

- Өчигдөр орой МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс 4 жил хорих ял оноолоо. Та энэ үйл явдалд ямар байр суурьтай байна вэ?
- Ер нь бол Үндсэн хуулийн 14р зүйлд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн байдаг. Энэ хүний хэргийг нь шалгаж хянаад шүүх шийдвэрээ гаргаж байгаа. Өглөөнөөс хойш Баянгол дүүргийн олон иргэд надтай утсаар ярилаа. Авилгал авсан л бол хуулийн өмнө хариуцлага үүрэх ёстой гэж зарим хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь “Н.Энхбаяр гэдэг хүнтэй ямар нэгэн улс төрийн тооцоо бодож ял өгч байна. Үүнээс илүүтэйгээр цаана нь өчнөөн хүн бас ял эдлэхгүй үлдээд байна. Н.Энхбаяртай хамтраад авлигал, хээл хахуулийн хэрэгт олон хүн орооцолдсон байж л таараа. Тэд уснаас хуурай гараад ганцхан Н.Энхбаярыг яллаж байгаа нь буруу” гэсэн байр суурьтай байна.
- МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийнхэн Н.Энхбаярт ял өгсөн нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа. Энэ нь шинээр байгуулагрдах Засгийн газарт нөлөөлөх болов уу?
- Тэр хүмүүс өчигдрийн үйл явдлын дараа юу бодож байгааг би хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр үүнийг өөрсдөөс нь асуусан нь дээр. Миний хувьд хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал бол нэг хүний асуудал биш, нэг намын асуудал биш улс орны асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой юм. Юмны үнийг ард түмэн гүйцэхээ болилоо. Өнөөдөр Монгол улсын иргэдийн дийлэнхи хувь нь гэр хороололд амьдарч байхад орон сууцны үнэ өссөөр байгаа. Эдийн засаг гаднаас улам бүр хараат болж ажилгүйдэл маш ихэслээ. Сүүлийн саруудад дэлхийн эдийн засгийн байдал нилээд тогтворгүй болж байна.Европын өндөр орлоготой орнуудын санхүүгийн байдал, нефтийн өндөр үнэ, хамгийн гол нь хятадын эдийн засгийн өсөлт саармагжилт байгаа зэрэг нь Монгол Улсын хувьд эрсдлийг бий болгож байна. Энэ мэт шийдэх асуудал их байхад Монголын улс төр хэн нэгнээс өшөө авах, хэн нэгэн нам нь чуулган хуралдуудахгүй өнөөдрөөр бүх амьдрал дуусах юм шиг хандаж байгаа нь буруу л даа.
- Цөөнх шинэ УИХ байгуулагдсан цагаас хойш ажлаа хийсэнгүй?
- Яахав сонгуульд нэг нь цөөхөн, нөгөө нь арай илүү санал авсан л биз. Урьд нь Ардчилсан нам олон жил цөөнх байж үзсэн. Манай намын УИХ-ын гишүүд олон чухал хууль санаачлаад Оюу толгой, Таван толгойн зэрэг олон асуудал дээр гол гол зарчмын саналуудаа хэлээд чуулганы ажиллагааг таслахгүй болоод л байсан. Гэтэл өнөөдөр нэг хувь хүний асуудлаас, ганц намын эрх ашгаас болж төрийн ажил тасалдаж байгаад би харамсаж байна.
- Хэрэв “Шударга ёс” эвслийнхэн улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзсэн чигээрээ чуулганд оролцохгүй гэвэл яах вэ? Чуулганы ирц хүрэхгүй бас л тасалдахад хүрэх нь?
- “Шударга ёс” эвслийн гишүүд чуулганд орж ирэхгүй бол асуудал үүснэ. Энэ үед төрийн үйл хэргийг тасралтгүй явуулахын тулд бид ярилцана. Одоогоор “Шударга ёс” эвслийн зүгээс бид чуулганд орно, орохгүй гэсэн мэдэгдэл хийгээгүй байна. Бид хэтэрхий нэг хүн, аль нэг нам эвслийн эрх ашгийг ярихаас илүү 2,7 сая хүний амьдралыг ярих ёстой юм.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр /24tsag.mn/