
Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Гаддафигийн хүү Сайф аль-Исламыг шүүх хурал ирэх есдүгээр сард болох гэж байгаа тухай тус улсын албаны эх сурвалж мэдэгдлээ. Ливийн харгис дэглэмт удирдагч гэдгээрээ дэлхий нийтэд танил болсон Муаммар Гаддафигийн хүү Сайф аль-Исламын шүүх хурал болох гэж байна. Шүүх ажиллагаа түүний баривчлагдсан цагаасаа хойш хоригдож байгаа Зинтан хотын шүүхэд болох юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд Али Ашурын гаргасан мэдэгдэлд түүнийг санхүүгийн хээл хахууль, аллага, хүчирхийллийн хэрэгт буруутгаж байгаа тухай дурьдсан бай. Гаддафигийн эсрэг хөдөлгөөнийхөн Сайфийг баривчлахаас өмнө Олон улсын эрүүгийн шүүх түүнийг өөрийн эцгийн удирдлаган дор ажиллаж байх хугацаандаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж баривчлах шийдвэр гаргаж байсан билээ.
Ливийн шинэ эрх баригчид Гаддафигийн гэр бүлийнхэн болоод дэмжигчдийнх нь дэргэд Сайфийг шүүх гэж хичээж байгаа боловч хүний эрхийн ажилтнууд шүүн таслах ажиллагаа олон улсын стандартын дагуу явагдахгүй байж болзошгүй гэдэгт санаа зовниж байгаа аж. Түүнчлэн Сайфийн өмгөөлөгчид Ливи улсад явагдах шүүх ажиллагаа нь шударга болно гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлээд, Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд хандахыг хичээж байгаа.
Харин Ливийн эрх баригчид Гааг хотод төвтэй Олон улсын эрүүгийн шүүхэд Сайфийг шилжүүлэхээс татгалзаад байгаа юм.
Э.Индра