зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:

 

ХУВИЛГААН БИЧИН НЭРИЙГ НУУЖ БУГ ХУЛЫГ ДАРАВ

ХОМСИМ БОДИСАДВА БИЕЭР ИРЖ БУРАНГУЙ ШУЛМЫГ НОМХОТГОВ

 

Өнгө даруй хоосон хэмээгч уулын зүй, хоосон нь өнгө хэмээгч аяндааны жам. Хүн хэрэв, өнгө, хоосон, даяан гурвыг ухваас хумх үрлийг боловсруулах хэрэг юун, сайн үйлийг сааргүй үйлдэж шамдал хичээлийг халшралгүй хийгтүн. Хэзээ бүтээл гүйцэж бодь хутгийг олбоос хувилгаан зүс өнө үүрд хувилшгүй болмуй.

 

            Тэндээс, тэр Сай Тайсуй хэмээгч шулам өмнө хойно үүдийг бэхлэн дараад, Бичинийг ирж бүрий болтол үймэлцээд огт мөр сураггүй тул, өвчигч тагтанд гарч суун, олон шулмасыг дуудан бүртгэж үүд бүрт хүн нэмэн сахиулж, дохио тогшуур тогшуулан зэв онилон жад бариулж шөнө туж хичээн сэргийл хэмээв. Бичин ялаа  хувилж үүдний хажууд суугаад үзвээс сэргийлэн сахих нь маш чанга тул даруй гарахгүй жигүүр дэлгэн нисч, хойд ордны үүдэнд хүрэн үзвээс алтан ордтон хатан тэнд ширээнд элэгдэн хэвтээд мэгшин уйлмуй. Бичин нисэн ороод түүний зажин дээр суугаад чагнаваас тэр хатан гэнэт дуу алдан ийн өгүүлрүүн: “Эзэн минь! Чи бид хоёул:

 

Урьд төрөлд ерөөлийн хүжийг торгон шатаасны харгайгаар энэ төрөлдөө эргүй шуламд тохиов. Хос галбинга хагацаад удлаа, хэзээ дахин уулзнам? Хошуучин шувуу холдон ангижраад хэзээд эмгэнэн гасалнам. Чиний зарсан тойн багш чимээг арай нэвтрүүлтэл сайхан учрал сүйд тохиолдон нэгэн амиа бусниулав. Сүүжинд зүүсэн алтан хонхыг авч чадсангүй учир, санаж мөрөөдөхийн нэгэн сэтгэл анхнаас хэцүүдэв.”

 

Бичин сэмээр түүний чихний дэргэд хүрч дор дуугаар: “Хатан бүү айгтун. Би даруй таны хааны тэндээс ирсэн хувилгаан тойн мөн, бие гэмтсэн учиргүй. Би ганц зан түргэн болоод заслын ширээн дээрээс алтан хонхыг аваад чамайг шулам лугаа архи уух зуур өмнө хүрээнээ аваачин үзсү хэмээн боодлыг сөхөн санамсаргүй чихэж байсан хөвөнг татсанд хонх дуугараад утаа гал улаан хумаг бурхирахуйяа би мэндэн хонхыг хаян, уг биеэр болж шийдэм эргүүлэн хүчлэн байлдаад гарч чадсангүй. Тийнхүү хор амсахаас болгоомжлон, ялаа хувилаад үүдэн дээр сууж өдгөө болтол нуусан болой. Тэр шулам улам ч чандлаад хаалгаа нээхгүй болжээ. Чи дахин эр эмийн ёсоор түүнийг хууран авчирч унтуулбаас би сая мултран гарч, арга сүвэгчлэн чамайг гаргаваас болмуй” хэмээв. Хатан энэ үгийг сонсоод чичрэн дагжиж, богино хавьс нь шир шир хийж, бор зүрх нь бол бол хийж, нулимс асгаруулан өгүүлрүүн: “Чи өдгөө хүн буюу чөтгөр буюу?” Бичин өгүүлрүүн: “Би өдгөө хүн ч бус чөтгөр ч бус, ялаа хувилж ирсэн болой, чи айх хэрэггүй, хурдан шулам ванг залж авчир.” Хатан итгэхгүй нулимс мэлтэгнүүлэн сэмээр өгүүлрүүн: “Чи намайг бүү адла” Бичин өгүүлрүүн: “Би ямар айшгүй чамайг адламуй? Чи эс итгэвээс гарын алгаа дэлгэ, би сууж үзүүлсүгэй.” Хатан үнэхээр зүүн гарын алгаа дэлгэсэнд Бичин хөв хөнгөнөөр нисэн бууж түүний хасын цагаан алган дээр суусанд үзвээс яг:

 

Удвал цэцгийн цоморлиг дээр хар буурцаг тогтож, улаан мандарваагийн гэсэр дээр уран зөгий суусан мэт. Хатгамал бөмбөгний гол дээр усан үзэм унаж, хаслаг цэцгийн салаан дээр бараан бидэр тогтсон адил:

 

Тэр алтан ордтон хатан алгаа дээр өргөж “Хувилгаан тойн” хэмээн дуудахад, Бичин жингэнэн дуугарч: “Би даруй хувилгаан тойны хувилсан бие” хэмээхэд, хатан сая итгээд сэмээр асууруун: “Би шулмыг залж авчирваас чи бас яахан үйлдмүй?” Бичин өгүүлрүүн: “Эртний үгэнд: “Хар архи халуун амийг бүрэлгэдэг” Бөгөөд бас: “Хамаг хэргийг бүтээдэг” хэмээжээ. Архины хэрэглэл олон буй, чи гагцхүү архи уулгахыг мэд. Урьдаар чи шадар шивэгчнээ нэгийг дуудаж оруул, би үзсэн хойно түүний дүрээр хувилж, биеийн шадар эмсэглэн аваас гар хөдлөхөд  сайн” хэмээв.

 

Тэр хатан үгийг дагаж үнэхээр “Чүн Жьюй хаана буй?” хэмээн дуудмагц далавчны араас хэдийн нэгэн цагаан царайтай үнэгэн шулам гарч ирээд сөгдөж: “Хатан эх ямар хэрэгт дуудав?” хэмээхэд хатан өгүүлрүүн: “Чи одож тэднийг дуудаж дэнлүү хүж асаан намайг түшиж өмнө тагтанд одож их ванг залан авчирч унтуулмуй” Тэр Чүн Жьюй даруй урагш одож долоо найман үнэг, бугын шулмыг дуудан дэнлүү, хүжис асаан авчирч, жигүүрлэн зогссон хойно, тэр хатан сая босч одоход, Бичин хэдийн нисч одоод шууд тэр Чүн Жьюй хэмээгч үнэгэн шулмын толгой дээр суун нэг ширхэг үсээ зуулан аваад нэгэнтээ тарнидан үлээж: “Хувил!” хэмээн зандаж, нойр хүргэгч хорхой болгоод хөв хөнгөнөөр түүний нүүр дээр тавив. Үзвээс тэр нойр хүргэгч хорхой хэмээгч хүний хамарт орвоос даруй нойр хүргүүлэх ажээ. Тэр Чүн Жьюй үзтэл үнэхээр тэсгэлгүй нойрмоглон, алхаж дийлэхгүй сажлан яаран унтах гэртээ орж өнхрөн унаж хоржигнотол унтан үүсгэв. Бичин сая үсрэн бууж бие сэжин Чүн Жьюй болон хувилаад олны хамт зогсон авай.

 

Тэндээс алтан ордтон хатан хараахан урагш яван байтал, хэдийн бага шулмас үзээд, даруй Сай Тайсуд мэдүүлэн: “Их ван, хатан эх залран ирэв.” хэмээсэнд тэр шулам санд мэнд тагтаас гарч угтав. Хатан өгүүлрүүн: “Их ван, гал түймэр нэгэнтээ дарагдаад хулгай хэдийн тонилж, шөнө гүн болов. Их ван эгэж амарваас сайн” Шулам сонсоод тэсгэлгүй баярлаж өгүүлрүүн: “Хатан минь хасын бие зүдээжээ. Саяын тэр хулгайч нь даруй манай хошууч жанжныг дийлж, шадар зарцыг алсан Сүн Ү Күн болой. Тэр хувилж ирээд намайг мэхлэв. Бид хэдий чинээ ирсэн боловч бараа торгүй тул тийнхүү дотор амаргүй байх нь энэ болой” хатан өгүүлрүүн: “cанаваас тэр амьтан дутаан одсон буй за. Их Ван сэтгэлийг сул тавин амарваас сайн.” Тэр шулам хатныг хүндэтгэн залахыг үзээд айшгүй хүчлэн маргаж чадахгүй, арга бус олон шуламсын зүг дэн зулыг сайтар гэрэлтүүлж чанга сэргийлэгтүн хэмээгээд сая хатны хамт хойш ирэв. Бичин Чүн Жьюй болж хувилаад олон охид лугаа өмнө зам удирдан ордонд орсон хойно хатан өнгүүлрүүн: “Архи нэрж авчир, их вангийн зүдсэнийг тайлмуй” Шулам баярлан инээж: “Мөн, мөн, хурдан архи авчир, би хатны цочсоныг дармуй” хэмээсэнд, хуурмаг Чүн Жьюй олны хамт хэдийн одож архи жимс базаан, мах зууш бэлтгэн ширээ засав. Тэр хатан хундага өргөж шулам бас хариу барьж уутал, хуурмаг Чүн Жьюй хажуугаас хувинг өргөж: “Их ван энэ шөнө сая хатан эх лүгээ хундага өргөлцмүй, хамтаар хөнтөртүгэй, дахин нэрээд хос баяр хоёр хундага болгосугай” хэмээсэнд үнэхээр дахин дүүргээд цөм балгажээ.  Чүн Жьюй бас: “Их ван, хатан эхийн баяртай шөнө, бид дуулж чадах нь дуулж, бүжиглэж чадах нь бүжиг өргөсүгэй” хэмээн үг барихын урьд хэдийнээ нэгэн зэргийн яруу аялгуу сонстон, дуулан бүжиглэж үүсгэв. Тэр хоёул бас нэлээд уусны хойно хатан дуу бүжгийг зогсоож олон шивэгчдийг далдавчийн гадна гарган зогсоолгов. Ганц Чүн Жьюй үлдэж архи баримуй. Хатан тэр шулам лугаа тухайлан эр эмийн янаг үгийг өдөөн хэлэлцмүй. Үзтэл тэр хатан үүл борооны хүсэл сэтгэлээр шулмыг сайтар хуурчээ. Гагцхүү бие нийлэхийн хувьгүйг яанам. Энэ үнэхээр: Сайхан хөргөөр санаагаа хуурч, талаар баярлах нь болой!

 

Нэгэн зэрэг инээлдэн наргилдаад хатан асууруун: “Их вангийн эрдэнэ гэмтсэнгүй юү?” Шулам өгүүлрүүн: “Энэ хэмээгч эрдэнэ тул гэмтэх ёсгүй? Ганц тэр хулгай хөвөн бөглөгийг аваад ирвэсийн арьсан боодлыг шатаажээ.” Хатан өгүүлрүүн: “Яаж засмуй?” Шулам өгүүлрүүн: “Засах хэрэггүй, би ташаандаа зүүж буй.” Төд хуурмаг Чүн Жьюй сонсоод үсээ нэг атга зуулан авч аманд зажлан таслаад, алгуураар шуламд хавьтан үсээ түүний бие дээр тавьж тарнидан үлээж сэмээр: “Хувил!” хэмээмэгц тэр үс хэдийн бөөс, нохойн бөөс, бясаа хорхой болоод шулмын биед бэлчин орж хазаж үүсгэв. Тэр шулам нялцаганан загатнаж тэсэхгүй, өвчүү сээрээ майжсаар, хэдэн бөөс бариад дэнгийн дор авчирч үзэхэд, хатан жигшиж өгүүлрүүн: “Их ван дотор хувцсаа удтал угааж халсангүй учир энэ юм төрсөн буй за.” Шулам ичингүйрэн өгүүлрүүн: “Би угаас бөөсгүй бөлгөө, ямар сайхан энэ шөнө ийнхүү ичгүүрт болсон аж.” Хатан инээн өгүүлрүүн: “Их ван юунд ичгүүрт хэмээмүй? Энгийн үгэнд: “Хааны биед ч гурван алтан бөөс бий” хэмээжээ. Дээлээ тайлагтун, би алж өгсү.” Шулам үнэхээр бөөсөө алдраан дээлээ тайлав.

 

            Хуурмаг Чүн Жьюй хажууд бай шулмын биеийг үзвээс бүрд нохойн бөөс үсрэн, зах болгонд бисаа хорхой дүүрээд, хүний бөөс нийдэм бэлчмүй. Дотор хувцсаа тайлбаас зүүсэн хонхны дээр мөн тоолшгүй олон бөөс буй. Чүн Жьюй үзээд: “Их ван хонхоо тайлагтун, би тэр бөөсийг барьж өгөхсүгэй” хэмээсэнд, тэр шулам нэгэнд болбоос ичгүүрэх бөгөөд жичид болбоос мэндүүрсэн тул үнэн худлыг мөн танихгүй, гурван алтан хонхоо авч Чүн Жьюйд өгөв. Чүн Жьюй гарт аваад нэгэн зэрэг урвуулан хөрвүүлэн үзээд, шулмын бие бүхийн хувцсаа гөвөх завт хэдийн хонхыг өвөрлөөд, нэгэн ширхэг үсээ зуулан авч гурван хонх хувилаад, дэнгийн дор авчирч дээрх бөөсийг эрэх мэтээр биеэ нэгэнт сэжлэн шилгээсэн тэдгээр олон бөөсийг цөм биед эгүүлэн аваад, хуурмаг хонхыг шулманд эгүүлэн өгөв. Шулам тосч аваад нэгэнт балран мэндүүрэн тул юун үнэн худлыг мэдэх аж, хоёр гараар хатанд өргөн барьж: “Өдгөө сайхан хадгал, урьдын адил бүү алдагтун” хэмээсэнд, хатан тосч аваад хувцасны авдрыг сөхөж, тэр хуурмаг хонхыг хураагаад алтан оньсоор чанд оньслов. Дахин бас хэдэн хундага архи уулгцаад шивэгчдийг дуудан: “Өргөн орыг засч цэвэрлэ, өдөн хөнжлийг авчир, би их ван лугаа унтмуй” хэмээхэд, шулам маргаж: “Хишиг нимгэн! хишиг нимгэн! Айшгүй хамтдаж болохгүй. Би өөр охиныг аваачиж баруун ордонд унтсугай, хатан энд залран унт” хэмээгээд тус тусын оронд унтахаар одсоныг дүр өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь хуурмаг Чүн Жьюй хүүхэн гарын ичээр гурван хонхыг аваад ташаанд зүүж уг биеэр болж, нойр хүргэгч хорхой хувилгасан үсээ сэгсрэн хураагаад шууд урагш ирвээс төв хэмээн гурван жингийн дохио тавимуй. Бичин тарни уншин бие далдлах увидсаар шууд үүдэнд ирж үзвээс оньсоор оньслоод батад даржээ. Тэр даруй болд бэрээгээ гаргаж оньс сөхөх увидсаар үүдийг аяархан нээгээд хурдлан гарч их дуугаар “Сай Тайсуй! Манай алтан ордтон хатныг гаргаж өг!” хэмээн хэдэнтээ бархирсанд олон шулам цочин сэрээд яаран үзвээс өмнө үүд цайтал нээгдсэн тул сандан мэгдэн дэн зул өргөн оньсыг эрэн авч уг ёсоор оньслоод хэдэн хүн дотогш орж: “Их ван! хаалган дээр хүн ирээд вангийн цолоор дуудан алтан ордтон хатныг ац хэмээж буй!” хэмээхэд, тэр ордны шивэгчин охид гарч ирээд сэмээр өгүүлрүүн: “Бүү бахирагтун, их ван сая унтсан болой.” Бичин бас үүдэнд бархирч зогсохгүй тэдгээр бага шулмас мөн айшгүй сэрээхгүй. Энэ мэт гурав дөрвөн удаа болохуйяа цөм айшгүй ванд мэдүүлсэнгүй. Бичин үүдэн гадна тэнгэр гэгээртэл үймүүлээд, тэсгэлгүй хилэгнэж шийдэм далайн урагш давшин үүдийг занчсанд олон шулам нэнт сандарч сахих нь сахиж, мэдүүлэх нь дотогш ороод мэдүүлэхэд шулам ван сая сэрж үймэлдэн шуугихыг сонсоод дээлээ нөмрөн хөшигнөөс гарч: “Юунд үймэлдмүй?” хэмээхэд, олон шивэгчин охид сая сөгдөж: “Өвөг, ямар хүнийг мэдэхгүй гадна ирж нэг шөнө бархираад, өдгөө үүдийг занчиж баймуй” хэмээв.

 

Шулам сая ордны үүднээс гартал мэдээний шулмас гүйлдэн ирж сүйлгэлэн мөргөж мэдүүлрүүн: “Гадна нэгэн хүн ирээд алтан хатныг ац хэмээн дэмий л хашхиран хараамуй!”Эс өгөх” хэмээх үгийг шүдэн завсраар гаргаж болбол аль муу хараалаар зүхмүй хэмээнэм. Өдгөө тэнгэр гэгээрээд их ван гарахгуйд тэр үүдийг занчиж шахамдуулмуй.” Шулам ван өгүүлрүүн: “Үүдийг түр бүү нээ. Чи одож түүнээс хаанах хүн, нэр хэн овог юуг асууж ир.” Бага шулам яаран одоод үүдний дотроос асууруун: “Хаалга цохигч чи хэн хэмээгч буй?” Бичин өгүүлрүүн: “Би болбоос Зүчи улсын заллагаар ирсэн нагац өвгөн чиний Вай гүн, эндээс алтан ордтон хатныг улсад буцаан аваачихын учир ирэв!” Бага шулам сонссон ёсоор эгэж мэдүүлсэнд, шулам даруй хойд ордны зүг лавлан асуухаар ирэв. Тэр үед хатан хараахан сая босоод угаан самнаж мөн завдаагүй ажээ. Гэнэт шивэгчин ирж: “Өвөг ван ирэв” хэмээхийг сонсоод яаран дээлээ засан гэзгээ сул тавьсаар ордонд угтан оруулаад сая суулцаж асууж завдахын урьд бага шулам бас ирж мэдүүлрүүн: “Анхны тэр Вай гүн үүдийг нэгэнтээ занчин эвдэв.” Тэр шулам инээн асууруун: “Хатан таны тэр улсад жанжин баатар хэдий хүн баймуй?” Хатан өгүүлрүүн: “Улсад дөчин найман хошуу цэрэг буй бөгөөд их жанжин мянган илүү буй; хилийн цэргийн өрлөг, баатар үй олон амуй.” Шулам асууруун: “Тэдгээрийн дотор Вай овогт байх буюу?” Хатан өгүүлрүүн: “Би ордноо байхад ганц хаан эзний дотоодод хавсран, өглөө үдэш сул хатдад зааж сургахыг мэдмүй, гадаад тушаалтан аль олон буй, би хэрхэн овог нэрийг олж мэдмүй!” Шулам өгүүлрүүн: “Өдгөө ирсэн хүн биеэ “Вай гүн” хэмээмүй, би санаваас “Олон овгийн бичиг”-т Вай овог огт үгүй бөлгөө. Хатан та болбоос төрөлх цэцэн сэргэлэн бөгөөд хааны ордноо суусан тул уншсан бичиг үлэмж буй за, тийнхүү ямар бичигт ийм овог байхыг мэдэв үү?” хэмээхэд, хатан өгүүлрүүн: “Ганц “Мянган үсэгт ном”-д “Гадна багшийн сургаалыг хичээмүй” хэмээсэн нь санаваас лав тэр буй за” хэмээв.

 

Шулам баярлаж: “Яг мөн! яг мөн!” хэмээгээд босч хатанд аярлан өвчигч тагтад ирж, бие хуяглан, сүх барьж, шулам цэргээ бүртгэж үүдийг нээлгэн шууд гадна гараад их дуугаар асууруун: “Аль нь Зүч улсаас ирсэн “Вай гүн” буй?” Бичин баруун гарт шийдэм атгаж зүүн гараар зааж өгүүлрүүн: “Мэргэн зээ минь, нагацаа дуудах нь юун?” Шулам үзээд тэсгэлгүй хилэгнэж: “Энэ муу золиг чи:

 

Үзэх дүр чинь самж адил, үст царай чинь бич мэт. Ягчис чөтгөр мэт шинжтэй агаад  ямар аймшиггүй хүнийг дарламуй!” хэмээхэд, Бичин инээн өгүүлрүүн: “Энэ муу дээдийг мэхэлж хааныг дарласан самуун шулам чи, угаас сохор балай амьтан ажгуу! Эрт таван зуун жилийн урьд би тэнгэрийн орныг ихэд түйвээсэн үес Эсэр тэнгэрийн хувилгаан сахиулсан аймшиггүй миний нэрээр дуудсангүй, цөм “Өтгөс” хэмээн хүндэтгэдэг бөлгөө, чи намайг нэг нагац хэмээн дуудахад юун буй!” Шулам зандан өгүүлрүүн: “Эртхэн мэдүүл, чиний овог юун нэр хэн, ямар эрдэм чадал байж айшгүй миний энд ирж хэтрэмхийлмүй!” Бичин өгүүлрүүн: “Чи чухам эс асуусан бөгөөс баахан дээр бөлгөө, би өдгөө хэлж гаргаваас чи магад зогсож чадахгүй болмой! наашаа ир, лавдуун зогсож миний хэлэхийг сонс:

 

Агаар тэнгэр алтан дэлхийн ивээлээр төрж, арга билиг наран сарны шимээр бүтэв. Хувилгаан чулууны хэвлий дотор удаан он аж, хутагт үндсэн гайхамшигтайяа жирэмслэв. Эрт урьд би гурван аргад төрж, өдгөө үнэн номд орж түмэн эрдмийг төгсгөв. Хамаг шулмыг хуруулж тэргүүн болж суун, хар мангасыг номхтгон харшийн доор мөргүүлэв. Эсэр дээд хан хурмаст аман зарлиг буулган, өвгөн одон Сугар гараг урилгын илчээр ирэв. Албан тушаалд давшуулсугай хэмээн тэнгэрийн ордноо аваачаад агтын даамал болгон өргөхүйеэ би юун таалмуй. Анх удаа тэрслэн буугаад уул агуйд эгэж, их цэрэг байгуулан ирэх дайсныг сэргийлэв. Суваргат Махаранз хөвгүүнтэйгээ ирээд тулалдмагц дарагдан буруулав. Эсэр хурмастад сугар гараг дахин мэдүүлж илбэн дагуулах зарлиг авчраад намайг бас залав. Тэнгэр лүгээ чацуу их богд хэмээн намайг өргөснөөс, тулгуур багана мэт эрдэм чадалтанд би сая тооцогдов. Аяа бас өлзийт тоорын хуримыг түйвээн, архины хүчээр үрэл хулгайлаад их хэрэг өдөв. Ядам Шарав Дилав лам биеэр ирж заалдан, ялгуусан эх Нэвс хүрз учрыг гарган айлтгав. Тэрслэн түйвээгч нь намайг хэмээн мэдмэгц, тэнгэрийн цэргийг бүртгэн томилох зарлиг тархаав. Долоон гараг догшин одод арван түмний олон туг далбаа зэр зэвсэг шугуй мэт нягтарчээ. Тоор өөш торгууль урхиар уулыг даран бүгээд, дөмөө сүх жад илд өргөлцөн төгрөглөн бүслэв. Анх удаагийн их тулалдаанд хүчин тэнцэн байтал аврал дээд Хомсим бодисадва эл ланг батлан ирүүлжээ. Бид хоёр эсрэглэн тулалдаж эрэгчин эмэгчнийг ялгахад, бас түүнээ Мяашаны дүү нар нь туслан байлдав. Эрэлхэг хүчээ гаргаж эрдэм увидас хэрэглэж байхуйяа, эрхт гурван богд тэнгэрийн хаалганаас ажиглаж авай. Хутагт Дилав очир бугуйгаар цохьсонд, хувилгаан цэрэг намайг бариад хурмастад хүргэв. Ам өчгийг авалгүйгээр алах ялаар аваачив. Манцуугаар занчин сүхээр цавчаад махыг өвтгөж чадсангүй, матаагаар огтлон сэлмээр цавчаад амийг тасалж эс чадав. Аянга цахилгаан хэдий буулган ниргэсэн ч алмас мөнхийн цогцсыг эвдэх арга эс олов. Өвгөн Дилав намайг түшид ордноо аваачаад, үрлийн зууханд хийж дараад өглөө үдэш шатаав. Өдөр хоног гүйцээд гүлс сөхөх үед үнс тоосоо сэгсэрмэгц үсрэн би гарч ирэв. Эрдэнийн энэ шийдмээ би өргөн далайж гүйсээр, урагш хойш дайран цохилж хасын тагтнаа гарав. Одон гараг олон эрхтэн цөм нуун далдалснаа, өрлөг тэнгэрийн орд харшийг зоригоороо түйвээв. Байцаан цагдагч Лин Гуан эрхтэн бурхныг мэндэн залснаа, багш Шигэмуни над лугаа эрдэм увидас мөрийцөв. Баруун гарын алган дээр нь би гарч тонгорцоглоод, бүх орчлон дэлхий ертөнцийг тойрч ирсэн бөлгөө. Бурхан багш зөн билиг ба хуурах аргыг хэрэглэж, барьж аваад намайг тэнгэрийн хаяанаа дарав. Өдгөө яг таван зуун жил болоод, энэ бие аврагдан гарч өөр үйлд тохиов. Багш Тансагийг хамгаалан баруун газар хүргэгч бадарчин тойн Ү Күн үл мэдэхүүнээр үгүй. Баруун зүгийн зам дээр чөтгөр шулмасыг дарахуйяа буг шулмын аль нэг нь надаас үл аймуй!”

 

Тэр шулам Бичиний биеэ Сүн Ү Күн хэмээхийг сонсоод өгүүлрүүн: “Үзвээс чи даруй тэнгэрийн орныг түйвээсэн тэр адгуус аж. Чи нэгэнт олж мултраад Тансагийг дагаж баруунш одох болбол тийш одвоос барав, юун саваагүй нохой сарыг үзэж хуцаад, Зүчи улсад боол болж надад амиа хүргэж ирсэн буй!” Бичин зандан өгүүлрүүн: “Муу хулгайч шулам чи! дэмий чалчмуй! Би тэр Зүч улсын хааны мөргөн залах ёсыг хүлээгээд, өргөн хүндлэх эмсэглэн зочлох талыг олж, өвгөн Сүн би эзэн хаанаас нь мянга дахин эрхэм болоод, тэр намайг эцэг эхээ мэт асарч, бурхан бодисадва мэт хүндэтгэн атал, юунд намайг “Боол болов” хэмээмүй! Энэ муу эзнийг мэхэлж эзэдтэн самуурсан шулмыг үз! Бүү дутаа! Нагац өвгийнхөө шийдмийг нэг амтал!” хэмээн занчин ороход тэр шулам мэндүүрэн, зайлан өнгөрүүлж сүх далайн угтав. Энэ нэгэн зэргийн байлдсан нь үнэхээр:

 

Алтан толтот болд бэрээ, алман ирт саран сүх. Араа шүдээ хавиран догширч алаг нүдээ хялайн хялайн заналцмуй. Нэгэн нь орчлонд ирсэн тэнгэр лүгээ чацуу их богд, нэгэн нь ертөнцөд буусан шулмын хувилгаан. Хоёул үүл манан татуулан агаар тэнгэрийг бүрхүүлж, хог тоос дэгдээн наран сарныг халхалжээ. Урагш хойш зөрөлдөн зэвсгийн эрдэм улируулан, урван хөрвөн тулалдаж алтан солонго татуулмуй. Эр чадлаа гарган эрдэм увидас мөрийцмүй. Нэгэн нь хатныг эгүүлж хааны хотноо аваачсугай хэмээвэл, нэгэн нь хатны хамт уулан агуйд жаргасуу хэмээмүй. Энэ тулалдааны учир шалтгаан юун хэмээвээс улсынхаа төлөө амь биеэ цөлжээ.

 

Хоёул тавин удаа байлдаад дийлэн дийлэгдэх ялгарахгүй байтал, тэр шулам Бичиний зэвсгийн эрдэм шалгарсныг үзээд бодвоос дийлэн чадахгүй тул сүхээр шийдмийг тосон зогсоож өгүүлрүүн: “Сүн Ү Күн, чи түр хүлээ, би өглөөний будаа бас идээгүй байсаар, би одож будаа идээд ирж чам лугаа дахин эрэгчин эмэгчнийг ялгасугай.” Бичин түүний хонхоо авахаар одохыг мэдээд, шийдмээ хурааж: “Эчтүгэй! эчтүгэй “Сайн эр мохсон туулайг хөөхгүй”, цадтал идээд эрлэгт од!” хэмээв.

 

            Тэр шулам санд мэнд эгэж ороод хатнаас: “Хурдан эрдэнийг гарга!” хэмээсэнд, хатан асууруун: “Эрдэнээр юу хиймүй?” Шулам өгүүлрүүн: “Өглөө ирж орилсон нь ном залагч тойны шавь Сүн Ү Күн, хоч нэр “Вaй Гүн” хэмээгч ажгуу. Би гараад өдгөө болтол байлдаж ялгуур гаргасангүй. Би өдгөө эрдэнээ аваачаад утаа галаар улаан бөгстийг шатаан алсугай.” Хатан сонсоод гэлмэгдэн түдгэлзэж, өгөхгүй болбол шулмын сэжиглэхээс эмээн, авч өгвөөс Сүн тойны амийг хорлож болгоомжилмуй. Ийнхүү хараахан татгалзан байтал, тэр шулам бас шавдан: “Хурдан гарга!” хэмээх тул хатан аргагүй оньсыг сөхөн гурван хонхыг авч өгмөгц шулам хойш эргэн агуйгаас гарав. Хатан ордонд хоцроод нулимс асгаруулан Бичиний амь хааш болох болов хэмээн санан суув. Хатан шулам хоёул цөм хуурмаг хонх хэмээн мэдсэнгүй бөлгөө.

 

            Шулам үүднээс гарч салхины дээр талд зогсоод: “Сүн Ү Күн бүү буруул! Миний хонх сажихыг үзэгтүн!” хэмээхэд, Бичин инээн өгүүлрүүн: “Чамд хонхтой болоод надад үгүй хэмээмүй? Чи сажиж чадаад би сажиж чадахгүй буюу?” Шулам өгүүлрүүн: “Чамд ямар хонх буй, гарга, би үзсүгэй.” Бичин даруй шийдмээ зүүн чинээ болгоод чихэндээ хийж, ташаанаасаа үнэн эрдэнийн гурван хонхыг гаргаж шулмын зүг өгүүлрүүн: “Үз, миний энэ нь эрдэнийн алтан хонх бус хэмээмүй?” Шулам үзээд хирдхийн цочиж: “Сонин! сонин! Түүний тэр хонх юутай миний энэ хонх лугаа нэгэн адил буй! Хэдий нэг хэвээр цутгасан боловч хэрхэвч нэгэн сав илүү дутуу байж болном, яахан энэ мэт ав адилхан аж?” хэмээгээд асууруун: “Чи тэр хонхыг хаанаас олсон буй?” Бичин гэдрэг асууруун: “Мэргэн зээ, чиний тэр хонх чухам хаана байсан буй?” Тэр шулам даруй үнэнээр ийн өчрүүн: “Миний энэ хонх болбоос:

 

Ядам шанрав аршийн язгуур ёсон гүнээр, самадийн галт хөллийн зуухнаа удаан боловсруулсан алт. Боловсрон бүтэж хонх болсон чухаг дээд эрдэнэ тул, богд Дилaв өдгөө болтол хураан хадгалсаар байжээ.” Бичин инээн өгүүлрүүн: “Миний энэ хонх мөн тэр үеэс уламжилсан болой.” Шулам асууруун: “Яаж гарсан буй?” Бичин өгүүлрүүн: “Миний энэ хонх болбоос:

 

Арш дилaв түшид ордноо үрэл бүтээн суухуйяа, алтан хонх хөөргийн дотор аяндаа хонгорцоглон бүтжээ. Хос гурав зургаагаар хувилган бясалгасан эрдэнэ, зээгийн тэр чинь эрэгчин, нагацын энэ нь эмэгчин болой.”

 

Шулам өгүүлрүүн: “Хонх болбоос цутгамал алтны эрдэнэ, жигүүртэн бус араатан бус, юуны бас эрэгчин эмэгчинтэй аж? Ганц сажиж өчвөөс даруй сайн муу нь ялгармуй!” Бичин өгүүлрүүн: “Хоосон ам тусгүй, хэрэглэж үзвээс даруй мэдмүй. Чи урьдаар сажтугай.” Шулам үнэхээр даруй тэргүүн хонхоо гурвантаа сажваас гал гарахгүй; хоёрдугаар хонхоо гурвантаа сажваас утаа гарахгүй; гутгаар хонхoо гурвантаа сажваас хумаг гарахгүй. Шулам мэндүүрэн: “Сонин! сонин! Орчлонгийн зүй урваатай аж! Энэ хонх эмээсээ айх ажгуу, эрэгчин нь эмэгчнийг үзмэгц эрдмээ гаргахгүй болжээ” хэмээтэл Бичин: “Зээ минь, чи түр айж нагацынхаа сажихыг үз” хэмээгээд, хэргийн эзэн Бичин багш гурван хонхыг нэг л атгаад сажилмагц, үзэж байтал гал дүрэлзэж, утаа бурхиран, тоос манарч уул ойг өвч бүрхэв! Бичин бас тарни уншин хийн орноос: “Салхи ир!” хэмээн дуудмагц, их салхи дэгдэн галын хүчийг нэмж, улаан гал огторгуй тултал дүрэлзэн, хар утаа хайрхан уулыг бүрхэв. Сай Тайсугийн сүг сарнин сүнс завхаж аюулын тэр галаас амь гарaхуйяа бэрх болов!

 

            Ийн атал гэнэт огторгуйгаас их дуугаар: “Сүн Ү Күн! Би ирэв!” хэмээн дуудах дуу гарахад Бичин яаран дээш харваас үзвээс Хомсим бодисадва зүүн гартаа хумх барин баруун гартаа удын мөчир барин рашаан хур оруулж галыг унтрааж байх ажгуу. Бичин сандарч хонхоо нуугаад наманчлан мөргөв. Бодисадва удын мөчрөөр рашааныг гэнэт цавдмагц агшин зуур гал унтран тоос дарагдав. Бичин мөргөн асууруун: “Ихэд нигүүлсэхүйн залран ирэхийг мэдсэнгүй, угтахыг осолдов. Бодисадва хааш морилмуй?” Бодисадва өгүүлрүүн: “Би тухайлан энэ шулмыг хураамжлахаар ирсэн бөлгөө.”

 

            Бичин өгүүлрүүн: “Энэ чухам хааш шулам болоод бодисадва биеэ чилээн хураахаар ирсэн буй?” Бодисадва өгүүлрүүн: “Энэ болбоос миний хөлөглөдөг хар хул бөлгөө. Адууч хөвгүүний унтсан завд энэ хилинцэт адгуус төмөр дээсийг хазаж таслаад гарч ирэн, энд харин Зүчи улсын хааны зовлонг алдруулжээ.” Бичин сонсоод яаран бие бөхийн өгүүлрүүн: “Бодисадва буруу зарлиг болов, энэ амьтан энд ирээд хааныг дарлан хатныг булааж, хэв хуулийг самууруулан хаанд зовлон амсуулсан бөгөөтөл, юунд харин зовлонг алдаршуулсан хэмээмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Чи мэдэхгүй. Эрт өдөр Зүчи улсын урьдах хаан сууринаа аж, энэ хаан хан хөвгүүн байсан цагт нэгэн өдөр цэрэг морийг авч, нохой шувуу тавин ав хийж, гарьд буугч хөтөлд хүрвээс баруун газрын бурхны эх их тогос бодисадвагийн хөвгүүн охин хоёр тогос тэнд сууж байсныг энэ хаан эрэгчнийг нь харваж унагааснаа эмэгчин нь зав хадсаар баруун тийш оджээ. Их тогос эх ам авч, энэ хаан хатан хоёрыг гурван он хагацуулж, санаан өвчнөөр гурван жил шаналах болготугай хэмээсэн бөлгөө, тэр үес би үүнийг хөлөглөж байсан тул энэ адгуус цээжилж аваад санамсаргүй энд ирэн, хатныг булааж, хааны зовлонг алдруулжээ. Өдгөө яг гурван он болоод нүгэл нь барж, завшаанаа өвчинг нь чи засч эдгээв. Тийнхүү би тухайлан энэ шулмыг хороохоор ирсэн болой.” Бичин өгүүлрүүн: “Учир хэдий ийм боловч энэ адгуус хатныг бузарлаад, хэв хуулийг самууруулж, эш ёсыг гутаасан тул эрхбиш албаас зохих болой. Өдгөө бодисадва биеэр ирэн үүнийг алах ялаас хэлтрүүлэвч амьдын ялыг уучилж үл болмуй. Би хорин шийдэм занчаад өгч явуулсугай.”  Бодисадва өгүүлрүүн: “Ү Күн, чи нэгэнтээ миний ирснийг бодох болбоос, миний нүүр дээр бүрмөсөн уучилтугай; шулмыг номхотгон дагуулсан гавьяаг цөм чамд өгсүгэй, чиний шийдмээр занчваас энэ даруй өгүүлмүй” Бичин арга бус хэтрэмхийлэн зөрчихгүй мөргөн өгүүлрүүн: “Бодисадва хураан аваачих болбоос дахиж битгий үүнийг алдан явуулж, нүгэл үйлдүүл!” хэмээв.

 

            Төд бодисадва зандаж: “Хилэнцэт адгуус! Түргэн уг биеэр болохгүй бас юуг хүлээмүй?” хэмээсэнд, тэр шулам үзэж байтал нэгэнтээ хөрөвмөгц уг биеэр болсонд, бодисадва гарч хөлөглөв. Бодисадва бас түүний хүзүүнд зүүсэн хонх үзэгдэхгүйд: “Ү Күн, хонхыг авчир” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн түүнийг мэдэхгүй.” Бодисадва зандан өгүүлрүүн: “Хулгайч сармагчин чи! Тэр хонхыг хулгайлан авсангүй болбоос нэг Сүн Ү Күн байтугай, арван Сүн Ү Күн байсан ч үүнд халирч үл чадмуй! хурдан авчир!” Бичин инээн өгүүлрүүн: “Үнэхээр мэдэхгүй” Бодисадва өгүүлрүүн: “Үнэхээр үзсэнгүй хэмээх болбол би боодос чангалах тарнийг уншмуй.” Бичин сандарч: “Бүү унш! Бүү унш! Хонх чинь энд буй!” хэмээв. Энэ үнэхээр: хулын хүзүүний алтан хонхыг ямар хүн тайлав? Хонх авсан хүн гэдрэг хонх зүүлгэсэн эзнээс асуужээ. Бодисадва хонхоо холын хүзүүнд уяад, нуруунд гарч хөлөглөв. Үзтэл түүний дөрвөн хөлийн доор бадам лянхуa дэлгэрээд, бүх биеэс алтан гэрэл цацрав. Ихэд нигүүлсэхүй Хомсим бодисадва өмнө далайн Будланд өөд болсныг түр өгүүлэхгүй.

 

            Тэндээс Бичин дээл хормойвчоо засан шийдэм эргүүлж голч гөрөөсөн агуйд алан орж олон шулмыг цөм сөнөөд шууд дотоод ордонд орж, хатныг залан улстаа эгсүгэй хэмээсэнд, тэр хатан тал хийж барахгүй бөлгөө. Бичин даруй бодисадва ирж шулмыг дарсан ба гурван он хагацсаны шалтгааныг нэгэн зэрэг хэлээд, өвсөөр нэгэн луу боогоод: “Хатан үүнийг унаж, нүдээ анигтун, бүү ай, би чамайг улсад чинь эгүүлж хаанд чинь учруулсугай” хэмээсэнд тэр хатан захьсан бүхнээс зөрчилгүй гарч унамагц Бичин увидас үүсгэн, удалгүй мянганы газрыг туулав.

 

            Будаа чанахын зуур, богд Бичин Зүчи улсад хүрээд, үүлийг даран бууж: “Хатан нүдээ нээ” хэмээсэнд, тэр хатан нүдээ нээн үзвээс угийн суусан орд харш, луу гарьдын асар тагт харагдах тул тэсгэлгүй баярлаж, өвсөн луугаас буугаад, Бичинийг даган эрдэнийн харшид гарав, хаан олж үзмэгц луугийн ширээнээс буун хатан минь хэмээн хасын гараас барьмагц гэнэт хөсөр гэдэргэлэн унаад дэмий л: “Гар өвднөм! Гар өвднөм!” хэмээмүй. Гахай үзээд хадганан инээж өгүүлрүүн: “Шинжийг нь үз! Эдлэх буянгүй тул, учруулмагц хатгагдаж үхэв!” Бичин өгүүлрүүн: “Манхуу чи айшгүй түүний гараас барьж үзмүй?” Гахай өгүүлрүүн: “Бариваас барив зэ, тэр намайг хэрхмүй?” Бичин өгүүлрүүн: “Энэ хатны бүх биед хорт өргөс ургасан бөгөөд гар дээр нь эрсийг хатгах хор буй. Бэлгэт гөрөөсөн ууланд эчсэн нь гурван жилд тэр Сай Тайсу шулам нэг ч халдаж чадсангүй. Биеэр шөргөөвөөс бие нь өвдөж, гар хүрвээс гар нь хатгагдмуй” Олон түшмэд сонсоод: “Ийм болсонд одоо хэрхвээс сайн?” хэмээлдэж, гадаадад сайд түшмэд гашуудан, дотоодод хатад тайчууд зовниж, шадар байсан хас, мөнгөн хоёр хатнаар хааныг тэтгэн босгов.

 

            Хараахан ийнхүү бэлдэн атал гэнэт огторгуйгаас нэгэн хүн: “Их богд би ирэв” хэмээсэнд Бичин яаран нүд өргөн үзвээс:

 

Тогоруун дуу огторгуйд дуурьсаж, туналзан хөвөлзөн харшийн өмнө хүрч ирэв. Алтан гэрэл зурвас зурвас цацран, ариун уур хүйс хүйс мандмуй. Биед хэдэрсэн хялгасан дээл нь гайхамшиг сайхан, хөлд өмссөн өвсөн шаавар нь сонин үзэмжтэй. Гарт луугийн сахлын гөвүүр барин, дундуураа ёнгор бүс бүсэлжээ. Орчлон ертөнцөд сайн ерөөлийг барилдуулж, орон бүхнээ өөрийн зоригоор зорчмуй. Энэ болбоос эсэрүа тэнгэрийн улаан үүлт арш өдгөө тухайлан ертөнцөд бууж баринтгийг тайлахаар иржээ.

 

Бичин урагш давшин: “Жан Жи Ян хааш одмуй?” хэмээн асуухaд Жи Ян арш шууд харшийн өмнө ирж бие мэхийн ёсолж өгүүлрүүн: “Их богд, өчүүхэн арш Жан Бүэ Туан ёсолмуй” Бичин хариу ёсолж өгүүрүүн: “Чи хаанаас ирэв?” Арш өгүүлрүүн: “Өчүүхэн арш гурван жилийн өмнө үүгээр өнгөрч бурхны цуглаанд одох тухай үзвээс эндэх хаанд гурван оны хагацал бүхийн тул, би тэр шулмыг хатныг бузарлан хүний эшийг гутааж хаан лугаа дахин нийлэхэд бэрх болгох болуузай хэмээгээд миний нэгэн зах хуучин хялгасан дээлээ шинэ магнаг дээл болгон хувилгаад таван өнгийн гэрэл цацруулан хатанд өмстүгэй хэмээн тэр шуламд өгсөн бөлгөө. Тэр хатан авч өмсмөгц бүх биед хорт өргөс ургав, тэр болбоос даруй хялгасан дээл болой. Өдгөө их богдын гавьяа бүтээснийг мэдээд тухайлан дээлээ аваачихаар ирсэн бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос таныг чилээж хол ирүүлэв, түргэн тайлж авагтун” тэр арш урагш хүрч хатныг хуруугаар нэгэнтээ заамагц тэр дээл даруй шувтран тайлагдаад хатны бие угийн ёсоор болжээ. Арш тэр дээлээ авч нэгэнтээ сэгсрээд өөрөө авч нөмрөн: “Өчүүхэн эрхтэн аярлан одмуй, их богд үл буруушаамуу” хэмээхэд, Бичин өгүүлрүүн: “Түр байз, хааны тал хийхийг хүлээгтүн” арш инээж, зүдээхгүй, зүдээхгүй хэмээгээд мэхийсхийн ёсолж хэдийнээ оджээ. Хаан хатан тэргүүлэн олон түшмэд цөм огторгуйн зүг наманчлан мөргөв.

 

            Мөргөж баруун зүүн асрыг нээж хурим тавин, дөрвөн тойнд тал өгөөд хаан түшмэд газар тэврэн сөгдөж эр эм сая дахин олж нийлэв. Төв хэмээн хуримлан атал, Бичин: “Багш тэр байлдах бичгийг нь авчир” хэмээгээд Тансагаас аван хаанд өгөөд өгүүлрүүн: “Энэ даруй тэр шулмын зарцаараа илгээсэн бичиг болой. Би урьдаар тэр бага шулмыг алж авчран гавьяа тэмдэглээд, хойно дахин тэр ууланд одож тэр зарц шулмын дүрээр хувилан, хойш мэдүүлээд хатанд олж учран хонхыг хулгайлан авч түүнд арай баригдан алдав; хойно бас хувилж ороод дахин хулгайлж түүн лүгээ байлдсан бөлгөө. Төд завшаанаа Хомсим бодисадва ирээд шулмыг хураан, бас хаан хатан хоёрын хагацсан шалтгааныг хэлж өгөв...” хэмээн эхнээс адагт хүртэл нэгэн зэрэг нарийвчлан өгүүлсэнд тэр улсын хаан түшмэл үл бишрэн талархахааргүй. Тансаг өгүүлрүүн: “Энэ нь нэгэнд болбоос эзэн хааны буянд шүтэж, хоёрт болбоос өчүүхэн шавийн хүчинд итгэж гавьяа бүтсэн болой. Өдгөө өв тэгш хуримыг ханатал хүртэв! Ядуу тойны баруунш зорчихыг бүү саатуул, өдгөө даруй аярлан одмуй.” Тэр хаан хүчлэн үлдээвээс болохгүй, даруй замын тэмдэг бичгийг халж өгөөд, гарьдын жагсаал жагсаан, Тансагийг луугийн тэргэнд залж суулгаад хаан хатан олноор арлыг түшин зүтгэж үдээд салалцав. Энэ үнэхээр: санааны өвчинг засах ерөөл байж, санаа амран сэтгэл амарлив. Үүнээс хойш бас ямар явдал тохиолдохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    10 цаг 55 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 42 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 11 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 15 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    14 цаг 58 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 31 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 34 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 34 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 8 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 17 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 28 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 33 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    17 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 12 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 30 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 31 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 47 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК