Улсын нууц задруулсан хэргээр ШШГЕГ-ын харьяа Амгалангийн хорих буюу 421 дүгээр ангид хоригдож байсан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан магадлангаар суллагджээ. Тэрээр хоригдох хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, сайн хүмүүжигч байсан учир хорих ангийн удирдлага магадлангаар суллах тухай тодорхойлолт бичиж, прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн байна. Уг тодорхойлолтыг өнгөрсөн сарын сүүлээр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг суллах шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэрээр өнгөрсөн сарын 21-нд суллагджээ. Түүнийг улсын нууц задруулсан гэх хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-ээр зүйлчлэлийн дагуу “Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр анхан, дунд шатны шүүхээс оноосон ч Улсын дээд шүүхийн хурлаар эх орноосоо урваагүй гэж үзэн ялыг нь таван жил болгож хөнгөрүүлсэн юм.
Ц.Жаргалсайхан нь БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Д.Цахилгааны хүү юм. Тэрбээр 1990-1996 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины гадаад мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байсан. Үүний дараа “UB post” сонин байгуулан, 1998 оныг хүртэл эрхлэгчээр нь ажилласан. Харин 1998 онд ЮНЕСКО-гийн төсөлд ажиллах болжээ. Улмаар 2000 оноос УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагчаар ажилд орсон ба 2002 онд тушаал дэвшин УИХ-ын Тамгын газрын зөвлөх, 2007 онд дэд зэргийн түшмэлийн зэрэг, дэв хүртсэн юм.
Б.Чимэг



















































