МАН-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч, Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Сумъяабазарыг бусдыг залилан, их хэмжээний хохирол учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Түүнийг бусдын 350 мянган ам.долларыг залилсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Сумьяабазар Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2007 онд Н.Баттулга гэдэг хүнтэй бизнес хийж 700,000 ам доллар өгөхөөр тохирчээ.
Ингээд 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр тэрээр Н.Баттулгад 350,000 ам долларыг нь гаргаж өгсөн байна. Харин "Би үлдэгдэл мөнгөө танай хуурай дүүд өгөөд явуулчихсан. Тэр Бадраа гэгч залуугаас аваарай” хэмээсэн гэнэ. Гэтэл хохирогч эр Бадраа гэгч хүнийг огт таньдаггүй байжээ. Иймээс тэрээр цагдаагийн газар гомдол гаргасан байна. Уг гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг шалгаж эхэлсэн байна. Хэрвээ уг гомдол үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэх аж.
Б.Чимэг



















































