
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун түүний шийдвэрт гүнээ харамсаж байна. Олон улсын нийгэмлэгийн зүгээс дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаагаас Сири улсад иргэний дайн дэгдээд байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Башар Аль-Ассадын дэглэмийн эсрэг бослого дэгдсэнээс хойш тус улсад 20 мянга гаруй хүн амь эрсэдсэний дийлэнх нь энгийн иргэд юм. Кофи Аннан хоёрдугаар сарын 23-нд НҮБ-Арабын холбооны тусгай элчээр томилогдсон бөгөөд Сирийн хямралыг шийдвэрлэх зорилготой зургаан зүйл бүхий энхийн төлөвлөгөөг боловсруулсан.
Гэвч Сирийн эрх баригч болон сөрөг хүчний босогчид дөрөвдүгээр сарын 12-нд гал зогсооно гэсэн амлалтаа биелүүлээгүй. Кофи Аннаныг тусгай элчээр ажиллах хугацаанд НҮБ-ын ажиглагчдын баг Сири улсад ажилласан боловч амжилт олоогүй. Өчигдөр Сирийн армийн цэргүүд Дамаск хотын ойролцоо тусгай ажиллагаа явуулсны дараа Сирийн сөрөг хүчний босогчид 43 хүний цогцос олсон байна. НҮБ-ын мэдээлснээр 22 сая хүн амтай Сири улсад гурван сая гаруй хүнд хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай болжээ.