
АН-ын Зүүний хүчний холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлэх болсноо мэдэгдлээ. АН, ИЗНН, "Шударга ёс" эвслийн шинэ Засгийн газар төрийн албан хаагчдын эрхийг ихээр зөрчиж байгаа гэж тэд үзжээ. Өнөөдөр хот, хөдөөд нийт 161 мянган төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Харин ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын шинэ бүтцээс болж олон төрийн албан хаагч ажлаасаа халагдах болж, айдастай амьдарч байгааг хэллээ. Нэг засаг солигдоход төрийн албан хаагдыг ажлаас нь халдаг асуудал энэ жил улам хүрээгээ тэлсэн гэв. Мөн төрийн албыг цомхон болгож, төсвийн мөнгийг хэмнэнэ гэсэн тайлбар хэлж байгаа ч "төрийн" гэсэн тодотголтой үйлвэрүүдийг байгуулах гэж байгаа нь чанарын ялгаагүй гэсэн дүгнэлтийг Зүүний хүчний холбооныхон хийжээ. Тиймээс тус байгууллага Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнийг цаашид өрнүүлж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавина гэлээ.
Б.Баяр