөлж авчрав хэмээн мэдүүлснийг сонсоод их шулам их л айж, гуравдугаар шуламтай олныг аван сая гартал хоёрдугаар шулам нус нулимсаа чирэн ганцаар хүрч ирэхэд учраад угтан оруулж учрыг асуусанд, хоёрдугаар шулам даруй Тансагийн өршөөлийг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд олноо цөм  нүүр нүүрээ харж дуун эс гарав. Хоёрдугаар шулам өгүүлрүүн: “Ах яаваас сайн? Тансагийг хүргэн гаргах буюу? Их шулам өгүүлрүүн: “Дүү чи юуныг өгүүлмүй? Сүн Ү Күн хэмээх ууч өршөөлт хүн, тэр миний гэдсэн дотор байхдаа намайг алсугай хэмээсэн бөгөөс мянгантаа үхүүлэвч мөн чадах бөлгөө. Сая чиний хамраас хөтлөн аваачаад хэрвээ тавьж явуулахгүй тасалбаас мөн түүний зориг буюу. Эртхэн хүргэж гаргасугай.” Гуравдугаар шулам инээн өгүүлрүүн: “Хүргэ. Хүргэ. Хүргэ.” Хөгшин шулам өгүүлрүүн: “Мэргэн дүүгийн энэ үгэнд уур агуулагджээ. Чи хүргэхгүй бөгөөс бид хоёул хүргэж гаргасугай.”

 

Гуравдугаар шулам инээн өгүүлрүүн: “Хоёр ах сонс. Тэр шулам манд сонстохгүй нууж гарваас харин тэдний заяа болой. Эрхгүй биднээр хүргүүлсүгэй хэмээвээс харин төв хэмээн миний “барсыг уулнаас буулгах” аргад ормуй. Их шулам өгүүлрүүн: “Юуг “барсыг уулнаас буулгах” арга хэмээмүй?” гуравдугаар шулам өгүүлрүүн: “өдгөө олон бага шулмын дотроос түмээс мянгыг сонгож, мянгаас зууг шилж, зуугаас арван зургаан хүнийг сонгож, бас гучин хүнийг шилэн авмуй.” Их шулам өгүүлрүүн: “Арван зургаан хүнийг авсан атал бас гучин хүнийг сонгох нь юун?” Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Хоол хийж чадах гучин хүнд будаа гурил, соёо, сүеэ ногоо, мөөг зэргийг өгч хорин газар буюу гучин газарт нэг майхан дарж, цав цай бэлтгэн, Тансагийг зочилмуй.” Хөгшин шулам өгүүлрүүн: “Нөгөө арван зургаан хүнээр юу хийлгэмүй?” Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Найман хүнээр сүйх дамнуулж, найман хүнээр зам удирдуулмуй. Бид гурвуул биеэр үдэж эндээс баруунш дөрвөн зуун газар гарваас даруй миний хот буй. Тэнд тэднийг угтах цэрэгморь бий. Хотын дор хүрсний хойно ийм тиймээр явж Тансаг багш шавь дөрвүүлийг нэг нэгнээ хамгаалж чадахгүй болговоос Тансагийг барихнад хялбар болмуй. Хэрэг бүтэх нь энэ арван зургаан хүний гарт бий.” Их шулам сонсон их л баярлаж зүүднээсээ сэрсэн мэт болоод “Сайн. Сайн сайн.” хэмээгэд даруй бага шулмын дотроос гучин хүнийг сонгон авч хоол будааны юмыг өгч дахин арван зургаан хүнийг сонгон гаргаж сүйх дамнуулан агуйгаас гаран олонд захин өгүүлрүүн: “Та нар уулнаас гарч дураар тойрч үл болмуй. Сүн Ү Күн хэмээгч сэжиг ихтэй хүн. Таны нааш цааш явахыг үзвээс тэр лав сэжиг төрж, миний аргад орохгүй болмуй.

 

Их шулам олныг дагуулан их зам дээр гарч өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Тансаг багш энэ өдөр сайхан өдөр тул таныг үдэж уулнаас гаргасугай” хэмээн дуудсанд Тансаг сонсоод асууруун: “Ү Күн, энэ ямар хүн ирж намайг дуудмуй?” Бичин хуруугаар зааж өгүүлрүүн: “Сүн өвгөн миний номхотгосон шулам сүйх дамнан ирээд уулаас гаргасугай хэмээмүй.” Тансаг тэнгэрийн зүг залбиран “Сайн. Сайн. Мэргэн шавийн энэ мэт рид шидээс өөр бөгөөс би яахан олж гарах аж?” хэмээгээд шууд урагш одож олон шулмын зүг ёслон “Таныг зовоов. Шавь би ном залж зүүн газар хүрсний хойно та нарын энэ буяны үйлийг дэлгэрүүлсүгэй.” хэмээсэнд олон шулам мөргөн: “Багш сүйхэнд залран суух ажааму?” Тансагийн эгэл бие энгийн нүд юуны арга хэмээн олж мэдмүй. Богд Бичин болбоос анхны арш хувилгаан ариун цагаан сэтгэлтэн тул барьж тавьсан шулам ачийг хариулахаас бус юуны муу санаа өвөрлөх аж хэмээн санасан ажгуу. Тийнхүү багшийн санааг дагаж даамай нарийвчилсангүй бөлгөө. Төд Гахай амьтайгаа моринд ачиж, Шороо багшийн шадар дагаж, Бичин бэрээгээ барьж өмнө зам удирдан сайн мууг ажмуй. Найман шулам сүйхийг дамнан, найман шулам дам дамаар зам удирдан гурван их шулам сүйхний арлыг түшив. Тэр Тансаг сүйхний голд завилан сууж өндөр уулыг даван их зам барин одов. Энэ эчсэн нь баярын дотор зовлон үүсэхийн шалтгаан болой. Номонд: “Сайны туйлд хүрвээс муу үүсмүй.” хэмээгч үүнийг өгүүлжээ. Энэ бас ч гамшигийн тэнгэр лүгээ тохиолдож, гаслангийн одон лугаа учрав. Тэндээс олон шулам нэгэн сэтгэлээр зүүн баруунд дагалдан өглөө үдэш эмсэглэн хүндэлмүй. Ийнхүү гучин газарт манз барьж дөрвөн өдөр зам хөөн зуун газар явав.

 

Ийн явсаар гэнэт нэгэн хотыг олж үзээд Бичин их л цочин бэгтэрчээ. Ийм их зоригтой хүн юунд энэ мэт хэртхийсэн бэ? хэмээвээс тэр хотоос хилэнц муу уур мандахыг олж үзсэн ажгуу. Тэр хотод:

 

Ад шулам ягшран дүүрч араатар гөрөөсөн сүрэглэн бүлэглэжээ. Барс ирвэс баатар өрлөг болж, буга хандгай албан бичиг хүргэмүй. Хорт могой хот цагдан хөх чоно зарлиг уламжилмуй. Хуяг цэрэг нь цөм шулам, худалдаа наймаачин нь бүр буг. Эрт өдөр хүний улс аж, өдгөө цагт чөтгөрийн балгасан болжээ.

 

Бичин хараахан эмээж байтал гэнэт хойноос сүрхийх чимээ гармуй, хойш харваас хойноос тэр гуравдугаар шулам гартаа сэрээт жад барьж, Бичиний тэргүүнийг чиглэн жадлан ирмүй. Бичин яаран болд бэрээгээр угтан байлдав. Их шулам ган илд далайн Гахайг цавчин ирэхэд Гахай яаран морио орхиод малтуур далайн угтан байлдав. Хоёрдугаар шулам бас урт жад мушгин Шороог жадлан ирэхэд Шороо шийдмээр тосон байлдмуй. Гурван шулам гурван тойн лугаа хослон байлдахын зуур тэр арван зургаан бага шулам Тансагийг дамнан морийг нь хөтлөн хотын дор ирж, өндөр дуунаар “Их вангийн зарлигаар Тансагийг барьж авчрав.” хэмээн хашхирсанд хот дээрх тэдгээр бага олон шулам гүйлдэн бууж ирээд хотын хаалгыг цайтал нээн, олон цэрэгт захиа буулган туг далбааг хэвтүүлж, хэнгэрэг харангыг зогсоох зарлигийг уламжлан бас “Тансаг айж цочвоос мах нь амтгүй болох тул түүнийг айлгаж болохгүй” хэмээх их вангийн зарлигийг уламжлав. Олон шулам тэсгэлгүй баясалдан Тансагийг хүндэтгэн залав. Төд сүйхийг шууд алтан харшид дамнан оруулж, Тансагийг гол суудалд суулгаж цав манз өргөн, цаана наана эмсэглэн авай. Тэр багш нүд өргөн үзвээс шавь нар нь нэг ч үгүй тул дотор нь харлан унав. Түүний амин чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 18 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    13 цаг 5 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 34 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 38 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 21 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 54 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 57 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 57 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 31 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 40 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 51 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 56 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 18 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 35 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    19 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 29 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 53 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 54 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    20 цаг 9 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК