Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийн хүрээнд сүүлийн хоёр жилд уг салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хороод руу татах ажлыг зохион байгуулж ирсэн. Үр дүнд нь салбарын ажилчдын цалин 3 сая давж, 2024 онд 80 гаруй машин техникийн шинэчлэл, 2025 онд ч үе шаттай машин тоног төхөөрөмжийн шинэчлэл үргэлжилж байна. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн салбартаа анхаарч, улам хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргаар томилогдоод эхэнд хийсэн ажлуудын нэг нь хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл бөгөөд энэ хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээ, хоол, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, нохой, муур устгал гээд Захирагчийн ажлын албаны хариуцдаг олон ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн. Мөн төсвийг нь хороодод шилжүүлсэн. Намайг ажлаа авахад өвөл зам дээр давсаа хүрзээр цацдаг байсан. Хэд хэдэн удаагийн худалдан авалтаар хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилж нөхцөл байдлыг эрс өөрчилсөн. Энэ салбарын ажиллах хүч хомс байсан учраас цалинг нэмсэн. Тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл одоо ч үргэлжилж байгаа. Замын хажуугийн хашлага угаадаг, лаг хагшаасыг сордог машинууд ирж байна. Тэгэхээр одоо дүүргүүд хариуцсан ажилдаа эзэн болж ажиллахыг дүүргийн дарга нараас шаардана” гэв.
Сэтгэгдэл (3)