Халимагийн нийслэл Элстэй хотод үндэсний хэл соёлын клуб нээгдэв. Долоо хоногийн Баасан гараг бүрт ойрад монгол дээл хувцсаа өмссөн хүмүүс энд цуглаж төрөлх хэлээрээ ярилцан, дуулж бүжиглэдэг байна. Орчин үеийн ойрадын соёлыг хөгжүүлэх “Тэнгрин уйдл” төвийн санаачилсан энэ клуб Халимагийн залуучуудыг эх хэл, соёлын мэдлэгээ бататгах, цаашид гүнзгийрүүлэн суралцахад нэмэр болох зорилготой ажээ.
Халимагийн нийслэл Элстэй хотод үндэсний хэл соёлын клуб нээгдэв. Долоо хоногийн Баасан гараг бүрт ойрад монгол дээл хувцсаа өмссөн хүмүүс энд цуглаж төрөлх хэлээрээ ярилцан, дуулж бүжиглэдэг байна. Орчин үеийн ойрадын соёлыг хөгжүүлэх “Тэнгрин уйдл” төвийн санаачилсан энэ клуб Халимагийн залуучуудыг эх хэл, соёлын мэдлэгээ бататгах, цаашид гүнзгийрүүлэн суралцахад нэмэр болох зорилготой ажээ. “Тэнгрин уйдл” төвийн тэргүүн Баасан Захаровын хэлсэнээр, өдөр тутмын амьдралд ойрад хэлийг төдийлөн хэрэглэхгүй байгаа явдал нь Халимагийн залуучуудад дунд сургуульд үзсэн эх хэлний боловсролоо ахиулахад нь саад болж байгаа учраас энэ клубыг байгуулжээ. Клубын байнгын гишүүн, Халимагийн их сургуулийн оюутан Цэцэг Очирова хэлэхдээ “Би дунд сургуулийн төгсөх ангид байхдаа хүүхдийн зусланд амарсан юм. Халимаг, даргин үндэстний хоёр бүлэг байгуулж соёлоо сурталчлах уралдаан зарлахад манай бүлгийнхэн энэ талаар мэддэг юм байдаггүй, олны өмнө нүүр хийх газаргүй болсон юм. Нэг хүүхэд л халимаг хэлээр нэгээс арав, арваас нэг хүртэл тоолж үүгээрээ үндэсний соёлоо сурталчилсан болсон. Би тэгэхэд хүний өмнө ичиж үзээгүйгээрээ ичиж, үүнээс хойш төрөлх хэлээ сурахаар бат хатуу шийдсэн” гэжээ. 16 настай Алдарын хувьд халимагаас илүү англиар сайн ярьдаг, эцэг эх нь залуу хүмүүс учраас эх хэлээ сайн мэддэггүй аж. “Ойрадын клуб”-т долоо хоног бүр оюутан, дунд сургуулийн сурагч, албан хаагч, бизнесмэн, эрдэмтэн, гэрийн эзэгтэй ас гуч нартайгаа гэхчлэн янз бүрийн хүмүүс цуглаж цай зооглонгоо төрөлх хэлээрээ ярих нь ярьж, сонсох нь сонсож, мэдсэн сурсанаа өөр хоорондоо хуваалцдаг ажээ. Халимагийн алдартнууд, тухайлбал кикбоксын дэлхийн цомын эзэн, ОХУ-ын хоёр удаагийн аварга Бат хаан хэмээх Бату Хасиков, КВН тэмцээний гурван удаагийн ялагч Сангажи Тарбаев, туульч Цагаан зам хэмээх Владимир Каруев, алдартай гитарчин Дмитрий Шараев энэ клубээр байнга ирдэг гэнэ.