Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын хөрөнгө орууллалтаар үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын 4А лицензтэй “Арева” компанийг “Босоо хөх Монгол” хөдөлгөөн болон “Эх нутгийн эвсэл” ТББ-аас шүүхэд өгчээ.
Учир нь нутгийн иргэдийн хэлж буйгаар Улаанбадрах сумын ундны ус 2016 оны наймдугаар сарын эхээр гашилж эхэлжээ. Цай чанахад цай нь гашилж, уран доор нь тунаж үлддэг байна. Мөн гурван хөлтэй, оёр толгойтой төл зэрэг гажигтай төрсөн тохиолдлууд нэг биш удаа гарсан билээ. Түүгээр ч барахгүй үүнээс үүдэн ураг эндэж байгаа талаар хэлсэн юм. Тиймээс уг компанийн ашиглалтын лицензийг 2014 оноос хойш цуцлахыг шаардсан ч холбогдох байгууллагаас арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрчээ.
Харин анхан шатны шүүхээс “Арева” компанийн талд шийдвэр гаргажээ. Учир нь компани асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа тул алдагдал хүлээнэ. Тиймээс уг компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлээгүй хэмээн тайлбарласан байна.
Харин нэхэмжлэгчдийн зүгээс улс орны язгуур эрх ашиг хөндөгдөж, байгалийн тэнцэл алдагдаж байгаа нөхцөлд шүүх компанийн эрх ашгийг ярих ёсгүй хэмээн давж заалдах шүүхэд өргөдөл гаргасан байна. Ингээд давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг анхан шатны шүүх рүү буцаахаар шийдвэрийг өнөөдөр гаргажээ.
Тэгвэл ураны хор хөнөөлийн талаар эрдэмтдийн хэлсэн тайлбарыг хүргэе. Тодруулбал, ураны хүдрийн биетэд хүхрийн хүчлийг маш хүчтэй шахдаг бөгөөд энэ нь ураны биетийг өөртөө уусган боловсруулснаар “шар нунтаг” гэх зүйлийг гаргаж авдаг. Хүхрийн хүчил нь усны уусгах чанарыг хэд дахин өндөржүүлэх зорилгоор ашигладаг бодис юм. Гэтэл гадаргын усны нөөцгүй говийн хөрсөнд хүхрийн хүчлийг шахах нь хүний эрүүл мэндэд маш хортой бөгөөд ундны усанд нөлөөлөх бүрэн боломжтой гэдгийг хэлсэн юм.